ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УБТЗ-ын дарга 1.2 сая ам.долларын техникийг 1.7 саяар авчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-20

УБТЗ хувь ний­лүүлсэн нийгэмлэгийн удирд­лагууд авилгын хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар өчигдөр баримттайгаар мэдээллээ. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд төмөр замыг өргөж засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниар дамжуулж мөнгө угаасан гэж тэд хэлсэн юм.  Ялангуяа энэ хэрэгт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг буруутгаж байгаа аж.  Мөнгө  угаахын тулд ХХК үүсгэн  байгуулж,  ашиглаж дууссаны дараа татан  буулгасан гэв. Тодруулбал, ОХУ, Монгол Улсын стратегийн хүрээнд хамтарсан УБТЗ  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэх шийдвэр гарсан байна. Энэ хүрээнд хийсэн ажлаас үлдсэн гурван сая орчим ам.доллароор зам зас­варын машин худал­даж авах зөвшөөрлийг УБТЗ-ын ерөнхий хо­роонд өгсөн аж.  Улмаар 2016 онд УБТЗ  хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Олон улсын тендер зарласан боловч хүчингүй болжээ.

Хүчингүй болсон шалтгаан нь тендерт оролцсон хоёр компанийн нэг нь төсөвлөсөн мөнгөнөөс илүү санал тавьсан аж. Тухайлбал, Австри улсын “Plasser & Theurer” компани гурван сая орчим ам.долларын санал тавьсан байна. Хоёр дахь оролцогч Латви улсын компани нь ВПРС машиныг үйлдвэрлэгч болох ОХУ-ын Киров хотын “Таван сарын 1” нэрэмжит үйлдвэр нь дампуурлаа зарлах байдалд орж, гадны менежментэд шилжсэнээс тус тендерийг хүчингүйд тооцжээ. Хэвлэлийн хурлын үеэр МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуш   “2016 оны сүүлчээр Д.Жигжиднямаа УБТЗ-ын даргаар томилогдсоноос хойш энэ асуудлыг эрчимтэй хөөцөлдсөн.  Ингэхдээ ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг Орос-Монголын хамтарсан компанийн хэрэгцээнд авахдаа оффшорын бүсэд байршилтай  компанитай гэрээ байгуулсан. Тэр дундаа  мөнгө угаахад гаршсан Латвийн хувийн банкаар дамжуулж худалдан авах болсон  нь  хардлага төрүүлээд байгаа юм.  

Тус машиныг Д.Жигжиднямаа өөрийн найз болох ОХУ-ын иргэний компаниар дамжуулан жинхэнэ эзнээс нь худалдан авсан.  Дараа нь өөрийн найзаасаа худалдаж авсан байдаг. Ийм ч учраас 1000 паундын дүрмийн сантай компанид гэрээний дүнгийн 85 хувийг шилжүүлэхээс айгаагүй. Энэ бүх зүйлийг булшлах гэж худлаа ярьж явсан” хэмээн мэдээлэл өглөө. ВПРС машин 1.2 сая долларын үнэтэй боловч, 1.7 саяар худалдаж авсан гэсэн үг юм. Энэ асуудал Б.Жигжиднямаа 2016 онд УБТЗ-ын дарга болсноор намжжээ.  Үүнээс гадна,  УБТЗ-ын дарга  Б.Жигжиднямаа 10 жилийн өмнө 16 ширхэг суудлын вагоныг 17 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг дахин  16 тэрбум төгрөгөөр засуулсан.  ОХУ-аас актлагдсан 1000 вагоныг худалдаж мөнгө угаасан гэлээ. Харамсалтай нь  энэ болгонд  шаардлага тавьж, хүсэлт гаргасан ч  ямар  нэгэн шийдэлд хүрдэггүй. АТГ-ын мөрдөн байцаагчид хэргийг илрүүлчихээд байхад дарга нар нь хав дардаг. МТЗ-ын нэгдсэн холбооноос 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр АТГ-т хандсан ч “шалгаж байна” гэхээс өөр  хариу өгдөггүй.  Мөн Нийслэлийн Прокурор, Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандсан ч хоёр жилийн хугацаанд юу ч шийдэгдээгүй байгаа гэсэн юм.  

2018 оны сүүлээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоогоод ажлаас нь халах санал өгч, хилээр гарахыг хориглсон. Гэтэл одоо болтол ажлаа хийсээр байгаа юм. МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат хурлын үеэр   “Б.Жигжиднямаа хэрхэн төмөр замын аюулгүй байдлыг хангая гэж санаа зовохоосоо илүү, томилогдсон албан тушаалынхаа хугацаанд яаж ашиг мөнгө олохын төлөө л ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай,  Монгол улсын хамгийн том компани. Энэ том байгууллагыг удирдан зохион байгуулдаг Ерөнхий хороо гэж бий. Монголын талаас гурав, ОХУ талаас гурав. Гэтэл Монголын талаас удирддаг гурван хүний нэг нь ч төмөр замын салбарын мэргэжилтэй хүн биш. Жаргал зовлонг нь ч мэддэггүй” гэлээ.  

Сүүлийн гурван жилд  ажлын байранд нь 62 осол гарчээ. Өнгөрсөн жил гэхэд л тус  байгууллагын ажилтан ажлын байрандаа хөлөө хугалсан,  хөргүүрийн усанд нүүр цээжээ түлсэн, 60 тоннын даацтай галт тэргэнд шүргүүлж тархиа гэмтээж байжээ. Гэтэл  осол гарсныг “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагууд нуусан байна. Нийт  ослоос хүний амь нас эрсдсэн дөрвөн тохиолдол, хөнгөн гэмтсэн 18 хэргийг бүртгэж, үлдсэнийг нь мэдээлээгүй орхисон байна. Ингэж мэдээлээгүй нь ноцтой зөрчил гэж МХЕГ-аас үзжээ. Түүний хууль бус худалдан авах ажиллагаа хийж,  мөнгө угаасан хэргийн талаарх бүх баримт нь ил байгаа учир, цаашид үнэнийг илэртэл зүгээр хараад суухгүй.  АТГ-ын дарга Х.Энхжаргал яагаад энэ хүнийг хамгаалаад байгааг ч ил болгохыг хүсэж байгаа гэлээ.