УИХ-ын гишүүн С.Жавхлан МАН–ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй өнөөдөр өрөөндөө уулзсан билээ. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ыг тараах болон Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би дэмжихгүй. Улсаар минь хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Миний хувьд дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл хөндөлсөж хэвтэнэ. Сонгуулийн дараа нэгдүгээр ээлж хоолонд орсон. Дараа нь хоёрдугаар ээлж хоолонд орсон. Одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжийнхэн хооллох гэж байна. Би аль алийг нь дэмжихгүй. Миний үгийг нохой хуцсан дайтай ч авч хэлэлцдэггүй байсан. Гэтэл өнөөдөр өт батгана шиг шавж байгаад гайхаж байна.
-Таны кноп үнэд орж байна шүү дээ?
-Миний бүрэн эрхийн асуудал. Улс төрийн намууд миний байр суурийг сонсох гэж ирж байна. Надад мөнгө амласан зүйл байхгүй. Намайг тойроод л гүйлдээд байна. Ер нь хулгайч нар хоорондоо зодолдох тусам түмэнд ашигтай. Монголын төр рүү хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой хүн орж ирэхгүй байх ёстой. Монголын төр цэвэрших хэрэгтэй.