ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Шившгийн жалга”-ынхан хуралдаа согтуу сууж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-03

Хатуухан хэлэхэд сүүлийн үед төрийн ажил “хов”-ын ажил болж хувирлаа. Үүнийг батлах хамгийн тод жишээ нь НИТХ-ын шат шатны дарга нарыг сонгох хуралдаанууд байлаа.  Нийслэлийн Засаг даргыг сонгох гэж сар гаруйн хугацаанд дээр, дооргүй элдвээр “зууралдсан” тэдний дуулиант томилгоо өнгөрөгч долоо хоногт арай гэж эзэнтэй болсон юм.

Ийнхүү НИТХ-ын даргаа Нийслэлийн дарга болгосон тэд түүний хуучин суудалд эзэн томилох гэж мөн л шившгээ тарив. Ард түмний эрх ашгийн төлөө дуугарч, төрд тэдний төлөөлөл байх ёстой байгууллагын даргыг тэд өнгөрөгч баасан гарагт согтуугаар сонголоо. Энд тэд хов, хорын асуудал бус иргэдийн аж амьдрал, тэдэнд тулгамдаад буй асуудлын гарц гаргалгааг хэлэлцээд сууж байх ёстой байлаа.

Гэвч шившиг тариад зогсохгүй ард түмнийг, Монгол төрийг дорд үзэж, төрийн томилгоог согтуугаар хийв. Иргэдийн хэлдэгээр “хов”-ын ажил, өөрсдийнх нь нэршлээр “хор”-ын ажлаа хийх гэсэн үү, ямартай ч эхлээгүй хуралдаанаас зургаан цагийн завсарлага авснаар “шившгийн жалга”-ын “онигоо” эхлэв. Ийн нэрлэхийн учир нь УИХ дахь ховын ажлаа тэд “шившгийн хөндий” гэж нэрлээд буй. Тэгвэл түүнээс арай бага эрх мэдэл бүхий НИТХ-ын онигоо “шившгийн жалга” болж таарна. Тэд 45 хүнийг тоолох тооллогын комиссоо сонгох гэж хэдэн цагаар хэрэлдлээ. Гэтэл энэ хооронд НИТХ-ын даргад өрсөлдөхөөр өөрийн нэрээ дэвшүүлж, саналын хуудаст бичүүлээд байсан Ц.Байгалмаа гэнэтхэн нэрээ татахаа мэдэгдэв.

Тооллогын комиссоо сонгох гэж удтал  хэрэлдсэн нь Р.Дагва, Ц.Байгалмаа нарыг тохиролцоонд хүрэх завшаан болов уу гэж харах  хүн олон байна. Ингээд “дүрмийн дагуу” дахиад л хэрэлдэж, АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан юм. Эцэст нь НИТХ дахь АН-ын бүлэг  энэ томилгоог хууль бус байсан гэж эдүгээ шүүх цагдаадаа хүрэхдээ тулаад байна. Тэд төрд ард түмний төлөөлөл байхаар сонгогдсон хүмүүс. Гэтэл сандал, суудлын төлөө хэмлэлцэж, улстөржиж суух бол та нарын ажил биш НИТХ-ынхаан.

Аль ч талаараа та нар улс төрийн сэдэв биш. Гагцхүү иргэдийн төлөөлөл болж, тэдний эрх ашгийн төлөө дуугарах л та нарын үүрэг. Гэтэл сүүлийн хэдэн сарын турш НИТХ-аар зөвхөн томилгооны асуудал ярих болсныг ард түмэн харж бай­на. Барилдахаасаа таахалзах нь их гэдэгчлэн дарга томилно, чөлөөлнө гэж хурал зарлачихаад хойш­луулна, завсарлага авна. Байж, байж хуралдахдаа 7-8 цагийн турш талцан хэрэлдэнэ. Бараагаа цөөхөн харуулдаг НИТХ-ын төлөөлөгч томилгооны хуралд гэнэтхэн гарч ирээд, тооллогын комисст орно гэж улайрна.

Харин сөрөг хүчин нь журмын нөхдийнхөө согтуу байгааг бахархан зарлаж, оноо авах гэж дайрна. Ард түмэн тэднийг ийм зүйл хийлгэх гэж төлөөллөө болгоогүй байлтай. Эх нь шийр алаг бол хүү нь шийр алаг гэдэг. УИХ, төрийн удирдлагууд нь шивш­гийн “зодоонтой” учраас тэр нь ард түмний төлөөлөл байх ёстой НИТХ-д хардварлажээ. УИХ-ын “ах нар” дуулиантайгаар “зодолдож”, сүрийг үзүүлэхийг харсан НИТХ-ын “дүү нар” даган дуурайж буй нь энэ. Тэд өөрсдийгөө улс төрч гэж андуурч, түмний үгийг төрд дамжуулах үүргээ умартан, хадуурч яваа нь энэ.

Энэ жишиг ерөөс төрийн шат шатны байгууллагад тахал мэт тархаж буй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Төрийн бодлого, улс орны эрх ашиг бус сандал, суудлын зодоон л төрийн ажлын нэгдүгээрт тавигдах болов. Суудлын зодоон сумаар хүрээгээ тэлж, сумаасаа багт хүрч, цэцэглэж байна. Энэ хэрэг нэгэнт нутагшсан учраас дүүрч гээд эвлэрье. Гэтэл ажлын байрандаа архи ууж, төрийн ажлыг согтуугаар хийдэг жишиг нутагшиж байна уу гэх хардлагыг НИТХ-ын томилгооны хурал харууллаа. Төрийн ордонд халамцуу байгаа бичлэгээр эхэлсэн энэ давалгаа яаманд халдаж, эдүгээ НИТХ-д ч нэвтэрлээ.

Бүр сумын төрийн байгууллагад халдсаныг саяхан Өмнөговь аймагт цагдаа нар архи­дан согтуурч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг харуулж байна. Тэднийг төрийн албан гарч, ажлын байрандаа архи уун наргиж, хэл амаа уралдуулж суухыг харах гэж иргэдийн төлөөлөл болгоогүй. Согтуу даналзаж, хэлнийхээ хурцыг гайхуулж суухын оронд иргэдийн асуудалд анхаарч, тэдний амьдрал дунд буцалж явах ёс­той. Гэтэл иргэдийг төлөөлөх үүргээ мартаж, суудлын “самуурал”-д автан  өөрсдийгөө улс төрийн тойрогт оруулчихсан нь харамсалтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байрандаа архи уусан хүнтэй хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж, яам бүрт шалгалт хийн хэсэгтээ шуугисан.

Тэгвэл согтуугаар хуралд сууж, ард түмнийг төлөөлөн сонголт хийж буй эдгээр хурган дарга нарт Ерөнхий сайд хариуцлага тооцох биз ээ. 

Шившгийн хэмээх тодот­голтой цуврал онигоо дуусах болоогүй. Одоо тэдэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргыг сонгох үлдээд байна. Энэ томилгоогоор ямар жүжиг тавьж, шившиг болох бол гэхээс яс хавталзмаар санагдах. МАН-ын бүлгийн даргаа сонгох гэж үргэлж­лүүлэн “шившгийн хонхор” гаргаад ирэхгүй байгаа­сай гэж найдъя.