ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Иргэдийн хүссэн нь 20 тэрбум, тэдний “хуссан” нь 21 тэрбум

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-20

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд уучлал гуйж, Засгийн газарт хамаатай албан тушаалтнууд ажлаа өгч эхэлсэн.  Зарим сайд ажлаа өгөөд, суудлыг нь “бөглөх” хүнийг томилох гэж байна. Дээрээс нь дэд сайд, аж ахуйн нэгжүүдийн дарга нарыг ч үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцож эхэллээ. Шударга ёс албан тушаалтанд падгүй болсон өнөө цагт багахан ч гэсэн гэрэл тусаж байх шиг. Гэвч ЖДҮХС-г “тоносон” гишүүд, албан тушаалтанд уучлал гуйх, ажлаа өгөөд зүгээр өнгөрөх боломж олгох ёсгүй. Зүй нь хэрэг үүсгэж, шалгах ёстой юм. Зарим нь зээлээ төлчихсөн гээд байгаа ч одоо болтол баримтаа үзүүлээгүй л байна. Тэд ЖДҮХС-гийн жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг тэрбумаар нь авч байхад жинхэнэ үйлдвэрлэгчид банкнаас зээл авч аваад, хүүнд дарлуулж сууна. Монголбанкнаас хийсэн “Жижиг, дунд үйлдвэрлийн хөгжил, санхүүжилтийн байдал" түүвэр судалгааны дүн энэ бүхнийг хангалттай нотолно. Улсын хэмжээнд 83086 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагийн 53910 нь Улаанбаатар хотод байна.

Үүнээс 1922-ыг нь судалгаанд хамруулжээ. Улаанбаатар хотоос 891 үйлдвэрлэл эрхлэгч энэ судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийн 44 хувь нь нэг хүртэл, 30 хувь нь 1-5 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин 14 хувь нь 6-10, 10 хувь нь 11 дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулжээ. Энэ баримтаас харвал, Монголд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломж хомс гэдэг нь мэдрэгдэж байгаа юм.  Үйлдвэр эрхлэгчдийн 37 хувь нь худалдаа, 34 хувь нь үйлчилгээ, 21 хувь нь үйлдвэрлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Харин судалгаанд хамрагдсан нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 86 хувь нь 1-10 ажилтантай байжээ.  Мөн судалгаа авсан 1922 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 46 хувь нь буюу 884 нь жилдээ 50-499 сая төгрөгийн орлого олдог. Дөнгөж зургаахан хувь нь 500 саяас 1.5 тэрбум хүртэлх орлоготой байна.  Эдгээр үйлдвэр эрхлэгчдийн 49 хувь нь хувиараа ажилладаг бол 42 хувь нь ХХК хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хамгийн эмгэнэлтэй нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр санхүүжилт авсан эсэх судалгаанд оролцсон 1864 жижиг, үйлдвэр эрхлэгчийн 760 нь буюу 41 хувь нь хөрөнгө оруулалт авч. Харин 54 хувь нь огт санхүүжилт авч чадаагүй байна. Санхүүжилт авсан 760 үйлдвэрлэл эрхлэгчийн 76 хувь нь буюу 577 нь банкны өндөр хүүтэй зээлд хамрагджээ.  Таван хувь нь буюу 38 үйлдвэр эрхлэгч ББСБ-аас бүр өндөр хүүтэй зээл авч.

Тэгвэл хөнгөлөлтэй зээл буюу ЖДҮХС болоод бусад бага хүүтэй зээлд 12 хувь буюу ердөө л 91 үйлдвэр эрхлэгч хамрагджээ.  Хэдийгээр жүжиг, дунд үйлдвэр эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч байгаа хэдий ч судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн 78 хувь нь хугацаандаа төлбөрөө төлөөд явж байна.  Дахиад нэг сонирхолтой тоо дурьдая. Түүвэр судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 35 хувьд нь 10-49.9, 21 хувьд нь 50-99.9 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Үндсэндээ судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 56 хувьд нь 10-100 сая төгрөгийн л санхүүжилт шаардлагатай.  Хэрвээ 10-50 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд сангаас хөнгөлөлттэй зээл олгочихсон бол хэчнээн ажлын байр нэмэгдэж, импортыг орлох ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх байсныг тооцох аргагүй. Ганцхан жишээ дурьдахад, Архангай аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих холбоогоор дамжуулж   45 төсөлд 850 сая төгрөг хүссэн талаар өөрсдөө мэдээлж байсан. Хэрвээ 45 төсөл хэрэгжсэн бол шинээр 300-400 ажлын байр бий болох байж.  Тэгвэл 10-50 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 672 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч багадаа 1200 ажлын байр шинээр бий болгох байсан ойлгомжтой байна. Уг нь тэдний хүссэн зээл дунджаар 30 сая төгрөг байсан гэвэл ердөө л 20 тэрбум төгрөг байхад хангалттай байсан. Гэвч эрх мэдэлтнүүд өөрсдөө 950 сая, тэрбумаар хувааж аваад, ЖДҮХС-г хоосолчихож.  Хариуд нь ард түмэн асар үнэтэй уучлаарай гэдэг үгтэй л хоцорлоо.  

Одоогоор ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон, яаж ч гүрийгээд нэмэргүй болчихсон УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын ЖДҮХС-гаас авсан зээл 21 тэрбумыг давчихсан. Зарим эх сурвалж үүнээс ч өндөр тоо яриад байгаа.  Тэгвэл тэдний авсан 21 тэрбумаар бүхэл бүтэн 700-гаад үйлдвэрлэл эрхлэгчид шаардлагатай байгаа санхүүжилтийг нь олгож болох байж. Нэг аймагт хэрэгжүүлэхээр байсан 45 төслийг ганцхан гишүүнд өгсөн мөнгөөр хийж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл дээр нь босгох байлаа.  Энэ чинь л алдагдсан боломж.  Нэг гишүүн үхэр тэжээж, ферм байгуулахын төлөө 800, 950 саяар нь зээл авч байхад 700-гаад үйлдвэрлэл эрхлэгч ЖДҮХС-гийн зээлэнд хамрагдаж чадахгүй, тас цавчуулаад өнгөрч байж.  Аргаа барахдаа 577 үйлдвэрлэл эрхлэгч банкны жилийн 20 дээш хувийн хүүтэй зээлд хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлж. Ийм байхад яаж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, удаан хугацаанд оршин тогтнох юм.  Хэн импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх билээ.   Жижиг, дунд үйлдвэр улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэдэг гэдгийг дэлхий нийтийн жишээ харуулсаар.  Дэлхийн банкны судалгааны үр дүнд ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Харин манайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөл дээрээ тогтож амжилгүй зээлийн хүүд дарлуулан унаж байгаа. Үүний гол буруутан нь ЖДҮХС-гаас “хумсалсан” УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд. Тиймээс зүгээр нэг албан тушаалаа өгөөд, уучлал гуйгаад өнгөрнө гэвэл харамсалтай л байна. Тэд зүгээр ч нэг хэдэн төгрөг авчихаагүй, улс орон хөгжих боломжийг хулгайлсан.