ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үнэнд гүйцэгдсэн гурван жил

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-25

-Төмөр замын гэх хэргийг шалгасан гэх мөрдөн байцаагч ажлын хэсэгт ч орсноо мэдээгүй явж байжээ-

“Төмөр замын” гэх тодот­гол­той хэрэгт гурван жил шал­­гуул­сан, Зам тээврийн сайд асан А.Гансүх сэтгүүлч Д.Мөнгөн­далайд өгсөн ярилц­лага олны анхаарлыг татаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллах болсноос хойш хэвлэл мэдээллээс зай бариад байсан тэрбээр өөрөө болон Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогддог “шинэ төмөр зам”-ын хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байх юм. Угтаа хэрэг эцэслэн шийдэгдсэн учраас үнэн мөнийг олон нийтэд ойлгуулах нь зөв гэж шийджээ. Хэрэг анхлан яаж эхэлсэн, БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн Солонгос захиралтай өөрийг хамаатуулах гэж оролдсон асуудал, хууль хүчний байгууллагынхан хэрхэн зохион байгуулалттай ажиллаж, гэмт хэрэгтэн болгож харагдуулах гэж ажилласан талаар гээд өнгөрсөн хугацаанд тодорхойгүй байсан олон зүйлийг илчлэв.

Хэрэг явдлыг эргэн сануулвал, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хамаарал бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн байдаг. АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг одоогоос яг гурван жилийн өмнөх энэ өдөр /2015.12.25/ хэрэг үүсгэсэн гэдгээ мэдэгдэж байлаа. Шороон далан барихад 280 гаруй сая ам.доллар үрсэн гэх энэхүү хэргийг зохион байгуулалттай сэвэх ажил ч эрчимтэй явж байсан юм.

Тэгвэл энэ бүхний цаана улс төрийн мафийн бүлэглэл буюу УИХ-ын гишүүд бүрийн амнаас унах болсон нам дамжсан МАНАН бүлэглэл байсныг тэр илчлээтхэв. Өөрсдийнх нь эрх ашиг, өөрсдийнх нь компани төмөр замд эзэн сууж чадахгүйд бухимдсан учраас ажлыг эхлүүлсэн баг хамт олныг хэрэгт унагах, зохион байгуулалттай гүтгэх ажлыг гурван жил хийсэн хэрэг. Тэрбээр, “АН, МАН гэдэг хоёр гол нам дамжсан “МАНАН” гэж нэрлээд байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэл Монгол Улсад өөрсдийн хяналт, ноёрхолыг тогтоох зорилготой байсан.

Одоо ч энэ зорилго нь хэвээрээ… Ер нь 2010 оноос хойш УИХ-аар баталсан хөгжлийн бүх бодлогыг хууль хяналтын байгууллагыг ашиглаж, эрүүгийн хэрэг үүсгэн зогсоосон. Нийт экспортын 50 хувийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн баяжмалыг гартаа оруулж улс оронд өөрсдийн эдийн засгийн хяналтыг тогтоох, байнга төвийг сахих статус гэдгээр гадаад ертөнцөөс тусгаарлаж бүлэглэлийн улс төрийн хяналт тогтоох үйл ажиллагаа явуулсан.

Тиймээс “МАНАН” гэх бүлэглэл стратегийн ач холбогдолтой, төрийн өмчийн орд болох Таван толгойн нүүрсний орд, шинэ төмөр замыг өөрийн болгон авахад нь саад хийсэнд өс санаж, биднийг гэмт хэрэгт гүтгэн зайлуулж байгаад авах үйл ажиллагаа зохион байгуулсан” хэмээв. Түүний ярилцлагад энэ мэт олон ноцтой зүйлс байна. БНСУ-ын иргэдтэй хуйвалдсан мэтээр шалгасан, эцэст нь хамааралгүй болонгуут албан тушаалын гэх шинэ хэрэг нэмсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга /Тухайн үед УИХ-ын гишүүн байсан/-тай энэ хэргийг хамаатуулахын тулд “Та хоёр нэг фракци шүү дээ” хэмээн “тэнэг” асуулт тавьж байсан гэх.

Хамгийн ноцтой нь түүнд зориулж үүсгэсэн 250 хуудастай 109 хавтас материалтай “шинэ төмөр зам” гэх хэрэгт АТГ-ын нэг ч мөрдөн байцаагчийг томилоогүй, тэр ч байтугай хэргийг шалгасан гэх АТГ-ын Мөрдөн байцаагч нь өөрийнх нь нэр хавтаст хэргийг шалгасан ажлын хэсгийн дунд байгааг мэдэхгүй явж байжээ. Хэрэг анхнаасаа зохион байгуулалттай, мөнгө угаасан, шамшигдуулсан асуудал байхгүй гэдгийг АТГ-ын мөрдөн байцаагчид мэдэж байсан учраас хэрэг үүсгэхээс татгалзсан хэрэг.

Гэтэл ЦЕГ-ын албан хаагчид энэ хэрэг дээр зохион байгуулалттай ажиллаж, өөрийнхөө хүнийг АТГ-ын Мөрдөн байцаах тасгийн даргаар томилчихоод АТГ-ын мөрдөн байцаагч нарыг хэргийг шалгасан мэтээр харагдуулж байсан гэдгийг ч хэлчихлээ. Энэ бол маш ноцтой асуудал. Төрийн албан хаагчийн нэрийг ашиглаж, түүнийгээ зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглана гэдэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс хууль хүчний байгууллага үнэний талд зогсдог бол энэ асуудлыг шалгахад ч гэмгүй билээ. Ерөөс энэ хэрэг анхнаасаа улс төрийн зорилготой байсныг олон хүн хэлдэг.

Далан барьчихсан ажлыг нь хоёр ч сайд очиж үзсэн, ажил хийснийг нь хүлээн зөвшөөрсөн. “МТЗ” ХК авсан мөнгөндөө таарсан ажлаа хийснийг МАН-ын Засгийн газрын үед ч хүлээн зөвшөөрч байлаа. Гурван жил залхтал нь шалгахдаа гуравхан л удаа байцаалт авсан гэдэг. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нь хүртэл “Таныг шалгах гээд юм олдохгүй юм. Мөнгө идсэн уусан зүйл алга болохоор би юу хэлэх билээ” хэмээгээд дээшээ заасан гэх яриа ч бий. Харин дээр суусан дарга нь “Заавал хэрэг үүсгэ. Дахиад эхнээс нь шалга. Ямар нэг аргаар А.Гансүхийг хэрэгтэн болгож харагдуул” гэсэн үүрэг өгөөд сууж байсан тухай ч ам дамжсан яриа гарч байв.

Тэгвэл энэ бүхэн үнэн байсныг, улс төрийн зорилготой үүсгэсэн хэрэг үнэнд гүйцэгдсэнийг А.Гансүх ярилцлагаараа нотлов. Төмөр замын далан барих ажилд зарцуулсан тэр мөнгөнөөс өөртөө болон өрөөлд 10 төгрөг ч өгөөгүйг шүүх эцэслэн тогтоочихов. Гэхдээ одоо түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй гэх хэргээр шалгасан хэвээр байгаа юм. Харин энэ бүхний дараа өнөөх бүлэглэл дахиад л ажиллаж эхэлсэн нь харагдаж байна.

“Х.Баттулга албан тушаалаа ашиглаад өөрт хамааралтай хэргээ хаалгачихлаа, А.Гансүх өндөр албан тушаалтай учраас хэргээ хэрэгсэхгүй болгож дөнгөлөө” гэх мэтээр “цуурч”, ийм утгатай нийтлэл, мэдээ мэдээлэлд ч мөнгө харамгүй цацаж байх шиг. Гэвч энд нэг зүйлийг онцлоход, хуулийн байгууллагыг хүслээрээ удирдах эрх Ерөнхийлөгчид байдаггүй билээ. Бүр даргыг нь томилох ч эрх мэдэл байхгүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад ч тийм эрх байхгүй. Харин хууль хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор төдийгөөс өдийг хүртэл ашиглах эрх тун цөөхөн хүний гарт өнөө хэр байсаар байгааг энд онцлох нь зөв байх. Тиймдээ ч үнэнд гүйцэгдсэн МАНАН бүлэглэл дахиад өөр нэг хэрэг үүсгэхээр, өнөөх шударга бусын хонгил руугаа чирч орохоор санаархаж суугаа биз ээ.