ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүхийн “хорхойтой” хоёр шүд

O.Admin
2018-04-30

Даваа гараг: УИХ дахь АН-ын бүлэг хуралдав. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж буй хоёр сайд хууль зөрчсөн. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар хуулиа зөрчсөн, мөн уул уурхайн ордтой нэр холбогдсон асуудлаар АТГ-т шалгуулж байна. Тэднийг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна гэх мэдэгдэл хийж, улмаар саналаа хүргүүлжээ.

Лхагва гараг: “Хуульзүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлч­дийг тагнажээ. Тэр есөн сэт­гүүл­чийг тагнаж, ар гэрийн­хэнд нь хүртэл гүйцэтгэх ажил­лагаа явуулсан байна” гэх мэ­дээлэл соошл орчинд эр­чим­тэй тархаж эхлэв. Ул­маар пүрэв гарагт Нийс­лэ­лийн прокурорын газраас сэт­гүүлч­дийг тагнасан гэх цаг­даа­гийн албан хаагчдад хэ­рэг үүсгэсэн гэдгээ мэдэгдлээ.

Баасан гараг: УИХ-ын чуул­ганы хуралдаанаар Ч.Хүрэл­баатарын хууль зөрчсөн эсэх асуудлаар мэтгэлцээн өрнөв. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Ч.Хүрэлбаатарыг хууль зөрчсөн гэх баримтуудыг ар араас нь дэлгэлээ.

Мөн МАН-ын гишүүн Ж.Мөнхбат хууль зөрчсөн ноцтой алдаа гаргасан гэх ярилцлага өгсөн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр сайдаас гадна С.Чинзориг сайдын хууль зөрчсөн ноцтой асуудлыг ч илчилнэ гэдгээ мэдэгджээ.

...Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн эдгээр үйл явдлаас уншигч та У.Хүрэлсүхийн танхимд хөдөлгөөн хийгдэх нь гэдгийг ойлгосон биз. Хуульзүй, дотоод хэргийн сайдынхаа хууль бус үйлдлийг хуулийнхан нь илрүүлж, Сангийн сайдын хууль зөрчсөн баримтуудыг АН, МАН-ын улстөрчид ар араас нь ухаж илрүүлэх ажил нэгхэн долоо хоногт маш амжилттай өрнөлөө. Тун ч танил технологи. Хэтрүүлж дүгнэвэл, У.Хүрэлсүх “хорхойтсон” хоёр араанаасаа салахын тулд АН-ыг өмнөө бамбай болгочихов уу гэх хардлага байна. Тэр өөрийнхөө танхимын сайд нарыг өөрөө өргөн барих нь нэр хүндэд халтай. Тиймдээ ч Ерөнхий сайдаар дэмжих үед нь найман кнопоор дэмжсэн АН-ын бүлгээс дэмжлэг хүссэн ч байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, тэр ацан шалаанд орсон байж мэднэ. Учир нь танхимын 2-3 сайдыгаа огцруулахгүй бол түүний суудал ч ганхаж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байгаа гэх. АН-аас огцруулах санал гаргаад байгаа Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг хамгаалж үлдэж гэмээнэ түүнийг дэмжсэн АН-ын есөн кпоп 32-ын бүлэгт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын ес, МАН-ын 32-ын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг ямар ч үндэслэлээр огцруулж чадах хүчтэй болно. Ийм санал ч мэр сэр цухалзаж байгаа юм билээ. Ерөөс намрын чуулган завсарласнаас хойш л огцруулах тухай яриа гарсаар байлаа. Тэр ч байтугай, Ж.Энхбаяр тэргүүтэй залуус хариуцлага тооцох тухай ярьж эхэлсний дараа дараагийн Ерөнхий сайд Ж.Энхбаяр байна гэх яриа ч саарал ордонд гарч байв. Тэгвэл ажлаа өгснөөс хойш хэсэгтээ л чимээгүй байсан экс сайдууд ч ээлжит чуулган эхлэхтэй зэрэгцэн дуу орж эхэлсэн юм. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр тэргүүтэй улстөрчид, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын залуу улстөрчид ч ар араасаа ноцтой баримтуудыг илчилж байна. Алдагдсан 268 мянган тонн нүүрс, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан эсэх, Хотгор шанага, сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал гэх мэтээр маш олон баримт цөөхөн хоногт ил болсон нь “түүнээс ч илүүг гаргана шүү” гэх сануулга ч байж мэдэх билээ. У.Хүрэлсүхийн танхимд эмзэг цэгээ атгуулсан сайд нар маш олон байгаа учраас АН-ын саналыг дэмжиж, хоёр сайдаа явуулахаас өөр сонголт түүнд алга. Үгүй бол тэр танхимтайгаа хамт огцорно. Нөгөөтэйгүүр, МАН-ын нэр бүхий улстөрчдийн дунд зөрчил туйлдаа хүрчихээд байна. Тухайлбал, огцруулах “шалгуурт” тэнцсэн хоёр сайдаас гадна С.Чинзориг сайдын хууль бус асуудлыг ч өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанд оруулна гэдгээ Н.Номтойбаяр гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тиймээс МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан тун ч ширүүхэн уур амьсгал дунд өрнөх бололтой. Хамгийн сонирхолтой нь хэдхэн өдрийн өмнө Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох саналыг дэмжихгүй хэмээн унагаж байсан МАН-ынхан баасан гарагт асуудлыг хэлэлцэх үеэр “Бүх хүүхдэд 100 хувь олгох боломжтой. Ерөнхийлөгчийн болон АН-ын гишүүдтэй санал нэг байна” хэмээн ярьж эхэлсэн нь 33, 32-ын бүлэг дахин зөрчилдөж эхэлснийг харуулж байх юм. Тиймдээ ч У.Хүрэлсүхэд оройтохоосоо өмнө “хорхойтой” хоёр шүдээ сугалах л сонголт үлдэж байна.