ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Бандааш”-ны асуудлаас “Засаг”-ийн асуудал хүртэл

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-16

Энэ удаа бүрдсэн УИХ бол өмнөх зургаан удаагийн УИХ-аасаа хамгийн их дуулиан шуугиантай, гишүүд нь хэрэгт төвөгт орооцолдсон, ёстой л есөн шид нь бүрдсэн УИХ болж байна. Хэдийгээр бүрэн эрхийн хугацааных нь гуравны хоёр нь л дөнгөж өнгөрч, хугацаа нь дуусах хараахан болоогүй ч өмнөх бүхий л УИХ-аасаа сүр дуулианы хувьд аль хэзээний даваад гарчихлаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар нэг намд буюу МАН-д хэт олонхын суудал ард түмэн өгсөн билээ. Эл 76 гишүүнтэй парламентын 65 суудлыг өгчихсөн гэхээр монголчууд бид нэг туйлшрахаараа сайхан туйлширдаг ч юм шиг. 

Нөгөөтээгүүр далд хуйвалдаан болох “60 тэрбум”-ын хэргийг үнэн гэж тооцвол МАН төрийн эрхийг маниасаа хулгайлааад авчихсан ч юм шиг сонин байдал бий болов. Ямартай ч 2016 оны сонгуулиар нэг намд эрх мэдэл төвлөрөхөд нь бид төр тогтвортой байх нь хэмээн нэг талаараа сэтгэл амарч байлаа. Харамсалтай нь энэ бодол дэндүү гэнэн бөгөөд гэгэлгэн байж гэдэг нь эдүгээ нотлогдож байна.

“Бандаашаа өмсөөд гарсан”

МАН-аас дэвшин Хэнтий аймгаас заларсан, мөн энэ их хурлын хамгийн залуу гишүүн болж орж ирсэн хүн бол Д.Гантулга. Харамсалтай нь гишүүн болсон жилийнхээ ой дээр айлд хонохдоо бандаашаа тайлснаас болоод эрүүгийн хэрэгт орооцолдсон. “Би бандаашаа өмсөөд гарсан” гэдэг алдарт үг нь афоризм, аль эсвэл хошин шогийн хэллэг болтлоо хөгжиж, эцгийнхээ овгийг “бандааш” хэмээх хочоор сольдог дээрээ туллаа. Хэдийгээр би “хүчин хийгээгүй” гэдэг үгийг хаа сайгүй хэлж байсан ч тэр нь харин тийм үнэмшилтэй байж чадсангүй. Ямартай ч иргэдийн хүчтэй эсэргүүцэл, улс төрийн үл тааварлах нөхцөл байдлын  доор тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөв. Түүний хүчээр гэх үү, гайгаар гэх үү энэ УИХ 76 биш 75 гишүүнтэйгээр үлдсэн хугацаагаа өнгөрөөх нь өнөөдөр тодорхой болоод байна.

Адуу үргэхэд илжиг хулжив

Дээр үед “Москва ханиахад Монголд найтаана” гэдэг хэлц үг байдаг байж билээ. Тэр үгийг санагдуулах мэт олонх болсон МАН-д нэг юм болохоор л цөөнх болсон АН-д нөгөө юм болдог жишиг энэ их хурлын үед тогтов. Сүүлийн үед МАН хоёр хуваагдаж хэрэлдэж, хоорондоо “чи, би” дээ тулан авалцаж байхад, хажууд нь АН яаж зүгээр байх вэ гэсэн  шиг зодолддог нь жишиг болов. МАН-ынхан гишүүдээ хөөх сургаар АН Ж.Батзандангаа хөөж, бүр сүүлдээ бүлэггүй хүртэл болоод амжив. Ер нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үнэн үг аж. За яах вэ 64 гишүүнтэй МАН тэхий дундуураа хугарч болдог юм бай. Есөн гишүүнтэй АН нэг хүнээ хөөж, нэг хүнээ тавьж тууж бүлэггүй болж болдог юм гэж бодоход хаа байсан ганц суудалтай МАХН юу ч билээ дээ. МАХН-аас дэвшин сон­гогд­сон ганц гишүүн О.Баасанхүү нь намынхаа их хурлыг Төрийн ордонд зарлаж, өөрийгөө намын­хаа даргаар нь тун­хаг­лаж байхад, зэрэг­цээд намын дар­га Н.Энхбаяр нь цир­кэд их хурлаа хурал­дуулж мөн л өөрийгөө дар­гаар сонгож байх жишээний. Цир­кэд л ийм юм үзэж болох байхдаа, уг нь. Хэвлэл мэ­дээл­лийн байгуул­ла­гаар бие биенээ хэмлэж муу­лахаа ч март­сан­гүй. Адуу үр­гэ­хэд илжиг хул­жив гэгчээр пар­ла­мен­тад суудалтай намууд бүгд ийн хуваагдав.

Сүх далайхад нам хуга

Ердөө нэг жилийн өмнө үнэмлэхүй ялж байсан МАН, ердөө нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдав. Цөөнх байсан намыг олонх болгосон М.Энхболдын дараагийн хүсэл нь Ерөнхийлөгч болох байсан ч ийнхүү чадсангүй. Харамсалтай нь ялагдсаныхаа горыг тэрбээр хэтэрхий их үнээр төлж байна.  Сонгуульд нам нь ялагдсантай зэрэгцээд УИХ-ын гадна байсан, өөрөөр хэлбэл, М.Энхболдын байгуулсан Засгийн шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх сэлмээ эргүүлээд ороод ирэв. Эхний ээлжинд “энэ Засаг намайг алах” гэж байна гэж дуулиан тариад өөрийнхөө харьяалагдаж байсан Ж.Эрдэнэбатын засгийг унагаад амжив. Дараа нь намынхаа даргад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлага тооцно гэж хэлээд өөрөө намынхаа дарга болоод авав. Үүнээс болж унасан гишүүд уураа гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэг тэхий дундуураа хуваагдсан юм. Хугалсан зэвсэг нь харин хүрэлээр хийсэн сүх байлаа. Ямартай ч өнөөдрийн байдлаар зөв сүхдсэн үү, буруу сүхдсэн үү мэдэх юм алга. Цаг хугацаа аяндаа харуулна биз. Ямартай ч намаа тэхий дундуур нь сүхдчихээд л байж байна. Өнөөдөр харин өнөөх муу М.Энхболдыгоо УИХ-ын даргын суудлаа тавьж өгөхгүй бол УИХ-ыг хуралдуулахгүй хэмээн “бойкотолж” сууна. Ажлаа нэгэнт эхэлсэн бол эцсийг нь үзэхээс яах билээ. Гэхдээ харамсалтай нь нэг намын асуудал Монголын зовлон болчихлоо.

“Жидүү”-тсэн засаг

У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар мордохын хазгай болжээ. Томилогдоод удаагүй байсан Зам тээвэр хөгжлийн сайд нь газрын дарга нараа солих гэж хэрүүл тариад, тэр нь үргэлжлэн хүн амины хэрэг болж, өөрөө ажлаа өгөөд өндөрлөв. Мөн байгуулагдаад удаагүй байхдаа л өөрийн засгийн газрын гишүүддээ болон УИХ-ын гишүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас толгой чацуулж байгаад зээл олгосон асуудал мандаж, олны дургүйцлийг төрүүлээд амжив. Өнөө тоо өссөөр өнөөдөр 30-руу дөхөж явна. Хэдийгээр засгийн газрын тэргүүн нь надад хамаагүй гэж байгаа боловч намынх нь зарим нөхөд У.Хүрэлсүхийн өөрөө сайд болохын тулд хийсэн ажил мөнөөс мөн гэж тайлбарлаж байна. Эл асуудлаас болж ЖДҮХС-гийн зээл хариуцдаг сайд нь огцорч, прокуророос өнөөхийг нь УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр санал оруулсан нь ч олонхоороо нүүрээ түлэн байж хамгаалан үлдлээ. Гэвч дахиад л ар араасаа “Жидүүтсэн” гишүүдийн нэр өдөр ирэх тусам ил болж, порукороороос ч нэмээд хэд хэдэн гишүүний эрхийг түтгэлзүүлэх санал оруулахаар болоод байна. Ядаж байхад өнөөх Зам тээвэр хөжлийн сайдынх нь оронд дөнгөж ирээд байсан сайд нь ч ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр мөн л ажлаа өгөв. ЖДҮ-ийн асуудлаас болж Засгийн газраа унагаах гэсэн оролдлого ч гараад амжив. У.Хүрэлсүх хамаг байдаг аргаа хэрэглэж байж, ийж айж авч үлдлээ. Нэг галыг нөгөөгөөр нь дардгийн үлгэрээр УИХ-ын даргыг огцруулах нэрийдлээр “Жидүү”-гийн асуудлыг өнөөдөртөө түр намжааж байна. Гэхдээ даравч далдайдаг, булавч булцайдаг юм гэж бий. Эцсийн эцэст У.Хүрэлсүхийн засгийн “по”-г нь түлхэх зүйл бол яалт ч үгүй “Жидүү”-лдээ.