ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

#Угаартаж үхлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-19

Эрх барьж буй улс төрийн хүчин болох МАН-ынхан Төрийн ордны зодооноо Тус­гаар тогтнолын ордон­доо очиж өчигдөржин үргэлжлүүлэв. Хоёр том хамгаалалтын ком­панийн залуус, 200 боксчиноор өөрсдийгөө хамгаалуулчихаад улс төрийн сандал суудлын хэрүүлээ хийлээ, тэд. Тусгаар тогтнолын ордон руу ганган шил, гоёмсог ноолууран пальто угласан улстөрчид дулаан машинаасаа үсрэн буух дүр зураг өдөржин л соошлоор тарав. Улс орны чухал асуудал хэлэлцэж байгаа аятай хэвлэл харчихаад зугтаж, яриа өгөхгүй гэж цааргалах нь шившигтэй гэж. Харин яг энэ цагт дүүргийн хэд, хэдэн эмнэлэгт утаанаас болж уушгины хатгалгаа өвчнөөр хүндэрсэн жаалууд ар араасаа цувран ирэв. Тэд ганган машинаас буусангүй. Гоёмсог ноолууран пальто ч алга. Нойргүй хоносноос ядарсан ээжүүд, үзүүлэх ээлжээ хүлээн сууна. Хүн бүхэнд хүрч үйлчилж чадахгүйдээ сандарсан сувилагч, эмч нар дэмий л “Хүүе тэр наашаа, чи очероо хүлээгээч, хүүхдээ аваад дээшээ хэвтэхээр гар. Халууныг нь буулгамаар байна, хувцсыг нь тайл” гэх мэтээр команд өгнө. Нялх үрс нь завсаргүй ханиалгаж, халуурахыг тэвчин харж чадахгүй ээжүүд нулимс унагах нь байх ёстой зураглал мэт байлаа. Нэгхэн өдрийн дотор нийслэл хотод ийм хоёр дүр зураг ээлжлэв. Баянгол дүүргийн 1, 2 дугаар эмнэлэгт гэхэд л нэг өдрийн дотор буюу өчигдөр 313 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр иржээ.

Нэмэлт ор гаргаад ч нэмэргүй байгаа талаар дүүргийн Засаг дарга нь хэлж байх юм. Гэтэл Засгийн газар “Утааны голомтод байгаа ээжүүдийг тав хоног амралтад явуулна. Найман тэрбумаар тав хоног амраана” хэмээн доромжлоод авлаа. Утааны голомт гэдгээ тэд яаж тогтоов. Уушгины хатгалгаа, угаарт мансуурсан нялх үрс нь таван өдөр амралтад хэвтчихээр эдгэчихнэ гэсэн мэргэн санаа “сэлэмтэй” Ерөнхий сайдын санаанд орсон гэхээр л гомдмоор. Нялх балчир хүүхдээ чирсэн ээжүүд тав хоног амралтын газарт бөөнөөрөө чихэхэд юу болох вэ. Бөөн л вирус чирээд ирнэ, нэгнээсээ халдвар авна, бас шинээр өвчин нэмж авна. Ээжүүд нь ажлаа хэрхэх бол. Тав хоногийн цалингаа бодох уу, тав хоног амрах нь тэдэнд чухал уу гэдгийг бодож үзэв үү, Ерөнхий сайд аа. Эс бөгөөс энэ улсад онц байдал тогтоочих. “Амь амиа бодоорой” хэмээгээд бүх нийтээр хөл хорио тогтоож, улс даяар амраачихвал хөдөө байгаа аав ээж, ах дүү рүүгээ хүүхдээ аваад явчих чадал тэнхээ их хотын олон мянган иргэнд байгаа. Миний энэ санаа танд тэнэг санагдаж байгаа байх. Таны санаа ч бас түүнээс дутахгүй тэнэг байна. Ямар ч тооцоо судалгаагүй асуудлаар шоу хийж дуусаагүй юм уу. 2008 оноос хойш найман жилийн хугацаанд бид 550 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулжээ, гэвч үр дүн хаана байна. Улсын төсвөөс ээжүүдийг амраахад гаргах найман тэрбум төгрөгөөр өөрсдийнх нь мэдлийн амралтын газрын орлого нэмэгдэнэ үү гэхээс утаанд сульдсан хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн хувьд чанарын ялгаа огт гарахгүй ээ.

Голомтод байгаа 10 мянган балчир үрс, 10 гаруй мянган жирэмсэн ээжүүдэд ядахдаа энэ мөнгөөрөө агаар шүүгч аваад өгчих. Эсвэл хэдэн зуун айлын байрны урьдчилгааг бас шийдчихэж болно. Энэ мэтээр бодит ажил биш оноо авах, цаг хожих гэсэн арчаагүй бодлогоор утааны эсрэг тэмцэж байна, та бүхэн. Намдаа шударга ёсыг эрж, эв нэгдэл гэж попорч байх зуур ард түмэн чинь угаартаж үхлээ, Ерөнхий сайд аа. Таныг шударга ёс тогтоочихоод ирэхэд энэ улсад чинь амьд хүн үлдэхгүй байж ч мэдэх нь. Утаатай тэмцээд өгөөч, бид өвдөж, зовж бас угаартаж байна. Янданд спирал тавиулахгүй гэж эсэргүүцсээр авч үлдсэн 54 тэрбум төгрөг хаана байна вэ. Янданд битгий зориул гэсэн болохоос ард түмэн утаатай битгий тэмц гэж хэлээгүй, бас бид ч бичээгүй. Зөвхөн үр дүнтэй, яндангийн тоог цөөлөхөд зарцуул гэж бид бичсэн, бас ард түмэн хүссэн юм шүү. Ипотекийн зээлийн журмаа эргэж хар. Хүлээлтэд орсон түрээсийн орон сууцуудаа ашиглалтад оруулъя. Айл бүрийн янданг цөөлөхийн төлөө агаарлуулахад зар­цуулах найман тэрбумаа зориул. Цахилгааны тарифаа хөнгөл, үгүй ядахдаа л газаар халаалтаа шийдэх, эрдэмтдийн яриад байгаа дөрвөн уулаа сэтлэх зэрэг наад захын энгийн ажлыг хийчихмээр байх юм. Өөрсдөө чадахгүй бол олон улсад ил тод байгаа байдлаа зарласан ч болохгүй зүйл алга. “Монгол Улс утаанаас болж жилд 400 гаруй хүүхдээ хөнөөж, мөн тооны хүүхдийг гэдсэнд нь хөнөөж байна. 

Уушгины хатгалгаа өвчнөөр нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүллээ. Утаа бидний хөнөөх хамгийн аймшигтай зэвсэг боллоо. Тиймээс бид онц байдал зарлаж байгаа учраас улс орнууд тусламж үзүүлээч” гэсэн мэдэгдэл хийе, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч утааны асуудал, агаарын бохирдол, утаанд зарцуулсан төсвийн талаар УИХ-д хяналтын сонсгол хийх саналаа хүргүүлсэн. Харин энэ долоо хоногт буюу өчигдөр Хяналтын сонсголын тов тогтоох ёстой Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд ердөө гуравхан гишүүн иржээ. Байнгын хорооны дарга гишүүдээ хүлээж 30 гаруй минут суусан ч Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Байнгын хорооны гишүүн Д.Тэрбишдагва нараас өөр хүн ирээгүй юм. Уул нь энэ байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг. Харамсалтай нь тэд намынхаа хуралд илүү ач холбогдол өгч, утааны асуудлыг үл тоолоо. Төрийн ажил утаатай тэмцэх чиглэлд ингэж л явж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ ажлын хэсэг байгуулаад бүтэн жил болсон. Ё.Баатарбилэг гишүүний даргалсан энэхүү ажлын хэсэг “Яндангийн тоог цөөлөхийн тулд орон сууцны тоогоо нэм” гэсэн алдарт афоризм шахуу мэдэгдэл хийснээс өөр дорвитой санал гаргаагүй. Төр утааг ингэж бууруулжээ. Үе үеийн Засгийн газар ч утаатай тэмцэх нэрийдлээр мөнгө идсэн, хувааж хүртсэн.

Н.Алтанхуягийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Э.Бат-Үүл, Д.Баттулга нар нь янданд спирал тавиад бүтэлгүйтэж байв. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар ажилласан. Эдийн засаг хямарлаа гээд энэ бодлого үгүй болж байв. МАН-ын байгуулсан Ж.Эрдэнэбатын байгуулсан Засгийн газар шөнийн тарифыг тэглэх, шилжилт хөдөлгөөн хориглох, уурын зуухнаас татгалзах санал гаргасан ч энэ нь бодит ажил болсон нь цөөхөн. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар түүхий нүүрс хориглоно гэсэн ирээдүй цагийн хөтөлбөр, тав хоног амраана гэсэн “тэнэг” шийдвэр, 54 тэрбумаар янданд шүүлтүүр тавих мэргэн санаа л гаргав. Орон сууцны найман хувийн зээл үндсэндээ зогсонги байдалд орсон.

Харин “сэлэмтэй” Ерөнхий сайд, аядуу зөөлөн УИХ-ын дарга хоёр нь намынхаа зодоонд анхаарч, энэ улсын ганц зовлон нь Ардын намаас нэг нэгийгээ зайлуулах гэж ойлгочихоод хөөрцөглөж явах аж. Г.Занданшатар сайд аа, тун саяхан та утаатай танилцсан. Ерөнхий сайдаа өнгөрсөн жил маск зүүчихээд мөн л утаатай та танилцсан. Одоо ажлаа хийе, тэгэх үү. Сэлмээ утааны эсрэг бас эргүүлье. Шударга ёсны төлөө тантай хамт тэмцэх хүн үлдэхгүй болох нь. Тиймээс угаартаж үхэхээс нь өмнө биднийг авраач. Та утаагүй зуухтай танилцсан, утаатай гэр хорооллоор орсон, утаа гаргадаггүй айлд бас очсон. Бүр утаагүй зуухаа Төрийн ордонд оруулж тавиад харсан, судалсан. Утаа гэдэг дайснаа дарахын тулд уурын зуухнаас сална гэж амласнаа мартаагүй биз дээ, бид ч бас мартаагүй л явна шүү.