ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: АСЕМ-ын түншүүд, хөрш улсуудаа түшиж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-22

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний XII  уулзалтад оролцож байгаа билээ. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож,  “Ирээдүйг хамтран бүтээх нь,  АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавьсан юм. Ерөнхийлөгч  “Энд чуулж байгаа Ази, Европын уулзалт бол бидний үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшний хөгжлийн алсын хараа, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгэн чухал арга механизм гэдэгт бүгд санал нийлэх биз ээ. Түүний дотор 2016 онд болсон Дээд түвшний XI  уулзалтын “Улаанбаатарын тунхаглал”-д заасны дагуу АСЕМ-ын орнууд Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэх, уялдаа холбоог бүхий л хүрээнд хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд идэвхтэй хамтран ажиллалаа. Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёлын хамгийн том түншүүд нь АСЕМ-ын орнууд байдаг. Тиймээс эх газрын хатуу уур амьсгал, далайд гарцгүй  байрлал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл  зэрэг өөрийн орны өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад АСЕМ-ын түншүүд, хөрш улсуудаа түшиж тулан, олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.

Бид сүүлийн 10 гаруй жил, түүний дотор 2016 оноос хойш Монгол-Орос-Хятад гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, тодорхой хэлэлцээрүүдийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улстай худалдаа хийх боломж өсөн нэмэгдлээ. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төслүүд хэрэгжүүлж эхлэх, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх болон Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын үндэслэлийг хамтран судлах зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улс АСЕМ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сүлжээ байгуулахыг дэмждэг ба манай улсын санаачилгаар байгуулагдсан Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-өөр дамжуулан тус сүлжээний үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна” хэмээн итгэлдээ дурдав.  

 

ХБНГУ эко хотын төсөлд анхаарахаа мэдэгдлээ 

Мөн энэ үеэр  Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзсан юм. Энэ үеэр малын гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын технологиор боловсруулан БНХАУ гэх хөрш том зах зээл рүүгээ нэвтрэх боломжтойг дурдаж, Монголын залуу бизнесмэнүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар ярьсан байна.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар тодорхой танилцуулсан байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд хариуцсан эзэнтэй болгохоо мэдэгдлээ. Мөн эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болжээ. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг Канцлер анхаарч ажиллахаа мэдэгджээ. 

 

“Атилла” хааны музей байгуулахад хамтрах санал тавив 

Ерөнхийлөгчид Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан бараалхсан юм. Энэ үеэр Унгар улстай хамтран Монголд кино үйлдвэр байгуулах, шинэ эко хот байгуулах, тэр дундаа хотын усны хангамжийн чиглэлээр хамтрах, “Атилла” хааны музей байгуулахад хамтрах гэх мэт цөөнгүй асуудлаар санал тавьж ярилцсан  байна. Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж залуу үеийн төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсаас 200 оюутныг тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж байгаа талаар дурдаад энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн шинэ хот байгуулах тухай асуудлыг ирэх сард Унгар улсад болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дахин ярилцаж, тодорхой мэдээлэл авахыг хүссэн аж.