Эмч, сувилагч нар энэ сарын 8-нд жагсаал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Жагсаалд нийслэлийн болон орон нутгийн бүх шатлалын эмнэлгийн 8300 гаруй төлөөлөл оролцсон. Жагсаал зөвхөн нийслэлд биш орон нутагт ч болсон. Энэ удаагийн жагсаалын ихэнх оролцогчид сувилагч нар байсан юм. Тэд төрөөс гуйлга гуйгаагүй. Халамж өгөөч гэж нэхээгүй. Ердөө л хийж байгаа ажлынхаа ачаалалд таарсан цалин өгөхийг л шаардсан юм. Эмч, сувилагчид уг нь Засгийн газарт 72 цагийн хугацаатай шаардлага өгсөн ч одоог болтол шийдэлтэй хариу өгөөгүй. Аргаа барахдаа эмч, сувилагчид төв талбайд суулт хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхэлсэн суулт, тэмцэл одоог болтол үргэлжилж байгаа. Уг нь өнгөрсөн даваа гарагт Засгийн газраас ямар нэг байдлаар дорвитой шийдэл хэлэхгүй бол ажил хаяна гэж байсан ч одоохондоо хаясан юм алга.
Талбай дээр суулт хийж байгаа эмч, сувилагчдын төлөөлөл үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний дараа маш олон хүн эмч нар руу муу үгээр дайрч, “жадлав”. Яаж ийж байгаад улстөржүүлэх дайралтыг маш ихээр хийлээ. “Эмч нарын жагсаалын цаана Ерөнхийлөгч байна”. “АН-ынхан энэ жагсаалыг зохион байгууллаа”. “Намын хүн сууж байна”. “Үсээ хусуулсан хүн эмч биш Дорнговь аймгийн жүжигчин биз дээ”. “Эмч нарын жагсаал, хуульгүйгээр хүн алах эрхийн төлөөх жагсаал” гэх мэтээр харлуулсан. УИХ-ын гишүүд хүртэл эмч нарын цалинг нэмж болохгүй гэж эсэргүүцсэн. Ш.Раднаасэд гишүүн “Багш, эмч нарын жагсаал хийлээ гэж цалин нэмж болохгүй. Бусад нь жагсахаар тэд цалин нэмдэг юм байна гэсэн ойлголттой болно” гэж хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт “Эмч нар цалингаа голж болохгүй. Тангараг өргөсөн хүмүүс цалин голох биш ажлаа хийх ёстой” гэсэн утгатай үг ч хэлээд авна билээ. Эмч нарын суултад оролцсон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Уранчимэг 469 мянган төгрөгийн цалин авдаг. Хажуугаар нийгмийн, эрүүл мэндийн даатгалаас авахуулаад баахан шимтгэл төлдөг. Дээрээс нь цалингийн зээлтэй тухайгаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан.
Улсад 14 жил сувилагч хийгээд, өөрөө хавдартай болчихсон. Энэ бол Монголын сувилагчдын, эмч нарын байгаа үнэн төрх. Нийслэлийн том эмнэлгүүдийн сувилагч нар арай дээр цалинтай байх. Гэхдээ л эмч, сувилагчдын ажлын ачаалал ямар билээ. Хонон, өнжин ажиллана. Өвчтэй хүний цус нөж, өтгөн, шингэнтэй зууралдана. Тийм хэцүү ажил хийж байгаа сувилагч хүн яахаараа 500-600 мянган төгрөгийн цалинтай ажиллах ёстой гэж. Яагаад хурган дарга нар хэдэн саяар нь цалин авч байхад эмч, сувилагч нар тангараг өргөсөн гээд нойр хоолгүй, дусал цалинтай ажиллах ёстой гэж. Тэд цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцэх ёстой. Тэдний цалинг нэмүүлэхийн төлөө тэмцэх сэтгэлтэй хэн ч бай энэ жагсаал, суултад оролцох нь зүй ёсных биз дээ. Гэтэл ганц дусал цалингаа хоёр болгохын төлөө тэмцэж суугаа эмчийг жүжигчин гэж харлуулж, дайрч ч байх шиг.
Бүр эмч биш, жүжигчин байсан ч яадаг юм. Бүх жүжигчид ирээд эмчийн цалинг нэмэхийн төлөө жагсаж байсан ч улстөржүүлэх шаардлага байна уу. Суултад санаагаараа нэг хүн нэгдэхээр намынх гээд л дайрах юм. Өмнө нь хаана, юу хийж байсан нь чухал уу. Тэр хүн зөв зорилгын төлөө эмч нартай хамт сууж болохгүй юу. Хэн ч байсан, хэзээ нэг өдөр, ямар нэг шалтгаанаар эмчид үзүүлж, сувилагчаар тариулж, дусал хийлгэх л байх. Мах, цуснаас бүтсэн бол ханиад хүрээд, эмнэлэгт үзүүлнэ. Эмч, сувилагч цалингаа нэмүүлж яана гэж “жадалж” байсан хүн амь авраач гэж очихоо бас бодолцох л хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй биш, мөнгөтэй. Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийн дарга нарт 10, 20 саяын цалинг сард өгч чадаж л байна. Дэд сайд гэсэн байгаад нэмэргүй, байхгүй бол гарзгүй албан тушаал үүсгэчихээд, жилдээ хэчнээн төгрөг “цацаж” байгаа билээ. Тэдэнд өгдөг мөнгөө хэмнээд, эмч, сувилагч нартаа өгөөч. Фэйсбүүк, твиттерээр эмч нар руу дайруулсан, тэднийг муулсан, жагсаалыг улстөржүүлсэн бичвэр, зураг оруулуулж байхаар цалинг нь нэмээч. Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхдээ эмч, сувилагч нарыг багтаачихад болно гэж бодож байвал өрөвдөлтэй байна.