УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэн чуулганы үеэр “Ах нарын хөл нь хөнгөрчихөж. Н.Энхбаярыг хаан байхад та нар тойрч бүжиглэж байсан. М.Энхболдыг мандаж явахад мөн л тойрч бүжиглэж байлаа. У.Хүрэлсүхийг одоо мандахаар мөн л тойрч бүжиглэж явна. Тун удахгүй сэлэм нь мохчихлоо гээд хэнийг тойрч бүжиглэх юм бол” хэмээн ёжилж байсныг олон хүн “үнэн үг, шар тос” гэж хүлээж авсан юм. Харин “бүжиглэж” байсан эрхмүүдэд тун ч хатуухан доромжлол болж очсонсон. Нээрээ ч намайг хүүхэд байхад л сайд байсан ах нар оюутан болоход ч сайдаа хийсээр байлаа. Хожмоо амьдрал зохиож үр хүүхэдтэй болоход ч сайд байсан, одоо ч байсаар л байна. Монгол төрийн бүх салбарт ажиллаж буй цөөхөн хэдхэн хүнд Монголын төр өргүй ч тэд Монгол Улсаар тэжээлгэж, төдийгөөс өдийг хүртэл албан тушаалын шатаар тасралтгүй ахиж, салбар бүрт сайдаар ажиллаж ирсэн байх юм. Түүхийг эргэн сөхвөл өнгөрсөн 29 жилийн түүхэнд бид 15 Засгийн газар байгуулж байв. Түүнээс найман Засгийн газрыг нь өдгөө эрх барьж буй МАН-ын улстөрчид удирдаж, танхимаа бүрдүүлэх эрх авч байжээ. С.Баяр дунд нь нэг удаа улирч сонгогдсоныг тооцвол ес гэж тоолж болно. Энэ хугацаанд хамгийн олон удаа сайдаар ажиллаж байсан хүмүүс нөгөөх л Ж.Мөнхбатын хэлсэн Төрийн ордонд өдгөө ч хөл нь хөнгөрчихөөд “таанц эргэсээр” буй ах нар. П.Жасрай агсаны Засгийн газарт Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын дарга, Монгол Улсын сайдын албан тушаал эрхэлж байв. Энэ хүн одоо ч сайдын албан тушаалд хэвээрээ байна. Тэгвэл Ардын намдаа “хаан” нь байсан улстөрчдийн үед хэн нь сайд байсан, одоо хаана яваа, ямар онцлогтой Засгийн газар байсан талаар түүх сөхье.
Н.Энхбаярыг дэргэд хэн ч үлдсэнгүй
Монголын улс төрийн түүхэнд бүрэн эрхээ дуусгасан ганцхан Засгийн газар байдаг нь Н.Энхбаярын толгойлсон Засгийн газар. МАХН 72 суудал авч, үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн энэ үед 12 яамтайгаар Засгийн газрын бүтцээ зурж байжээ. Энэ танхимд сайдаар ажиллаж байсан улстөрчдөөс гурав нь одоо У.Хүрэлсүхийн танхимд ажиллаж байна. Тухайлбал, Санхүү, эдийн засгийн сайд асан Ч.Улаан, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга асан Ө.Энхтүвшин нар сайдын албан тушаалаасаа буугаагүй байх юм. Н.Энхбаярыг мандаж явахад тэд тойрч “бүжиглэж” байсныг эндээс харж болно. Өдгөө хаан ширээнээс буучихаад “лааз өшиглөж” явах үед нь түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүсээс хэн нь ч үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаа сүүлд байгуулсан намд нь элсэн, сонгуульд нэр дэвшиж байсан ч өдгөө улс төрийн карьераа дуусгажээ. Байгаль орчны сайдаар нь ажиллаж явсан У.Барсболд хожим Н.Энхбаярын байгуулсан МАХН-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хөөгдөж байв. Энэ мэтээр танхимд нь ажиллаж байсан ихэнх хүмүүс карьераа дуусгаж өдгөө ажин түжин байгаа юм. Н.Энхбаярын бүрэн эрх дуусаж, МАХН сонгуульд оролцсон ч “Эх орон-Ардчилал” эвсэлтэй тэнцүү суудал авсан учраас Ц.Элбэгдоржид Засгийн газрын эрх мэдлийг шилжүүлэн, хоёр, хоёр жилээр засгаа удирдахаар болсон байдаг. Улмаар Их эвслийн Засгийн газар байгуулж байсан түүхтэй. Энэ танхимд нөгөөх л Ч.Улаан Сангийн сайдын ажлаа өгөөд Шадар сайдаар ажиллахаар орж ирж байлаа. Харин өдгөө Ерөнхий сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байжээ.
М.Энхболдын хүмүүс одоо ч албан тушаалтай байна
“Эх орон-Ардчилал” эвсэлтэй байгуулсан МАХН-ын гэрээ хүчингүй болсны дараа М.Энхболд Засгийн газрыг удирдсан нь 2006 оны сүүлийн үйл явдал. М.Энхболд “Эх орон-Ардчилал” эвслээс гарсан улстөрчдөд сайдын албан тушаал бэлэглэж, 17 яамныхаа зургааг нь эвслээс гарсан “урвагчдад” бэлэглэж байжээ. Хамгийн нэр хүнд муутай, урвагчдаар танхимаа бүрдүүлсэн түүний ноёрхол нэг жил хүрэхгүй хугацаанд үргэлжилж байв. Түүний танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсээс өдгөө ч сайд хийж байгаа нь гурав байх юм. Тэр нь Ө.Энхтүвшин /БСШУ/, У.Хүрэлсүх /Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд/, Н.Энхболд /Гадаад хэргийн сайд/ нар юм. Одоо тэд Ерөнхий сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд хийж байгаа. М.Энхболдыг мандаж явах үед тойрон хүрээлж байсан эдгээр сайд сэтэртэй албан тушаалтнуудаас одоо ч “Хотын фракци”-ийн нэрээр албан тушаалд очсон хүмүүс байдаг. Тухайлбал, Хуульзүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаяр өдгөө Үндсэн хуулийн цэцийн дарга хийж байна. Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалтай байгаа бол ЗГХЭГ буюу гал тогоог нь хариуцаж байсан Су.Батболд Хотын даргын албан тушаалаар сонгуулийн дараа “шагнуулжээ”. Бүгд УИХ-ын даргаар ажиллаж буй М.Энхболдын санал болон түүний фракцийн дэмжлэгээр албан тушаалд очсон байх юм. Мөн Зам тээвэр аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Ц.Цэнгэл өдгөө БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол М.Энхсайхан элчин сайдаар томилогдож, өдгөө ч М.Энхболд гэж хүний “бие хамгаалагч”-аар ажилласан хэвээр байдаг. Эвслээ задалж, урваж орж ирсэн Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, М.Сономпил, И.Эрдэнэбаатар нарын хувьд улс төрийн карьераа хэдийнэ дуусгаж, хатуухан хэлбэл хэн ч биш болжээ.
С.Баярын бантан
“Элсний 13 бүлэг”-ийн дэмжлэгээр М.Энхболдоос засгийн эрхийг булаасан С.Баяр зургаахан сарын настай Засгийн газар байгуулсан. Алдарт долдугаар сарын 01-ны дуулиантай цаг үед ажиллаж байсан энэхүү танхим Монгол Улсын түүхэнд хар бараан дурсамжтай хамт бичигдсэн, хамгийн их муугаар дуудуулсан Засгийн газар байлаа. Долдугаар сарын 01-ний үйл явдлаас болж, Засгийн газар байгуулагдахгүй хугацаа алдах үед түүний байгуулсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байсан гэж үзвэл 10 сарын хугацаа гэж тооцох биз ээ. Түүний бантан болгосон Засгийн газарт “сугардаггүй” Ч.Улаан дахиад л Сангийн сайд хийж байв. Харин М.Энхболд Шадар сайд болон мандаж явсан бол Н.Энхболд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, Ч.Хүрэлбаатар харин Түлш эрчим хүчний сайдын албан тушаалд ажиллаж байжээ. Харин сонгуулийн дараа байгуулагдсан түүний Засгийн газар “Стандарт бус” гэх тодотголтой ч өмнөхөө арай дээрдүүлсэн хувилбар болсон. Мөнөөх л М.Энхболд, Ц.Нямдорж нар танхимд сайдаар ажиллаж байлаа. С.Баяр засгийн газар удирдаж байх энэ цаг үед М.Энхболдын фракцийн “сэргэн мандалт”-ын үе байжээ. “Хотын фракци”-ийн улстөрчид болох М.Энхболд, Т.Бадамжунай, Д.Зоригт, Ё.Отгонбаяр нар сайдаар ажиллаж байсан юм. С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн Ерөнхий сайдын албан тушаалаа Сү.Батболдод өгөхөд ч энэ гурав сайдын албан тушаалдаа үлдэж байсан. Нэмээд “Хотын фракци”-аас Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нар сайдаар орж иржээ. Түүний танхимд ажиллаж байсан Г.Занданшатар, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нар одоо ч сайдын албан тушаалтайгаа байна. 2012 оны ялагдлын дараа Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт ч хотын фракци буюу М.Энхболд өөрийн хүмүүсээ оруулж ирсэн. Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Н.Төмөрхүү нараас гадна У.Хүрэлсүх ч Шадар сайдын албан тушаалд очиж байлаа. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газарт мөнөөх л У.Хүрэлсүх Шадар сайдаараа ажиллаж байсан бол танхимын 10 гаруй сайд нь М.Энхболдын фракцийн сайд нар байв. МАН-ын 2006-2016 оны түүх бол яах аргагүй М.Энхболдын ноёрхлоо тогтоож байсан цаг үе аж.
У.Хүрэлсүхтэй хамт хэн үлдэв
Эрх баригч намын урвалт шарвалт, фракци хоорондын зөрчил тулаан өрнөсөн 29 жилийн түүхийг эргэж харвал ийм л дүр зураг харагдаж байна. Тэртээх он жилүүдэд Төрийн ордны танхимаар хөл нь хөнгөрчихөөд алхаж явсан ах нар одоо ч хөл хөнгөн, хор найруулах ажил нь хэвээрээ. Яасан ч дуусаж болдоггүй карьер, шунаж барагдахгүй албан тушаал вэ хэмээн халагламаар. Хэн хаан байхаас үл хамааран албан тушаалд очдог “хуц, ухна” аятай сайд нарыг та эндээс харлаа, уншлаа. Зургаан Засгийн газрын нүүр үзсэн Ч.Улаан, таван удаа Хуульзүйн сайдаар ажиллаж буй Ц.Нямдорж, өөрийн байгуулсан танхимтайгаа нийлээд дөрвөн удаа сайдаар ажилласан У.Хүрэлсүх, танхим байгуулсантайгаа нийлээд гурван удаа сайд хийж, одоо УИХ-ын даргын албан тушаал эрхэлж буй М.Энхболд нар энэ намын төөргийг зөв, буруу зурж ирсэн байх юм. Гурван Засгийн газарт ажилласан долоон улстөрч байх юм, энэ намд. Нөгөөх л ах нар. Хөл нь хөнгөрч, нуруу нь “хугарсан” улстөрчдөд Монгол төр өртэй юм шиг үргэлж албан тушаал өгч ирсэн байх юм. Төдийгөөс өдийг хүртэл улс төрд үлдсэн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ч.Улаан нарын эцсийн зогсоол нь У.Хүрэлсүх байгаасай. Түүнтэй хамт үлдээсэй гэж олон хүн хүсч байх юм. Эндээс цааш үргэлжилвэл намынхаа залуу улстөрчдийн элэг доог болж, бүжиглэх байтугай нүүр хийх газар ч олдохгүй болох вий дээ. Асар их урвалт, асар их тэсвэр тэвчээрээр олж авсан нэр хүнд чинь шүү дээ, ах нар аа.