ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүлэглэлүүдийн эх орон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-18

Миний эх орон бүлэглэлийн орон болжээ. Яагаад вэ гэж үү, улстөрч болгон дор бүрнээ бүлэглэлтэй болчихсон юм билээ. Үүнийг би нотлоогүй юм. Харин улстөрчид өөрсдөө ярьсан, хэлсэн. Тэд ярилцлага өгөх, мэдэгдэл хийх бүрт бүлэглэлүүдийг онцолдог. Харин тэдгээр бүлэглэл нь нэг ч удаа ил гарч байгаагүй. Төрийн ордонд сууж байгаа улстөрч бүхний амнаас гардаг “бүлэглэл” гэх энэ үг үндсэндээ утгаа алдчихаад байгаа. Тэд хэрэгт холбогдохдоо бүлэглэлийн золиос болчихлоо гэдэг. Эсвэл хэн нэгнийг гүтгэхээр бол мөн л бүлэглэлийн гар хөл хэмээдэг.

Тэгвэл бүлэглэлүүд дотроо олон янз хувилбартай аж. Тухайлбал, том ордыг хувааж авахыг төлөө бүлэглэл байдаг. Эсвэл улс төрийн нам дамжсан бүлэглэл бас бий. Тэр ч байтугай жалга довны бүлэглэл, хууль хяналтынхныг атгасан бүлэглэл гэх мэтээр өөр хоорондоо ялгаатай. Гадны улс орнуудад байдаг мафи, якүза нарын тухайд толгойлогч нь ядахдаа олонд танигдчихсан, эсвэл тодорхой хэмжээнд ил гарсан байдаг гэнэ билээ. Харин манай бүлэглэлүүдийн толгойлогч нар үргэлж далд. Бас тэнд нь ямар гишүүд байдаг нь ч тодорхой бус юм. Б.Хурц, Н.Алтанхуяг хоёрын ярьсныг эс тооцвол энэ олон бүлэглэлүүд өнөөдрийг хүртэл эзэн биегүй бас, ил гарсан хүнгүй л ажиллаж байна даа. Элдвийн дүгнэлт, чимэг хачиргүйгээр Монгол байгаа бүлэглэлүүдийн талаар хэн юу ярьсныг уншигч танд хүргэе. Дүгнэлтийг ч бас танд үлдээе.

УИХ-ын гишүүн Л.Болд:
-Улс төрийн ороо бусгаа цагт бас л хоорондоо зөрчилдөж байгаа том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байгаа юм уу. Үнэхээр юу болоод байгааг мэддэг хүн ч байхгүй боллоо.
Эх сурвалж: “Өдрийн сонин”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Надад айх юм байхгүй, ухрах зам үгүй. Мафийн бүлэглэлийн эсрэг би тэмцэнэ.
Эх сурвалж: montsame.mn

Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг:
-Нам дамнасан цөөн хүний бүлэглэл төрийг он удаан жил барих, хулгай луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлж, найр тавин дамжуулах, нам гэдэг институцийг тоглоомын байгууллага болгох оролдлого хийсээр байна. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадгийг яг энэ цаг мөчид харж байна. Монголчууд бид хэдэн хүний бүлэглэлд хуваагдах биш, хуульд захирагдах ёстой.
Эх сурвалж: eagle.mn

УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
-Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Хууль, хяналтын байгууллагууд улс төрийн бүлэглэл, намууд, дарга нарт үйлчилдэг нь илэрч, түүнийг нь нураах гэхээр үхтлээ айж байгаа юм. Наад нам дамжсан бүлэглэл чинь тэр чигээрээ байгаа. Энэ бол зөвхөн эхлэл.
Эх сурвалж: news.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Үндсэн хуулиас давсан бүлэглэл эрх ашгаа тулгадаг байдлаас гарах цаг нь болсон. Хэт их шуналаас үүдэн улс төрийн бүлэглэлүүд тэмцэлдсээр байна. Би хаалттай хуралдаан дээр “Та нар хөрөнгөтний хувьсгал хийж чадахгүй бол пролетарийн хувьсгал зайлшгүй шүү” гэдгийг хэлсэн.
Эх сурвалж: olloo.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Оюутолгой, Тавантолгой харсаар байтал луйвар болсон. Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж чадаагүй. АН, МАН, МАНАН-гийн бүлэглэл хувааж идэж байна. “МАНАН” бүлэглэл Н.Энхбаяраас айж байгаа.
Эх сурвалж: Намынхаа хуралд хэлсэн үгнээс...

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
-МАНАН бүлэглэл гуравдагч хүчинд дургуй. Ихэнхийг нь хөл орохоос өмнө “хөнөөчихдөг”. Тухайлбал Хөдөлмөрийн Үндэсний нам, Эв нэгдэл Тусгаар тогтнолын нам гэх мэт. Тэдний шүдний өвчин бол МАХН болоод байна.
Эх сурвалж: dailynews.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Нефтийн үйлдвэр барих асуудлыг зөвхөн энэ удаа ярьж байгаа юм биш. Өмнө нь олон удаа ярьж, байршил нь ч олон удаа солигдож байгаа. Энэ үйлдвэрийг барихад эдийн засгийн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын өрсөлдөөн байдаг юм болов уу гэж хардаг.
Эх сурвалж: news.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурц:
-Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн машруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг.
Эх сурвалж: eagle.mn

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу:
-Бүлэглэл байна гэдгийг чинь бүгд мэддэг болчихсон. Тэрний фракци, бүлэглэл гэх мэтээр хэдийнэ мэддэг болчихсон. Цөөхөн хэдхэн олигархиудын гарт төр орно оо гэдгийг би олон жилийн өмнө хэлж байсан.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Ялалтын дараах албан тушаалын хуваарилалт, боловсон хүчний талаарх харалган бодлого, хэсэг нөхдийн увайгүй үйлдлүүдээс улбаалан нам дамжсан олигарх бүлэглэл цэцэглэн хөгжиж, энэ нь улмаар нам дотор ан цав үүсэхэд их нөлөөлсөн.
Эх сурвалж: zaluu.com

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хуйвалдааны бүлэглэлүүдийг ил болгомоор байна. Ил болгосноор тэдгээр бүлэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Нэгэнт л албан бус бүлэглэл фракц олширсон болохоор илчилж, таслан зогсоох зорилт тавьсан.
Эх сурвалж: ikon.mn