ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдоржийн нэрлэсэн хулгайч нар хэргээ хүлээ, эсвэл нэрээ цэвэрлэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-17

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан нэр бүхий зургаан сэтгүүлчийг “захиалж” уулзахдаа  “Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хулгайчид хулгайч л байгаа” хэмээн ярив. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний амнаас хамаагүй үг унаад байхгүй. Тэр дундаа дараагийн Ерөнхийлөгчийн талаар ярьж байхад шүү. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийхээр бол хулгайч болж таарлаа.  

Ганцхан Ерөнхийлөгч ч биш түүний эргэн тойронд байгаа, Тамгын газарт нь ажилладаг, эсвэл санал болгож томилуулсан бүх хүмүүс хулгайч гэсэн үг. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 оны наймдугаар сард прокурорын байгууллагын 85 жилийн ойн хуралд оролцож, үг хэлэхдээ Н.Энхбаярыг авлигач, хулгайчаар нь дуудаж байсан удаатай. Тэрбээр “Зарим хүн “би салхилах гэж ирлээ” гэдэг юм байна. Төрийн ордон хүн салхилаад байдаг газар биш.

Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ. Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ аваад ир, хамт салхил л даа. Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм бэ. Хүрээд ир. Авлигаар авсан тэр мөнгөө ил болгочих тэгээд л болоо” хэмээж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний амнаас гарсан үг зүгээр нэг шүлс үсчүүлэх зуурын зугаа биш. Тэр өмнөх Ерөнхийлөгчөө ингэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигаар авсан гэгдэх хэдэн тэрбумаа аваад ирсэн үү. Дүүгээ хамт аваад ирэв үү. Юу ил болгов. Үнэн байсан бол өдийд нөхөн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд орохгүй. Бүр сонгогдох магадлалтай гээд явж байж болох уу.  Тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж худлаа ярьжээ. Эсвэл хуулийнхан өмнөх Ерөнхийлөгчийн муу муухайг баталж хэлээд байхад ажлаа хийгээгүй болж таарлаа. Одоо тэр дараагийн Ерөнхийлөгчийг элдвээр хэлж байна.

Ганцхан хүн рүү биш бүгдийг хулгайч гэв. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга та өмнөх Ерөнхийлөгчийн чинь туйлын итгэл үнэмшилтэй яриад байгаа шиг хулгайч, хулгайн сүлжээ байгуулсан бол түүнийгээ хүлээ. Монгол Улсаас юу хулгай хийсэн юм. Хулгайн сүлжээнд чинь хэн хэн багтаж байгааг хэлэх цаг болсон юм биш үү. Үгүй бол нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд ханд. Бид хулгайчаар удирдуулаагүй гэдгээ мэдмээр байна. Ц.Элбэгдорж гуайн ярьж байгаагаар Тавантолгойг Хятадад 100 жилээр өгөх гэж оролдоогүй аж. Х.Баттулга худлаа ярьж, хүмүүсийн толгойг “угааж” байгаад, өөрөө авах гэж оролдсон гэнэ. “Эрдэнэт”-ийн 49 хувь ч гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн тоглоом.

“Х.Баттулга л авсан байна даа” гэж өмнөх Ерөнхийлөгч чинь итгэл төгс яриад байна. Дахиад хэлье, Ерөнхийлөгч байсан хүний амнаас захын нэг поп гишүүний ярьдаг шиг хамаагүй үг унахгүй, бүр кавичик ашиглахгүй хулгайч гэж шууд утгаар хэлсэн. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч тайлбараа хиймээр байна. Та үнэхээр Тавантолгойг авахын тулд, “Эрдэнэт”-ийн 49 хувьд эзэн суухын тулд ард иргэддээ худлаа яриад байгаа юм уу.  Ганцхан Ерөнхийлөгчийг худалч, хулгайч гэсэнгүй. Хулгайчийн нөөцтэй, хулгайчид хулгайч л олддог гэв. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байгаа бүх хүн хулгайч гэсэн үг.

Мөн Ерөнхийлөгчийн санал болгож томилуулсан хэдэн хүн хулгайч болж таарлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан тэргүүтэй хүмүүс Монгол Улсаас юу хулгайлж авснаа хэлэх цаг болсон юм биш үү. Д.Пүрэвдаваа, Д,Үүрийнтуяа, Г.Уянга, Д.Даваа гээд бусад зөвлөхүүд нь ч ялгаагүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж та нарыг хулгай, хулгайн сүлжээнд орсон гэж хэллээ.  Монгол Улсаас хулгайлсан зүйл байгаа бол хэргээ хүлээ. Үгүй бол урд болоод удаах үе рүүгээ “архирч” байгаа тэр хүнийг шүүхэд өг.

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийг Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилж байсан. Ц.Элбэгдорж гуайн хэлж байгаагаар бол Асашёорюү аварга ч бас хүний нөөц биш хулгайчийн нөөц болж таарч байна.  Тэгэхээр та Монгол Улсаас юу хулгайлж авснаа хэл. Эсвэл нэр төрөө цэвэрлэ. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авснаас хойш цөөн хэдхэн хүнийг албан тушаалд томилуулахаар санал болгож, УИХ-аар хэлэлцэж томилсон. 2018 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж гэсэн гурван хүнийг томилуулахаар санал болгож, УИХ томилсон. Үүнээс өөр Ерөнхийлөгчийн санал болгосноор томилогдсон албан тушаалтан бараг байхгүй гэхэд болно.

Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон энэ гурван хүн бас л хулгайч болж таарлаа. Ерөнхийлөгч байсан хүн нарийн мэдээлэлтэй байж таараад “Хулгайчид хулгайч л олддог” гэж хэлсэн байж таарна биз дээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хулгайч хүмүүс томилогдсон бол Монгол Улсад тун халтай. Тиймээс эрхэм Цэцийн гишүүд хэзээ, юу хулгайлж байгаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “гардуулсан” болохоо үнэнээр нь хүлээгээд, ажлаа өг. Харин амьдралдаа хулгай хийж үзээгүй бол бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэж, нэр төрд нь халдсан гэж үзэж хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Хүнд нэр төр гэж эрхэм зүйл байх ёстой биз дээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монголын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа. Тэр эд хөрөнгөө хулгайн сүлжээгээрээ олсон гэх утгатай зүйл ярьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга та Монголын хамгийн баян хүмүүсийн нэг болтлоо хөрөнгө мөнгөтэй болсон бол түүнийгээ яаж олж авснаа ард иргэддээ тайлагнана биз.  Монголын хамгийн баян эрхмийн нэг мөнөөс мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч гэсэн 2013  оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлсэн жилийн 118 саяын орлогоо яаж олж байсан.

Асар өндөр үнэ бүхий уран зургийн цуглуулгаа яаж авсан.  2015 оны мэдүүлэгтээ дурьдсан тэрбум давсан эд хөрөнгөө хаанаас, яаж олсон талаараа тайлагнах ёстой шүү. Харилцан мөнгөө тайлагнаж энэ бүх эргэлзээг тайлмаар байна. Хэний мөнгөөр гадаад явж казино тоглож, янз бүрийн тэмцээн үзэж тансаглаж байгаагаа ч ард түмэнд тайлагнах ёстой юм. Монголын төлөө бүхнээ зориулна гэж амалж байгаа, өөрөөс нь өөр шударга хүнгүй гэж хэлж чадаж байгаа хүн тэр зэргийн хөрөнгийг тайлагнах зориг, зүрхтэй байлгүй дээ.  Өмнөхөө ч, дараагийнхаа Ерөнхийлөгчийг ч орчлонгийн бүхий л муу муухайгаар дуудаж, хулгайчаар нь цоллож чадаж байгаа хүн түүнийгээ баталж, хариуцлагаа ухамсарлана гэдэгт ч итгэлтэй байна.