ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ улстөрждөг газар биш ажил хийдэг талбар байх ёстой

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-19

МАН-ын нэрээр НИТХ-д орон тоо бөглөж суугаа хэдэн “”хүүхэлдэйд” ингэж хэлмээр байна. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд оршин сууж буй энэ цагт хотын амьдралыг өөд татаж авч явах итгэл хүлээсэн хүмүүс нь НИТХ-д олонхи болсон МАН-ынхан гэдгийг тэд ойлгож, амжилгүй нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуусгах нь ээ. Юу ч хийсэнгүй. Зөвхөн улс төр ярьж, сандал, ширээгээ булаалдсаар гурван жил гаруй хугацааг үдэв.

Эхлээд НИТХ-ын даргаараа туг тахиж, дараа нь Засаг даргаа золигт гаргасан. Үүний үр дүнд нийслэл Засаг даргагүй 90 гаруй хоногийг үдлээ. Нийслэлчүүд сонголт хийснийхээ хариуд утаанд бахардаж унах шахам явж байна. Улс төрд орж хэрүүл хийх эхний дамжаа гэж ойлгосон бололтой юм. Үүнийгээ ч сайн хийлээ шүү. Бүлэг болж хуваагдан хоорондоо уралцаж, УИХ-ын гишүүн ах нарынхаа шийрийг сайн хатаав.

Хэрүүлийн алим хангалттай амталсан гэж л 2020 онд нийслэлчүүдээр дүн тавиулахгүй юм бол өөр гялтайх зүйл юу ч үгүй. НИТХ-д олонхи болсон МАН бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ АН-ын үед эхлүүлсэн дахин тө­лөв­лөлт, га­зар зохион байгуулалт, Ханын материалд ба­ригдаж эхлээд бай­сан Хотын захир­гааны шинэ байр болон Соёл ам­ралтын цогцолбор, За­мын цагдаагийн уулз­­варын гүүрэн гарц, Барил­га үйлдвэрлэлийн төв, Үйлд­вэр­лэ­лийн парк гээд бүх ажлыг зогсоосон.

Тэд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгоно гэсэн мөрөөдөлдөө жингүүдэж, албан тушаалын наймаа, суудлын тэмцэл хэрүүлдээ мансуурч явтал нэг л мэдэхэд хугацаа нь дуусах болсноо саяхан мэдэрч эхлэх шиг санагдана. Сонгогдсоноосоо хойш нэг ч шинэ ажил, төсөл санаачлаагүй байна. “Лам олдохгүй болохоор буцахдаа зална” гэдэг шиг гэнэтхэн ухаан орж, АН-ын гэж гацаасан ажлуудаа эхлүүлэхээс өөр аргагүй болсноо ухаарсан.

Гэрээ нь хийгдэж 2016 онд баригдаж эхлэх байсан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажлыг дахин гэрээ хэлцэл хийж эхлүүлэв. Ингэж л гаргасан шийдвэрээсээ буцаж, улстөрч болох гэж жүжиг тоглож сууна. Ардчилсан намын хэд ч ялгаагүй. Цөөхөн атлаа дундуураа хэд хуваагдав. Ажил биш хэрүүлдээ ямар ч сайн юм.

Гэтэл НИТХ гэдэг улстөрч болох гэж жүжиг тоглодог тайз биш, хотын хүн амын хувь заяаг шийддэг их ажлын халуун тогоо байх ёстой газар. Тиймээс ажлаа хийцгээ төлөөлөгчид өө. Хэдэн “утсан хүүхэлдэй” нийслэл гэдэг их айлаар тоглож, улаан хэрүүлийн дамжаа болголоо. Саналаа өгсөн нийслэлчүүдийн буруу юу, албан тушаалын арилжааг эхлүүлсэн МАН-ын буруу юу. Хотын даргаа хэл амгүй томилоод цаашаа ажлаа хийвэл ямар вэ. “ВRT” төсөл гэж баахан мөнгө идсэн хүмүүс хотод байна. 15 ажилтантай, тэрбумаар нь цалин авсан хүмүүс ажлаа нэг ч удаа хийсэнгүй. Ц.Сандуй, С.Мөнхчулуун, П.Баярхүү гэх мэтээр нэр цохоод нэрлэхэд ч буруудах зүйл алга, ажлаа хийхгүй байгаа төлөөлөгчдийг.