ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хайран ч улстөрчийн нэр хүнд, аядуу зөөлөн имиж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-29

-УИХ-ын дарга нь хурлаа орхин гарч, улстөрчид нь эрэн сурвалжлав- 

 

“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг УИХ-ын даргын суудлаасаа зуурсан УИХ-ын дарга М.Энхболд түмний шившиг болж дууслаа. Хайран ч улстөрчийн нэр хүнд. Хайран аядуу зөөлөн имиж. Уул нь “сүх далайтал үхэр амгалан” гэгчээр намын даргынхаа эсэргүүцлийг чимээгүйхэн харж суугаад өнгөрүүлчих болов уу гэтэл тийм байж чадсангүй, тэр. Өчигдөр Төрийн ордонд түүнийг эрэн сурвалжилсан улстөрчид дүүрэн байлаа. Гэтэл УИХ-ын дарга нь соошлоор Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг цагдаад өгч байгаагаа мэдэгдэж, бүтэн жилийн хугацаанд хуралдаагүй ёсзүйн дэд хорооны хурлыг хүлээж байна гэсэн тайлбар өгчихөөд хурлын танхимаасаа зугтаж алга болов. 

Дэлхийд анх удаа ийм зүйл тохиолдож байгааг Ж.Батзандан гишүүн хэл-ж байна билээ. Аргаа ядсан гишүүд нь чуулганы танхимдаа УИХ-ын даргаа хүлээж, зарим нь сэлфий хийж, нөгөө хэсэг нь танхимын гадна ар араасаа мэдэгдэл хийж, сэтгүүлчдийг бажгадуулав. Өглөө 10.00 цагаас эхлэн гишүүд нь тэвчээртэй хүлээж, үдшийн 18.00 цаг хүргэсэн бөгөөд, ажлын цаг дууссан учраас нээсэн чуулганаа хаахыг нь хүлээж суугаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг зэрэг нэр бүхий гишүүд М.Энхболд даргыг чуулганаа хаахыг шаардаж лайв хийсэн гээд УИХ-ын нэр хүнд, улстөрчдийн булай үйлдлүүд нь түмний элэг доог болж байна. Төрийн ордон улстөрчид нь хөл толгойгоо олохоо больж, түшээдийнхээ хөлийн хур-д, хийсэн мэдэгдлийг нь гүйцэж чадахгүйд хүрлээ, бид. Ингэж аргаа барах хэрэг байсан юм уу даа, М.Энхболд дарга аа. Авч болсон албан тушаалыг нэр төртэй өгчихөөд, Ц.Элбэгдорж шиг “Би олуулаа болоод эргэж ирнэ” гээд гараад явчихаж болно оо доо. Тэгсэн бол гоё харагдах байлаа. Зангарагтай улстөрч юм аа гэж түмэн олон магтах байв.

Гэтэл дэлхийн түүхэнд ч шившиг болох үйлдэл гаргаж, хүндээ хөнгөнөөс гэдэг нь болчих юм. Гарч зугтаж, гишүүд нь хайж, өөрөө соошлоор мэдэгдэл хийж, араас нь АТГ нь залруулга хийж байгаа нь арай л ичгэвтэр, шившигтэй зүйл биш гэж үү. Чин үнэнийг хэлэхэд УИХ тарах нь цаг хугацааны асуудал болчихож. Ийм арчаагүй, хошин шогийн хүмүүсээр төрөө удирдуулж, хууль батлуулж суух хэрэг байна уу. Бүтэн жил хуралдаагүй Есзүйн дэд хороо нь өчигдөр гэнэтхэн ухаан орж хуралдах гэж санаархав. Гэвч бүтсэнгүй. Хоёр талд гараад суучихсан улстөрчид нь хуралдаа орж ирсэнгүй. УИХ-ын нэг гишүүн нь хүчингийн хэрэг үйлдчихсэн байхад хуралдаагүй, УИХ-ын дарга нь төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалсан гэж яригдаж байхад ч Есзүйн дэд хороо хуралдаж байгаагүй юм. Тийн атлаа ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдсон улстөрчдийг хэлэлцэнэ хэмээгээд төрийн ажлыг таг гацаачихав. Хуралдаж болохгүй гэж огтхон ч хэлэх гэсэнгүй. Гэвч хуулиа мөрддөг УИХ нь хүчин хийсэн улстөрчдөө, 60 тэрбумын бүлэглэлийн толгойлогчдоо ч гэсэн эр бяраа гаргахгүй яасан юм бэ. Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалахаар ярьж, тэнд нь Төрийн гурван өндөрлөгийн нэг нь орж суусан гэдэг нь ЖДҮХС-гаас зээл хувааж авсантай ялгаагүй адилхан гэмт хэрэг юм. Тиймдээ ч хууль адилхан үйлчилж, УИХ-ын гишүүнийхээ ёсзүйгүй үйлдэл бүрт энэ дэд хороо хуралдаж байсан бол хүлээн зөвшөөрөх байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Шившиг гэдэг үг ч гоёдохоор үйл явдал энэ өдрүүдэд үргэлжилж байна. М.Энхболд дарга аа. Та Монгол төрийн бүх л албан тушаалд очиж үзлээ.

Төр түмний төлөө 28 жил зүтгэлээ. Дуусдаггүй шунал гэж байдаггүй юм бол ингэж аргаа барж, үйлээ үзэж суудалтайгаа зууралдах хэрэг байдаг ч юм уу. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ хэмээгээд ажлаа өгчихвөл болохгүй зүйл огт алга. Заавал Үндсэн хуулийн цэцэд асуудлыг хүргүүлж, УИХ-ын ажлаа таг гацааж, улстөрчдийнхөө өмнө, өөрийнхөө залуу үеийн өмнө ингэж онигоо болох хэрэг байсан ч юм уу. Эс бөгөөс У.Хүрэлсүхтэйгээ ширүүхэн тулалдаад гараад ир. Чуулганаа хуралдуулаад, Засгийн газраа огцруул. ЖДҮ бүлэглэлийг түлхэж унагаад, шударга үнэнийг яриад гараад ир. Тэр цагт олон л хүн таныг дэмжих байх. Гэтэл танхимаасаа гарч зугтаж, гэнэтхэн хууль хэрэгжүүлдэг хүн болж жүжиглэхээр огтхон ч гоё харагдахгүй юм. Угтаа, өмнө бичсэнчлэн үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болов уу гэж л харагдаж байх юм. Хүссэн ч эс хүссэн ч өнөөдөр УИХ хуулийн хүрээнд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой. Эс бөгөөс Үндсэн хууль зөрчсөн том асуудал босож ирнэ. Тэр цагт энэ УИХ байх уу, үгүй юу гэдэг асуудал сөхөгдөх учраас М.Энхболд та ажлаа хий. Чадахгүй бол дэд дарга нартаа ажлаа өгөөд, өөрөө ичээндээ орохоос өөр сонголтгүй. Монгол төрийн ажил гольдирлоороо явмаар байна. Улс төрийн эх захгүй хэрүүл, улстөрчдийн булхай луйвраа дуудалцсан тулаан дунд ард түмэн туйлдаж гүйцлээ. Малчид нь зудад нэрвэгдэж, хүйтний эрч улам чангарсан энэ үед Гүйцэтгэх засаглал нь огцрох, огцрохгүйгээ мэдэхгүй таавар тааж, УИХ-ын хуралдах, хуралдахгүйн мэдэгдэхгүй таг гацаж байгаа нь арай л хэтэрсэн үйлдэл биш гэж үү.