ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хургандаа цадаагүй МАН-ын залуус төлгөндөө майлсаар...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-09

“Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлдаг” гэсэн ардын үг бий. Яг л тэр ёсоор МАН-аас УИХ-д суусан залуухан улстөрчид төлгөндөө майлна гэдэг л болж байх шиг. Залуу үедээ боломж олгодоггүй, өтөлж өвгөрсөн нам хэмээн олон ч төрлийн шинэчлэл, улс төрийн элдэв хөдөлгөөн өрнүүлсээр тэдгээр залуусУИХ-д гарч ирсэн юм. 

Гэвч хурга байхдаа цадаагүй гэдгээ төлөг болсон хойноо ойлгож, төрийн бүх л албан тушаал руу шунахайран зүтгэж байх юм. Зарим нь нам дотроо жигүүр байгуулж, авлигын эсрэг лобби бүлэг хүртэл үүсгэж үзлээ. Гэвч авлигаас ангид хэмээн зарлаж байсан залуу улстөрчид харамсалтай нь өөрсдөө авлига авчихсан, түүнийгээ банк бусаар дамжуулан угааж байсан гэх асуудалд нэр холбогдож байх жишээтэй. 

Хэдхэн сарын өмнө “60 тэрбумын хэрэг бол авлигын том хэрэг юм. Би энэ хэргийг шийдэгдэх хүртэл хуралдаа суухгүй” хэмээн дөвчигнөж байсан “төлгөн” улстөрч өдгөө түүнээсээ шал өөр зүйл ярьчихсан манаргаж явах аж. Магад ах нар нь албан тушаалын бялуунаасаа ахиухан хүртээчихсэн ч байж мэдэх. 60 тэрбумын хэргийнх талаар нэг ч ахиц дэвшил гараагүй байхад “УИХ бол ажлаа сайн хийж байгаа. Бид бол шударгаар ажилладаг” гэсэн утга бүхий тайлбар өгчихсөн, бараг л эсэргүүцэж давхисан улстөрчийнхөө өвөрт шургах шахуу өөр зүйл яриад манарч явна, тэр. 

Хаа байсан холын орноос, хамгийн том сургуулиасөвөртөлж ирсэн эрдэм нь нэг гараараа сэлэм болж, нөгөө гараараа хутгуур байхыг сургачихсан биш л байлтай. Цаашлаад, тэдний үг хэл, биеэ авч яваа байдал нь бүүр нэг пээдгэр. Парламентад тав суучихсан улстөрчөөс ч гарамгүй их зан цухалзана. Камерын өмнө гарч ирээд авсан зээлээ гавьяа мэтээр гайхуулна. Тэрийг чинь төлчихнө гэж сүрдүүлж ч байх жишээтэй. Цахим сүлжээг хаая бооё, хязгаарлая гэсэн дарангуйллын өнгө аястай үг дандаа МАН-ын залуу улстөрчдөөс гарна. Шүүмжлэл хүлээж авч сураагүй гэдэг нь эндээс илт харагдана. Өөрийнх нь бодит үнэнийг хэлсэн сэтгүүлчийг залуус л хууль, шүүхээр сүрдүүлнэ. Буруугаа ойлгож сураагүй, борвины баас нь арилаагүй гэсэн үг л дээ. Үүнийг нь нэг туршлагатай улстөрч “төлгөн коммунистууд” хэмээн оноож хэлсэн удаатай шүү. Аавтайгаа нас чацуу улстөрчийг худалч, хулгайчаар дуудах нь энүүхэнд. 

Тухайлбал, 20 гаруй хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдааны үеэр парламентад дөнгөж нэг сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Д.Тэрбишдагва гишүүнийг эгээ л үе тэнгийн үхэр хонь жилтэн шиг загнаж суусан юм. Үүнд нь бачимдсан Д.Тэрбишдагва гишүүн “Чам шиг далдгар бацаан олон юм яриад байгаарай. Чи бид хоёрыг ард түмэн ялгаж салгахтайгаа шүү” хэмээж, залуу улстөрчийг байранд нь тавьж билээ. Үнэхээр л Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан хоёрыг жингийн тухай дээр тавьчихвал муу нэртэй ч Д.Тэрбишдагва нь илүү жин дарна. Мөн Х.Нямбаатар гэх улстөрчийн ойворгон үг, доромжилсон үйлдэлд бухимдсан Б.Пүрэвдорж гишүүн ч “Төлгөн коммунист минь чамайг байранд нь тавьж чадна” шүү хэмээн бухимдаж харагдсан. 

Хэдийгээр Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар хоёр нэг удаа сонгогдсон гишүүд ч гэсэн хаа таарсан газраа үсчиж, хэлэх хэлэхгүй үгээр ах захгүй загнадаг улстөрчдөөс арай өөр гэдгээрээ Б.Пүрэвдорж нь жин дардаг. Парламентын хамгийн залуу улстөрч хэмээн цоллуулж явсан экс гишүүн Д.Гантулгыг ч Ц.Нямдорж гишүүн загнаж, хуралдаа сууж сураагүй хэмээн бухимдаж байсан удаатай. Энэ мэтээр МАН-ын залуу улстөрчид арай л дэндэж байна. Ш.Раднаасэд гишүүний амнаас дандаа хүчээр шалга, хорь, цагд гэсэн дарангуйллын үгс цухалзана. М.Оюунчимэг, Б.Амарзаяа гэсэн улстөрчид нь Улсын ерөнхий прокуророос эхлээд жирийн сонгогчдоо хүртэл загнаж зандарна. Ах захаа хүндлэх тухай ойлголт бүр эх адгаа алдсан. Гэтэл өмнөх үеийн МАН-ынхан хэчнээн диктатуртай байсан билээ. Энэ нь улс төрийн намын хамгийн том соёл болж төлөвшсөн байсан. УИХ-д хоёр удаа сонгогдсон Д.Арвин гишүүн хүртэл намын даргынхаа үгийг таслахгүй сонсдог ёсзүйтэй байсан юм шүү. Гэтэл өнөөдөр энэ танхимд сууж байгаа залуучууд нь “би та нарыг гуйж сонгогдоогүй” хэмээн сонгогчдоо загнаж байгаа. 

МАН-ын залуус начир дээрээ шударга ёсыг ярьдаг атлаа цаагуураа ямархуу хорчин, хор хутгагч байдгийг өнгөрсөн сард хуралдсан Нийслэлийн МАН-ын хурлаар намын гишүүд нь харин ч нэг харсан биз. Тэд эрх мэдэлд хэтэрхий их шунаж, түүндээ бүр донтчихлоо. Бяруу ч болоогүй атлаа бухын баасаар бааж, Төрийн ордонд орж ирснээ тэнгэрийн умдаг атгасан мэт сэтгэх юм. Ийм байж болохгүй ээ, найз нар аа. Албан тушаал зуурдынх, харин алдар нэр чинь үүрдийнх байдаг юм. Тиймээс үзэл бодол нийлэхгүй байсан ч төрийн танхимд ярихгүй үг, гаргахгүй үйлдэл байдгийг санаж яв. Ахмад үеэ хүндэлж сур. Та улстөрч байлаа гээд тангараг өргөсөн буурал хуульчаас илүү гэсэн үг огтхон ч биш шүү. Үгээ цэнэ, үйлдлээ ч бас хянаж яв. Залуу улстөрчдийн замын хүзүү урт. Энэ парламентад нэг суугаад хөөгдөх үү, эсвэл тав суусан улстөрч шиг зангарагтай түшээ болох уу гэдэг чинь та нарын үг хэл, үйл хөдлөлөөс харагддаг юм. Албан тушаалд хэтэрхий яарч, хүрч болох өндөрлөг рүүгээ хэтэрхий эрт дүүлэх тусмаа эргэж унах талбай чинь улстөрчийн зөөлөн суудал биш байх вий гэдгийг санаж, одоо майлахаа больвол яадаг юм бэ. Майлмаар байгаа бол ядахдаа л нэг зарчимтай, нэг үзэл бодолтой бай.