ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Буянтүмэн: Х.Нямбаатарын хаяг, байршлыг тогтоолгох хүсэлтийг Интерполд тавьсан

O.Admin
29 минутын өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Э.Оюунболд, Хяналт шинжилгээ, дүн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн нар мэдээлэл хийлээ.

Х.Буянтүмэн дарга хэлэхдээ “Нийслэл хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ дагуу шалгаж үзээд өнгөрөгч тавдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлд зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Мөрдөх байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт тавьж, хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан.

Нийслэлд хэрэгжиж байгаа 24 төсөл хөтөлбөр түүний дотор Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг хөтөлбөрүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Нийт зургаан хэрэг бүртгэл нээгдсэн. Маш олон санхүүгийн баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан шалгаж байна. 200 орчим хүнээс мэдүүлэг авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах, санхүүгийн мөрдлөг явуулах, зөвлөмж дүгнэлт гаргуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсаар байна.

Нэг хэргийг шалгаж дууссан учраас шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлсэн. 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Туулын хурдны зам төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн ажил, бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалт зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг Орлогч Т.Даваадалайдаа шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад урьдчилгаа шилжүүлсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-д зааснаар хэрэг үүсгэсэн.

Албан тушаалтан Г нь хуульд заасан шаардлага үндэслэл хангаагүй учраас санхүүжилт шилжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн ч Нийслэлийн орлогч Т.Даваадалайд эрхийг шилжүүлсэн. Сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлсэн ч гадагшаа явсан бүртгэлтэй байгаа. Тиймээс Интерполд хандан хаяг, байршлыг нь тогтоолгож байна. Одоогоор Канад улсад оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Урьдчилгаа төлбөрт олгосон 500 тэрбумаас 339 тэрбумыг дансанд нь царцаасан. Мөн нийслэлийн ногоон бүсэд 352 сая төгрөгийн хохирол учруулсныг мэргэжлийн байгууллага тогтоосон. Сэлбэ дэд төвийн долоон багц ажлын хоёр дээр сонгон шалгаруулалт хийхдээ бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Х.Нямбаатар нь эдгээр төслүүдэд өөрийн хамаарал бүхий 20 гаруй иргэнд тендер олгосон байж болзошгүй хэргийг мөн шалгаж байна” гэлээ.