ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шагнал, шинэ жил хоёроор мөнгө хийдэг МЗХ

O.Admin
2018-12-18

1921 оны ардын хувьсгалтай зэрэгцэн нэгэн байгууллага байгуулагдсан нь “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллага байлаа. Мөн л 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэгцэн өнөөх байгууллага зүсээ хувилгаж, нэрээ өөрчилсөн нь одоогийн “Монголын залуучуудын холбоо” юм. Түүх намтар өгүүлсэн, өнгөрүүлсэн хуга­цааг нь тооцох юм бол сүрдэж биширмээр энэ байгууллага эдүгээ харин яг юу хийдэг, ямар үйл ажиллагаатай нь тодорхойгүй байх аж.

Уг нь “Монголын Залуучуудын Холбоо нь ардчилсан зарч­мыг удирдлага болгож, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага мөн.

Залуучуудын Холбоо нь шинэ үеийнхний талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ түү­нийг хэрэгжүүлэхэд залуу­чуу­дын өөрсдийнх нь идэвх санаачилга, оролцоог чухалч­лан үзэж, энэ чиглэлд төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төв, орон нутгийн түвшинд гүйцэтгэж, залуучуудын талаар явуу­лах төрийн бодлогын хэрэг­жилтэд хяналт тавина” хэ­мээн үйл ажиллагааныхаа чиг­лэлийг тодорхойлсон байх юм. Гэвч өнөөдөр энэ­хүү байгууллагыг ямар үйл ажиллагаа явуулдгийг хэр баргийн хүн хэлж мэдэхээ байжээ. Их л сайндаа Залуучуудын холбоо гэдэг байгууллага “тэнд” байдаг гэж хаягийг нь хэлж, түрээсийн хэдэн байгууллагаар дүүр­сэн байшинг л заах юм. Залуу­чуудын эрх зөрчигдөж байхад залуучууд хэмээх нэрийг нь зээлдсэн байгууллага “таг” чимээгүй.

Залуус нь хөдөл­мөрлөж чадахгүй хүний нутаг зорьж байхад, тэдний эрхийг хамгаалж буй зүйл алга. Залуучуудынх нь гэр бүл салж сарниж, гэр орон эзгүйрч, архинд живж, ажилгүй болж байхад мөн л чимээгүй. Утаанд хордож, угаартаж, байхад ч дуугардаггүй, ийм л байгууллага байдаг аж. Залуучуудын талаар төрийн бодлого боловсруулахад оролцохоо больё гэхэд ядаж эрхийг нь хамгаалдаг бол аятайсан. Байгуулсныг нь бодохоор байгууллага гэж хэлж болохоор авч байгаа үгүй нь мэдэгдэхгүй үйл ажиллагааг нь бодохоор “байгууллага бус” гэж хэлж болохоор ч юм шиг. Их л сайндаа шинэ жилээр шилдэг залуу улстөрчид шалгаруулдаг сурагтай.

Ийм л байгууллага байна. Шалгаруулах ч юу байх вэ дээ, мөнгөө төлсөн улстөрч­дийг шилдгээр шалгаруулдаг, шинэ жилдээ оруулдаг байгууллага болон хувирчээ. Энэ жилийн зохион байгуулж буй шинэ жилийн баярынх нь хураамж гэхэд 50 мянга ч бус 100 мянга ч бус 555 мянган төгрөг гэнэ. Залуу төрийн албан хаагчийн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр шинэ жил зохион байгуулж мөнгө хийж сууна, тэр байгууллага. Мөн энд, тэндэхийн байгууллагуудад 

“Шилдэг удирдагч”, 
“Залуу удирдагч”, 
“Шударга ёсны алтан од”, 
“Эв нэгдлийн мөнгөн од”, 
“Амжилтын хүрэл од”, 
“Тэргүүний залуу”, 
“Төрийн залуу түшээ”, 
“Залуучуудын зүтгэлтэн”, 
“Тэргүүний залуу хуульч”, 
“Тэргүүний залуу сэтгүүлч”, 
“Тэргүүний залуу бизнесмэн”, 
“Тамирчны алдар”, 
“Тэргүүний малчин залуу”, 
“Цэргийн алдар”, 
“Тэргүүний сурагч”, 
“Тэргүүний залуу багш”, 
“Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, 
“Хөдөлмөрийн алдар”, 
“Тэргүүний залуу инженер”, 
“Эр зоригийн алдар”, 
“Уурхайчдын алдар”, 
“Залуу зохион бүтээгч”, 
“Тэргүүний тариаланч залуу”, 
“Тэргүүний хилчин”, 
“Тэргүүний залуу эмч”, 
“Тэргүүний оюутан” гэх мэтээр шагнал тарааж байна. Нэг амьсгаагаар тоолж барамгүй энэ олон шагналыг нэг бүрийг нь 33 мянган төгрөгөөр “зарж” сууна, тэд. Хэрэв тэмдгээ үрэгдүүлбэл 40 мянган төгрөг гэнэ үү, үнэмлэхээ гээгдүүлбэл 20 мянган төгрөг гэнэ үү ийм л журам боловсруулж суудаг газар юм байна, хөөрхий.  “Монголын Залуучуудын Холбоо нь ардчилсан зарчмыг удирдлага болгож, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага” гэдэг зорилготой юм билээ. Гэвч хаана байна, тэр зорилго нь. Залуучуудад ажлын байр, амьдрахад эрүүл аюулгүй орчин хэрэгтэй байхад түүнийг бус тэмдэг тараадаг, түүгээрээ амь зогоодог ийм л байгууллага байх юм. Залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх бодлого ярихын оронд шинэ жил баяр ёслол зохион байгуулж, улс төрд орох хүсэлтэй хүмүүсийн хэтэвчин дээр тоглолт хийж сууна. Хийж зохиож буй ажлууд нь ч “Андгай өргөх ёслол”, “Хайрын шүлгийн уралдаан”-аас хол хэтэрсэнгүй. Хаяа удирдлагууд нь гадаадад зугаалахаас гавьсангүй. Их л сайндаа сонгууль болохоор залуучуудын байгуул­лагын­хаа нэрийг ашиглаж “Хар”, “Цагаан” жагсаалт хэмээн дөвчигнөж, дуртай хүнээ цагаан болгож, дургүй нэгнээ хар болгож сууна. Монголын залуучуудын холбоо хэмээх эрхэм нэрийг шагнал, шинэ жил хоёроор худалдаж идсэн ийм л нэг байгууллага байна.