ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар тав, Н.Энхболд дөрөв, Б.Батзориг гурван удаа гадаадад томилолтоор ажиллажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-25

-Гадаадад яамны багийн хамт томилолтоор ажиллахдаа Н.Энхболд 101.4, Б.Батзориг 43.6 сая төгрөг зарцуулжээ-


“Монголын мэдээ” сонин яамдын “Шилэн данс”-аар шагайж, хурал, зөвлөгөөнд зориулж хэдэн төгрөг зарцуулсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад яамдын “Шилэн данс”-даа тайлагнасан сайдуудын гадаад томилолтын зардлын мэдээллийг шүүрдсэн юм.   “Шилэн данс”-ны мэдээллээс үзвэл  Барилга, хот байгуулалтын яам “Шилэн данс”-аа хөтөлдөггүй, зардал гаргасан талаарх мэдээллээ огт оруулдаггүй.  Мөн Хууль  зүй, дотоод хэргийн яам найм, есдүгээр сард гэрээ, хөрөнгө гаргах гэсэн нэртэй зардлын тайлан л оруулсан. Өөр бусад зарлага гаргасан, хурал, зөвлөгөөн зохион байгуулсан, гадаад, дотоодод томилолтоор ажиллуулсан тайлангаа “Шилэн данс”-даа оруулаагүй байна.

Яамдын “Шилэн данс”-аас харахад, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Зам, тээврийн хөгжил, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрчим хүчний сайдууд гадаад руу томилолтоор огт яваагүй аж.  Үлдсэн зургаан яамны сайд ямар нэг байдлаар гадаад руу томилолтоор явжээ. Дамшрамд дурьдахад, сайдууд гадаад руу томилолтоор явахдаа яамны газрын дарга, мэргэжилтэн гэх мэт 3-4, түүнээс ч олон хүн дагуулж явсан гэдгийг мартаж болохгүй. Батлан хамгаалахын сайд гэхэд Хятад улсад хийсэн айлчлалдаа эхнэрээ дагуулж явснаа “Шилэн данс”-даа тайлагнасан байна.   

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд найрамдах Герман улсын Берлин хотноо 2018 оны гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болсон “Ай Ти Би” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох зардалд 5.639.332 төгрөг зарцуулжээ. 

Батлан хамгаалах яам

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНЭУ-д хийх айлчлалын зардалд 26.414.100 төгрөг.  
Батлан хамгаалахын сайдын 2018 оны гуравдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Катар улсад хийх айлчалд 9.420.000 төгрөг.
Батлан хамгаалахын сайдын 2018 оны тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалд 31.411.600 төгрөг. 
Батлан хамгаалахын сайдын 2018 оны есдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд ХБНГУ-д хийх албан ёсны айлчлалд 34.155.533 төгрөг зарцуулжээ. 

Гадаад харилцааны яам 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Ерөнхий сайдын БНСУ-д хийх айчлалын бүрэлдэхүүнд багтаж, Солонгост айлчлахад онгоцны тийзэнд 1.1 сая төгрөг, зам хоногийн мөнгө 100 ам.доллар, Солонгост буудалд 1079600 вон. 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны нэгдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоход зориулж 4.850.000 төгрөг, 1450 ам.доллар, 50 Швейцар франк зарцуулжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 

Уул  уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар БНХАУ, Хонконг, Казахстан, Арабын нэгдсэн Эмират улс, Норвеги улсад ажиллаж, Швейцарын Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн чуулганд оролцжээ. Хэдэн төгрөгийн зардал гаргасан талаар хавсралтад мэдээлээгүй байна. 
Уул  уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцсон.  Зардлыг хавсралтаар мэдээлээгүй. 
Уул  уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит долдугаар хуралд оролцсон. Зардлыг хавсралтаар “Шилэн данс”-д мэдээлээгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Хонгконг улсад болсон “Инвест Монголиа-2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцсон. Зардлын талаар мэдээлэл “Шилэн данс”-даа оруулаагүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Өвөр Монголд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын зардлын талаар “Шилэн данс”-даа мэдээлээгүй. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, 13.627.088 төгрөг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, 18.920.444 төгрөг. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Ерөнхийлөгчийн Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, 11.128.300 төгрөг зарцуулжээ. 

Эрүүл мэндийн яам 

Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцсон. Зардлын талаар “Шилэн данс”-даа тайлагнаагүй.