ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эбигийн хоёр “дайсан”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-20

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын “тулаан” дуусаагүй байгаа.  Хоёулаа цагтаа “хаан” байсан энэ хоёр хүн одоо ээлжтэй албаа өгөөд, энгийн иргэд болсон. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүхий л том албан тушаалд очиж байсан хүмүүс тэр суудлаасаа буусан учраас энгийн гэж тодотгосон хэрэг. Түүнээс биш санаа, санаачилга нь хэвээрээ, гартаа барьсан “удирдлагаа” алдахгүйн төлөөх тэмцлийг өрнүүлж яваа. Бүр нарийн хэлбэл, нэг нь төрд эргэж ирэх, болж өгвөл эрх мэдэлтэй болохын төлөө тэмцэж байна. Харин нөгөөх нь өөрийнхөө байгуулсан “хаант улс”-аа алдахгүйн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж, боргож болох бүхэн рүү боргож, муулж болох бүхнийг муулж байна.  Тэр дундаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг элдвээр хэлж, авлигач, хулгайчаар нь дуудаж, сүүлдээ “амь өршөө гэж гуйж гувшихаар өршөөсөн” гэх мэтээр газар ортол дэвсэлсэн хүн Ц.Элбэгдорж.  Өмнөх Ерөнхийлөгч рүүгээ дайрч ханаагүй байж тэр дараагийнх руугаа “асч” эхэллээ.  Албаа өгснөөс хойш казино тоглож, хөлбөмбөгийн тэмцээн үзэж, гадаадаар зугаалж явсан хүн гэнэт л гарч ирээд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрч эхэллээ. Н.Энхбаярыг авлигын загалмайлсан эцэг мэтээр ярьж байсан бол Х.Баттулга Ерөнхийлөгчийг хулгайч, луйварчнаар нь дуудаж эхлэв.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж өмнөх, дараах Ерөнхийлөгчийнхөө тухай юу гэж хэлж байсан, хэлснийг сануулъя.   

• Зарим хүн “Би салхилах гэж ирлээ” гэдэг юм байна. Төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ. Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ авч ирээд хамтдаа салхилаа. Хэрэг хийгээд гараад явчихсан туслахынхаа ахыг авч ирээд хамтдаа салхилцгаа. 
• Н.Энхбаяр ч хоёр дахь удаагаа яаж сонгогдох тухайгаа 2005 оны зун тангараг өргөснийхөө маргаашаас л бодсон хүн. Өнгөрч буй дөрвөн жилд зөвхөн энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бүхнээ чиглүүлсэн. Үнэндээ тэр Монголынхоо ядарсан иргэдийн төлөө хуруугаа олигтой ч хөдөлгөөгүй. Хөдөлгөсөн бол өөрийгөө л бодож хөдөлгөсөн байх.
• Н.Энхбаярыг зарим хүн зөвхөн нэг нэр дэвшигч гэж хараад байна. Энэ бол Монголын нийгэмд бугшсан олон хорт үзэгдлийн биежсэн төлөөлөл. Ингэж бодож явдаг хүмүүсийн нэгэнд би өөрийгөө багтдаг гэдгээ зарлах нь миний хувьд иргэний журамт үүрэг юм. Түүнийг өнөөдрийн хашиж буй албанаас нь сонгуулийн замаар зайлуулах нь Монголын улс төрийн амьдрал дахь хамгийн тулгамдсан асуудал гэж үздэг хүмүүс олон бий шүү.
• Н.Энхбаярыг таних амаргүй. Би л хувьдаа нөхрийг таних гэж таван жил зарцуулсан. Таниад түүнийг жигших болтлоо бас таван жилийг үзлээ. Эхлээд богд ч гэж бодогдох үе бий, буг ч гэж бодогдох үе бий. Хүний л алдаа, улс төрд байдаг л зүйл, арай ч үгүй байлгүй, одоо л ойлголоо, гай зовлон гэсээр яваад л таван жил болчихсон байдаг юм.
• 1997 оны намраас Монголын нялх ардчилал Н.Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван засгаараа туг тахиулсан. С.Зоригоо алуулсан. Гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тухайн үед, одоо ч тэр бүхнийг ардчиллынхан дотоод зөрчлөөсөө боллоо гэж тайлбарлаж байсан, тайлбарлах нь бий. Үйл явдал болж, тоос намжсаны дараа харахад,  тэр бүгдээс Н.Энхбаяр түүний хамсаатнууд хожсон байдаг.
• Н.Энхбаяр бол амжилтаа ч муу аргаар бүтээдэг, алдаагаа ч муу аргаар хаадаг хүн. Өөрийнхөө бүтээсэн махны машинд үнэнч явсан нөхрөө хүртэл хонины гулууз шиг хаяж өгөх нь энүүхэнд. Толгойд нь халтай санагдвал шоронд хэд хонуулаад Лондон хүртэл элчингээр томилуулахдаа ч сийхгүй. Энэ бол үйлдэл төдий юм. Үзэгдэл талаасаа бол бүхэл бүтэн Монголыг түүний бүтээл сөхрүүлж байна.
• Шүүхийг Энхбаяр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх бас өршөөн, уучилж хажуудаа татах хэрэгсэл болгож хэрэглэж ирсэн. 
• Өнөөдөр Монголын шүүгч бүрийн ажил, амьдрал, хувь заяа, өөдлөн дэвжих, уруудах эсэх нь Н.Энхбаяр гэгч аалзны тэмтрүүл дор байгаа. Тэд Н.Энхбаярын тодорхой захиалгаас өөрөөр хөдөлбөл, тэр дороо могойд хатгуулсан хулгана мэт болохыгоо мэднэ. Мэдээж Н.Энхбаяр Монголын бүх хүний гэм ялыг захиалахгүй. Харин гэм ялгүйг нь яаж ялтан болгож, эргээд бүр өөрт нь хадгаа дэлгэж, бүхнээ барьж, цусаар уйлж ирэхийг тэр хүлээдэг. Зарим нь ч хэзээ ч эргэж ирэхгүйг тэр мэднэ.
• Монголын сонгуулийн булхай луйврын зохиогч нь, хэрэгжүүлэгч нь Н.Энхбаяр байсан, байж ч ирсэн. Одоо ч тийм байгаа. Тэр 80 жил Монголд ноёрхсон нам засгийн бүх бүтцэд, албан тушаалтнуудад нэг л юм ойлгуулсан. “Ажил албандаа үлдэе гэвэл сонгуулийн дүнгээ өөрсдөө л гарга. Та нар хэнийг, өөрийгөө гэсэн үг, гаргахаа мэднэ. Ард түмэнд бол манай сонгууль ардчилсан сонгууль гэж итгүүл”. Ийм л аргыг Н.Энхбаяр тэдэнд зааж өгсөн. Ингэж л Монголын сонгууль тоглоомын сонгууль, төр нь тоглоомын төр болж хувирсан.

• Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. 
• Х.Баттулга  хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн.
• Би “Эрдэнэт”-ийн 49 хувийг  Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. 
• Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. 
• Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг Х.Баттулга олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. 
• Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө. Т.Ганболдын гэх “Корпорейт” зочид буудалд би хонож үзээгүй. 
• Х.Баттулга намайг таван жил харлуулсан. Та нар надтай таван жил харлуулсан хөөсөөр нь ярьж байна.
• Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн гэдэг. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна. 
• Би Х.Баттулгад таван жилийн өмнө дуудаад “Чи улстөрөөс гар. Чамд зохихгүй юм байна. Хөшөөгөө барь, үйлдвэрээ байгуул, хотоо барь, бизнесээ хий. Чиний улс төр төрийг ойлгож байгаа ойлголт өөр. Чи бол хаана мөнгө байна, хаана эрх ашиг байна гэж гараа халаасандаа хийгээд харж байна. Төрийн ажлыг хялбар харж байна. Битгий ингэ. Улс төрөөс гар гэж хэлсэн.  
• Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа. Би тэгж үнэрлэж байна. 
• Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна.