Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ.
Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа.
Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна.
Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо. Монгол Улсын түүх нэгэн оноор нэмэгдэв.
2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.
Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий. Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.
Мянганаар өртөөлсөн төрийнхөө голомтыг энэ цаг үед бадраагчид бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ эдүгээ бүтээж байна.
Mиний бие он солигдох энэ алтан агшинд, хүндэт ард иргэд, дэлхий даяар суурьшсан Монгол туургатнууд Та бүхэндээ,
Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад,
Тив дэлхийд энх тайван тогтоох үйлсэд хүчин зүтгэж буй Энхийг сахиулагч дайчдад,
Эх орноо төлөөлөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олон, нийт ард иргэд Та бүхэндээ
Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хоёр мянганы түүхтэй Монгол төр өнө мөнх хүчирхэгжин мандаж, Монгол түмний хийморь заяаг ивээн бадраах болтугай!