ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БАЙР СУУРЬ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр өгөх ёстой юу

O.Admin
8 цагийн өмнө

Ирэх оны эхээр орж ирнэ гэсэн яриа хэлцэл төдий байгаа Оюу толгойн 3 их наядын ногдол ашгийг хэрхэн хуваах тухай улс төрийн маргаан мэтгэлцээн ид өрнөж байна. Хэдийгээр энэ мөнгө орж ирэх эсэх нь эцэслэж шийдэгдээгүй ч зарим улстөрчид бэлнээр тарааж өг хэмээн улстөржиж, нэг хэсэг нь бэлнээр өгч болохгүй “Хуримтлалын сан”-д хийе хэмээн талцан хуваагдсаар байна.

Улс төрд өрнөж буй энэ "зодоон"-д Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл оролцож, “Эдийн засаг хэцүү үед энэ мөнгийг бэлнээр нь тараагаад өгчихвөл яадаг юм бэ” хэмээн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Учралыг Сангийн сайд З.Мэндсайхантай хамт дуудаж байгаад мэдэгдэв. Гэсэн ч энэ зөвхөн санал төдий бөгөөд Засгийн газар "бэлнээр тараахгүй" гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлээд байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүдийн кнопоор шийдэгдэх билээ. Ногдол ашгийг бэлнээр тараах ёсгүй гэдэг байр суурийг АН-ын гишүүд хамгийн олноор илэрхийлжээ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн энэхүү халуун сэдвээр хэн, ямар байр суурь илэрхийлснийг шүүрдэж үзлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: Оюутолгойн 3 их наяд ногдол ашиг мөн юм уу. Энэ мөнгийг жил бүр өгөх юм уу. “Рио Тинто” албан ёсны байр суурь илэрхийлсэнгүй. Нэг удаагийн төлбөр байх вий. “Онтрэ”-гийн хувьцааг өгчихсөн байх вий. Мөнгө орж ирвэл ард түмэнд бэлнээр өгч болохгүй. Оюу толгойгоос ногдол ашгийн мөнгө орж ирэх юм бол Баялгийн сангаараа дамжуулаад иргэдэд өмч, хувьцаа болгож өгөх нь зөв. Дэлхийн улс орны жишгээр л явах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Оюу толгойн ногдол ашиг эхлээд орж ирэх ёстой. Одоо байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа явах ёстой. Хуульд боловсрол, эрүүл мэнд, орон сууцтай болоход нь дэмжлэг хэлбэрээр зарцуулах гэж заагаад өгчихсөн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн сангийн хуульд ногдол ашгийг бэлнээр тараах тухай заалт байхгүй. Хуулийн хүрээнд л асуудал явна. Засгийн газар ч хуулиа дагана гэдгээ хэлсэн байна лээ. Хэрвээ бэлнээр өгөхөөр бол хуульд өөрчлөлт оруулна. Түүнийгээ сайтар хэлэлцээд УИХ руу оруулаад ир, гишүүд дэмжих үү, дэмжихгүй юу гэдгээ кнопдоод л гаргана.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгаа эхлээд Засгийн газар дансандаа ав. Авсны дараа хэрхэх вэ гэдгээ УИХ-аар ярилцаж шийднэ. Орж ирээгүй мөнгийг хуваах тухай ярих нь утгагүй. Нийтээрээ шаардаж эхлээд авцгаая. “Эхлээд Оюу толгойн ногдол ашгаа олж ирэхээр ажиллаж байна” гэсэн З.Мэндсайхан сайдыг дэмжиж байгаа. Орж ирсний дараа Үндсэн хуулийн 6.2, Баялгийн сангийн хуульдаа нийцүүлээд УИХ-аар хэлэлцэж, мэргэжлийн хүмүүсээ сонсож байгаад шийдэх нь зөв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Алаагүй баавгайн арьсыг арав хуваах”-ын үлгэрээр Оюу толгойн ногдол ашиг орж ирээгүй байхад л тараах тухай яриад эхэллээ. Эхлээд авцгаая. Дараа нь бэлэн мөнгөөр тарааж болохгүй. Төр гэж байдаг бол ажлаа хийгээд бэлнээр тараахын бурууг иргэдэд ойлгуулах ёстой. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд бэлнээр тараасан мөнгөөр бид станц, түгжрэл, агаарын бохирдлоо шийдчих байлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Элдэв зүйл ярьж сарниахгүйгээр Засгийн газарт Оюу толгойн ногдол ашиг авах хэлэлцээрээ дуусгах боломж олгоё. Хэлэлцээр дууссаны дараа УИХ эцэслэж шийднэ. Нэг удаа бэлэн мөнгө тараагаад ард түмнээ хуураад өнгөрөх бус дараа, дараагийн санхүүгийн хэрэгсэл болж ирэх төслүүдийг дэмжих нь зөв юм.  Оюу толгойн ногдол ашгийг бэлэн мөнгө болгож тараах нь сохор шийдвэр болно. Алсыг харж, нүдээ нээж ирээдүйд нийтээрээ үр өгөөжөө өгөх төсөл санхүүжүүлэх нь зөв юм. Засгийн газар төсөвт холихгүйгээр тусгай хавсралтаар оруулж ирснийг дэмжиж байгаа. Доторх төслүүдийг нь харин ярилцах ёстой.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Бид өмнө нь бэлэн мөнгө тарааж үзсэн. Гэхдээ баялгаа буруу ашигласан улс орнуудын жишээг давтаж болохгүй. Оюу толгойн асуудал дээр тухайн хүн төрийн хүн үү, улстөрч үү гэдэг ялгаа л гарч ирнэ. Хүнд таалагдахын тулд тэтгэврийн зээл тэглэе, татвар төлдөггүй байя гэж хэн ч хэлж чадна. Гагцхүү энэ зөв үү. Төрийн хүний зүгээс харж төр улсаа бодох уу, иргэдээс оноо авах улстөрч байх уу гэдэг өөр. “Хуримтлалын сан”-даа байршуулж улсаа хөгжүүлдэг Сингапур зэрэг улс орны туршлагатай төрийн мөнгөөр танилцчихаад тэр үзэл санааныхаа эсрэг явахгүй. Баялгийн сангийн тухай хуулиараа л явах ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Ногдол ашгийг Баялгийн сандаа төвлөрүүлж, иргэдийн нэрийн дансанд байршуулан эрүүл мэнд, боловсрол, ипотект зарцуулах хуультай. Энэ хүрээнд Засгийн газар санал асуулга явуулахад иргэд сандаа хийе гэж санал өгсөн. Миний хувьд ч “Хуримтлалын сан”-даа байршуулаад нийгмийн асуудлаа шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газрын өргөн барьсан төсөв иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх чиглэсэн. Тэгэхээр хуулиа баталчихвал цалин, тэтгэвэр үе шаттай нэмэгдчихнэ. Оюу толгойн ногдол ашгийг харин бэлнээр тараах нь зөв шийдвэр биш.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Оюутолгой ногдол ашиг хуримтлалын санд орох учиртай. Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх нь зөв үү, буруу юу гэдэг асуулга явуулж дампууруулж байна. Угаасаа 2030 оноос нааш хэрэглэж болохгүй хуультай. Тэр хуулиараа явах нь зөв.

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгаа Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу иргэндээ хувьцаа хэлбэрээр өг. Засгийн газар орж ирсэн татвараар нь цалин, тэтгэвэр, халамжаа тавих хэрэгтэй. Хувьцаа бол хөрөнгө юм. Хөрөнгөтэй хүн би юмтай хүн шүү гэж бардам амьдардаг. Гэтэл өнөөдөр залуусыг хар. Надад юу байгаа юм, юу ч байхгүй гэдэг. Хөрөнгөтэй хүн ирээдүйдээ итгэлтэй амьдарч чадна.  Ардчилсан нам 2008 онд анх “Эрдэнийн хувь” гэж ард түмэндээ өгч эхэлсэн.

Энэ нь алсдаа “Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэт”, “Салхит” зэрэг стратегийн ордуудаас иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх бодлогын эхлэл байсан юм. Энэ зарчмаараа л явах ёстой. Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск “SpaceX”-ынхаа хувьцааг америк хүүхдүүдэд нэг, нэг ширхэгийг өгөх гэж байна. 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцааг өгөх гэж байна шүү дээ. Тэр хүн юу харж байна вэ гэхээр америк хүн ирээдүйдээ итгэлтэй, өөрийн гэсэн хөрөнгөтэй байг гэж боджээ. Хувьцаа бол хөрөнгө байхгүй юу.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Үнэхээр ногдол ашиг мөн л юм бол аль, ямар аргаар авахыг хүсэж байгаа тэр аргаараа авах нь зүйтэй. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг авдаг аргаар шууд дансанд нь хийх нь зөв болов уу. Засгийн газар хоёр ялгаатай байр суурь илэрхийлээд байна уу даа. Цалин тэтгэвэр нэмэх нь ялгаагүй л инфляцийг өдөөж байгаа. Тэгэхээр бэлнээр тараасны дараа ч инфляцийг өдөөхгүй байхад анхаарах ёстой байх.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсонд талархаж байгаа. Тэр тусмаа Н.Учралын Засгийн газар хүчтэй байр суурь илэрхийлж, ногдол ашиг олгох боломж нээгдсэнд баяртай байгаа. Би ард түмний хүсэлтийг хүндэтгэх ёстой гэж үзэж байгаа. “2030 оныг чинь би хүлээж чадахгүй, байр авч чадахгүй учраас хувьцаагаа бэлнээр авчихмаар байна” гэсэн хүсэлтийг ахмадууд олноороо илэрхийлж байна. Өгье гэвэл арга нь олдоно. Янз бүрийн л арга хэрэгсэл бий. Ядахдаа л ахмадуудад эхлээд эрүүл мэндийн дэмжлэг зэрэг хэлбэрээр өгчихөд болохгүй юм байхгүй. Ерөнхийлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж байгаа.