ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт бүхэлд нь  тавьсан хоригийг дэмжсэнгүй билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос цөөн асуултад хариулт авлаа.

 

- Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй. Ямар шалтгааны улмаас хүлээж авсангүй вэ?

- Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас худлаа шалтаг хэлээд байна л даа. Д.Оюунхорол гишүүний ахалж байгаа ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгочихсон. Тухайлбал,  Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийсэн гэсэн үг. Сангийн яам хүлээн авч тухайн өдөр нь буцаагаад Засгийн газрын хуралдаанаар оруулахад болно.

-Яамдаас дахин санал авах уу?

-Шаардлага байхгүй. Ц.Мөнх-Оргил,  Н.Оюундарь нарын  ярьж байгаа зүйлс худлаа. Тэд ажлаа мэдэхгүй байна.

-Хэсэгчилж тавих боломжгүй байсан гэж ойлгож болох уу?

-Төсвөөс  аль нэгийг  сугалж аваад нөгөө талд нь оруулбал бүрэн нааш, цааш нь хөдөлгөж болох эрх чөлөө болдоггүй. Хаана хаанаас хасаж хаанаа нэмэхийг нь Ерөнхийлөгч хэлэх боломжгүй. Тэр бол Засгийн газар , УИХ  хоёрын ажил.

- 500 тэрбум төгрөгийг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юм уу?

-Үндсэн  шаардлага нь энэ шүү дээ. Уул уурхайгаас хараат болж жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө. Байнгын хорооны хуралдааны үеэр  гишүүд нэг зүйлийг буруу ярьж байна. 42 сая тонн нүүрс зарна гээд үнийн дүнг нь өсгөөд тавьчихсан. Үүнийгээ хамгаалаад байна. Хятад улс хоёр сар нүүрс авахаа болчихлоо, дэлхий даяар. Ирэх жил нүүрс худалдаж авах уу эсэх нь тодорхойгүй. Ийм байхад   энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрсийг илүү зарна гэж байгаа нь хорлож байна. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр энд бичсэн 11.1 таван их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Ирэх жил олон сая тонн нүүрс нь зарагдахгүй юм байна гэдгийг ойлгосон. Засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан юм. Ердөө хоёрхон санал  дутлаа.