ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Өвөрхангай аймагт төрийн алба ургийн мод шиг болсон”

O.Admin
2018-05-28

Томилолт гэдэг сэтгүүлч хүний хувьд хэзээнээсээ л очсон, үзсэн газар орны тухай уншигчиддаа шинэ содон мэдээ, мэдээлэл хүргэх сайхан боломж байдаг билээ. Харин “Монголын мэдээ” сонины сурвалжлах баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагаж, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллахаар болов. Ийнхүү томилолтоор ажилласан аяныхаа богцын эхний хэсгийг  уншигчид та бүхэндээ задалъя. 

Хуваарийн дагуу Х.Баттулга Ерөнхийлөгч хагас сайн буюу 26-ны өдөр 19:00 цагт Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт нутгийн ард, иргэдтэй уулзах товтой байсан юм. Гэсэн хэр нь үдийн 13:00 цаг болж байхад Сүхбаатарын талбай зохиогдож буй номын өдөрлөгт очин, талбайн асруудаар орж, ном худалдан авсан шиг явж байлаа. Орон нутагт хүлээх нутгийн удирдлагууд бүү хэл томилолтоор хамт явах сэтгүүлчдийн хувьд ч “өнөө орой 420 км-ийн чанадад уулзалттай бил үү, үгүй бил үү” хэмээн эргэлзэхэд хүрч байсныг нуух юун. Ийнхүү бид их үдийн хойно Өвөрхангайн зүг хөдлөв.

Эдүгээ Ерөнхийлөгчийн албыг хашч буй  Х.Баттулгын хувьд төдийлөн олон тооны машин техник, хүн хүч дагуулсангүй, цомхон багтай орон нутгийг зорьсон нь энэ. Өмнө нь 20 аймаг, есөн дүүргээр явахдаа ч өдий тооны бүрэлдэхүүнтэй явсан гэдгийг өмнө нь аймгуудаар хамт явсан цөөн хэдэн сэтгүүлчдийн амнаас сонсов. Өнөөх л өмнөх Ерөнхийлөгчид шиг сүр бараа, олон тооны хүн хүч, машин техник болдог шиг л бодсон маань эндүүрэл ажээ. Ийнхүү явсаар Өвөрхангай аймгийн хилийн дээс дээр аймгийн Засаг дарга, нутгийн удирдлагууд тосон авч Ерөнхийлөгчийн цуваанд нэгдсэнээр цааш хөдлөв. Энд нэмээд дурьдахад, Өвөрхангай аймаг нийт нутгаар бороо хур бага, гантай байгаа аж. Замын хоёр талаар хаа сайгүй л үхсэн малын сэг, зэм хөглөрнө.

Мөн Арвайхээрийн зүг ойртох тусам засмал зам муудах нь яс маханд мэдрэгдэнэ. Бид явсаар уулзалт болох товлосон цагтайгаа уралдан Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд ирлээ. Аймгийн төв талбайд Цэргийн хүрээ хүндэтгэн угтаж, харин хажууханд нь байх театрт нутгийн иргэдтэй хийх уулзалт, цагтаа эхлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга “Би жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа та бүхэнд ард иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амлаж байсан. Тиймээс 21 аймаг, есөн дүүргээр явж иргэдтэйгээ уулзан, та бүхний дэвшүүлж байгаа санал, санаачилга, шүүмжлэл бүрийг сонсч УИХ, Засгийн газарт буюу шийдвэр гаргах төвшинд хүргэхээр ажиллах болно” хэмээн хэлснээр уулзалт эхэлсэн юм. Түүний дараа ард иргэдийн хүсэлт, санал, гомдлыг сонсов.

Тухайлбал, Өрөвхангай аймгийн Арвайхээр сумын иргэн н.Ихбаяр “Монгол орны өрсөлдөх чадварын индекс буурчээ. Хамгийн сүүлийн судалгааг харахад,  10 функцээр буурсан байна. Харин манай аймаг энэ индексээр 18 аймгаас 15-д явж байна. Тиймээс аймгийн удирдлагуудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх асуудалд анхаараарай гэж хэлмээр байна. Мөн манай аймагт өвөл болохоор агаарын бохирдлын асуудал яригддаг. Гэвч, энэ асуудлыг бид одоо ярих ёстой. Бид Улаанбаатарын утааг мэддэг. Үүн шиг Өвөрхангай аймгийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ агаарын бохирдлыг дагаад бизнес яваад байна уу гэж хардаг.

Улаанбаатарт ямар байгааг мэдэхгүй ч манай аймагт бол утааг дагасан бизнес бий. Би энэ асуудлаар АТГ-т хандах болно. Төрийн албаны томилгоог анхаармаар байна. Төрийн алба гэр бүл шиг болсон, бүр ургийн мод шиг хөгжүүлсэн аймгуудын нэг нь манайх болоод байна” хэмээсэн юм. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын долдугаар багийн иргэн н.Ганболд “Ард иргэдийн амьдрал улам бүр доройтож байна. Саяхан манай аймагт Ерөнхий сайд ирээд буцсан. Ирэх сургаар нь зах хааж, захын гадна наймаа хийдэг хүмүүсийг хөөгөөд явуулчихсан. Наймаачид, таксичид мөрөөрөө л ажлаа хийгээд, амьдралаа залгуулах гээд явж байгаа хүмүүс. Мөн сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа нэг асуудал байгаа нь ажиллах хүчний асуудал болоод байна.

Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байхад Хятадаас л ажилтан аваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Хууль тогтоогчид энэ байдлаа харж, хуулиа батлахдаа ч гэсэн хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын чуулганы хуралдааныг хараад сууж байхад 76 гишүүний тал суугаад л тэднийх нь 50-иас дээш хувь нь хуулиа баталчих юм. Ийм маягаар батлагдсан хууль Монгол Улсын хууль байж чадах юм уу” гэж бухимдангуй өгүүлж байлаа. Нийт 30 гаран хүн микрофоны өмнө санал хүсэлтээ өөрийн биеэр хэлсэн бол мөн Ерөнхийлөгчид хаягласан санал, хүсэлтээ танхимд цугласан иргэд бичгээр өгч байсан юм. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
 

Тус уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн шинж чанартай асуултад хариулж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн юм. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болтлоо ус бохирдсон байна. Тиймээс Орхон голын бохирдлыг цэвэрлэх, хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг хүслээ. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн орон нутгийн чанартай автозамын чанар муудсан тул сүүлийн жилүүдэд авто осол ихээр гарч иргэдийн амь нас хохирох болжээ. Тиймээс орон нутгийн замыг ойрын хугацаанд засч, сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Мөн аймгийн Засаг дарга агаарын бохирдол Улаанбаатарын араас орохуйц хэмжээд хүрч нэмэгдсэн талаар хэлээд хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа гэсэн. Ийнхүү гурван цаг шахуу үргэлжилсэн уулзалт өндөрлөж, дараагийн уулзалт болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын зүг хүлгийн жолоо залсан юм.