-Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр 49 хувийн хэрэгт холбогдуулж, дөрвөн хүнээс байцаалт авлаа-
“Эрдэнэт”-ийн 49 хувийг авах хуйвалдааныг эртнээс зохион байгуулж байсан, оролцсон, зааварчилгаа өгсөн хүмүүсийг Монголын хуулийн байгууллагынхан нарийн шалгах ёстойг сануулмаар байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд анхаарлаа илүү хандуулах цаг болжээ. УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахдаа хууль зөрчсөн. Тиймээс төр үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Мэдээж “Монголын зэс корпораци”-ийнхан энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Харин Үндсэн хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тэгэхээр УИХ-ын 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэсэн үг. Одоо гагцхүү биелүүлэх л үлдлээ. Биелүүлэхийн тулд яах вэ. Ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах гэж улайрч байгаа хүмүүстэй хариуцлага тооцох л хэрэгтэй байж таарна. Тэгж байж Монгол Улс өмчөө өөрийн болгоно. Өчигдөр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллагаас баривчлан, байцаалаа. Хуулийнхан шалгалтын ажлаа эрчимжүүлж байх шиг. Гэхдээ үр дүн гарах уу гэдэг асуулт бас бий.
Хууль, хяналтын байгууллага тэдний талд үйлчилж, барьсан, шалгасан нэр зүүгээд өнгөрөхгүй гэх баталгаа алга. Учир нь төрийн өндөр албан тушаал хашч байсан хүмүүсийн оролцоо байх магадлалтай. Мөн гар хөл нь хууль, хяналтын байгууллагын даргаар ажиллаж байна. Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр 330 дугаартай нууц тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар тэргүүн ээлжинд худалдаж авах эрхээсээ татгалзсан. Татгалзаж байгаагаа ОХУ-ын талд мэдэгдэхийг тэр үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасан байгаа юм. Эндээс эхлээд л хууль зөрчсөн.
“Эрдэнэт” бол стратегийн орд. Стратегийн ордын өмч, хувьчлал, эзэмшлийн асуудлыг гагцхүү УИХ шийднэ гэдэг хуультай. Гэтэл зөвхөн Засгийн газрын түвшинд, нууцаар шийджээ. Тэр үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг компани авсан талаар Оросын сайтаас олж мэдсэн талаараа ярьсан байдаг. Дээрээс нь тухайн үед ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зөвлөмж хүргүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй бол хууль зөрчинө гэж сануулж байжээ. Гэвч тэр огт тоогоогүй байна. Учир нь УИХ-аар хэлэлцүүлээгүй. Тэгэхээр энэ хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шууд утгаараа оролцсон гэсэн үг.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан 400 сая ам.долларыг яаж босгосон талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ схем зурж, танилцууллаа. 183.6 тэрбум төгрөгийг 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сангийн яамнаас авсан. Монголбанкнаас 2014, 2016 онд тус бүр 100 тэрбум төгрөг авсан. Хөгжлийн банкнаас 2014 онд 71.3, 2015 онд 51.3 сая ам.доллар зээлсэн. Дахиад 2016 оны зургадугаар сард Монголбанк 160 тэрбум төгрөгийг зузаатгал гэж өгсөн. Аж үйлдвэрийн яамнаас 2015-2016 онд 90.3 сая ам.доллар зээлсэн. Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.долларыг мөн зээлж авсан талаар тэр схемд бичсэн байгаа юм. Үндсэндээ төрөөс нийт мөнгөний 72.4 хувийг нь гаргачихсан гэсэн үг. Ингээд бодохоор тэр үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатаас ч яагаад “Кью Эс Си” гэдэг компанид 183.6 тэрбум төгрөг өгснийг асуух хэрэгтэй.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалаас мөн л “Кью Эс Си” гэдэг компанид 200 тэрбум төгрөг гаргаж өгснийг асуух ёстой юм. Монголбанк уг нь компанид зээл өгөх ёсгүй, хуулиараа хориотой. 2016 онд зузаатгал нэрээр гаргасан 81.5 сая ам.долларын тухай ч түүнээс асуух цаг болсон. Дээрээс нь Хөгжлийн банкны тэр үеийн удирдлагуудыг ч байцаах ёстой болж таарлаа. Түүнээс гадна, “Монголын зэс корпораци” Засгийн газартай гурван удаа шүүхдэлцэхэд гурвууланд нь ялсан. Эдгээр шүүх хурлуудад М.Батсуурь гэдэг шүүгч бүгдэд нь оролцсон. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гэж “Монголын зэс корпораци”-ийн талд үйлчилсэн шийдвэрийг гаргахад М.Батсуурь шүүх хурлыг даргалж байжээ.
Гэтэл тэрбээр ХХБ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн байж таарлаа. Түүний аав н.Мишиг “Юнайтед Энержи” гэх Худалдаа хөгжлийн банкны харьяа компанийн захирлаар ажиллаж байжээ. Энэ компани “Монголын зэс корпорацинд 70 сая ам.долларын зээлийг 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр олгосон талаар “Цензургүй сурвалжилга”-ынхан мэдээллээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэлгэсэн схемээр бол “Юнайтед Энержи” компани 2016 оны зургадугаар сарын 14-ний өдөр ХХБ-наас 70 сая ам.долларын зээл авчээ. Ингээд Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэргүүн шүүгч Мишигийн Батсуурь ХХБ, “Монголын зэс корпораци”-тай шууд утгаараа холбоотой болж таарч байгаа юм. Тиймээс түүнийг ч бас шалгах шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 оны долдугаар сарын 03-ны өдөр АТГ-т хандаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсантай холбоотой асуудлыг шалгахыг хүсч, албан бичиг илгээсэн байх юм. Гэвч хоёр хоногийн дараа Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай эрүү үүсгэн шалгахаас татгалзсан байдаг. Энэ хүнийг ч бас шалгах шаардлагатай. Зөвхөн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах асуудлыг УИХ-тай зөвшилцөлгүй, дураараа авахаас татгалзсан үйлдлийг шалгах ёстой биш үү. 2016 оны сонгуулийн үр дүн санаанд оромгүй эргэж, МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд бололгүй, Ж.Эрдэнэбат энэ албанд “томилогдсон”.
Түүний гаргасан хамгийн эхний шийдвэрүүдийн нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг өөрчлөх байв. 49 хувьтай холбоотой маргаан өрнөж, нэр бүхий гишүүд хууль бус үйлдлийг нь ярьсаар байхад тэр үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үл тоож, “Монголын зэс корпораци”-ийн төлөөллийг “Эрдэнэт”-ийн ТУЗ-д оруулсан. Тэр хүмүүс нь 2016 онд хоёр ч удаа “Эрдэнэт” үйлдвэрээс ногдол ашиг гэж 55 сая ам.доллар авчихаад байна. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн ярьж байна билээ. Тэгэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ч бас шалгах нь зөв. Эдгээр хүмүүс ямар хамгаалалтгүй, том аргүйгээр ингэж дураараа авирлаж чадахгүй.
Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг гэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар холбогдож таарна. Тэдний томилсон хууль, хяналтын байгууллагын дарга нар ч дамжаад холбоотой байх магадлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар авахаас татгалзсан тогтоол 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр гарсан. Тэгвэл “Монголын зэс корпораци” Оросын “Альфа” банк руу 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 5.02 сая ам.долларыг шилжүүлж, 49 хувийг авах эхний төлбөрөө төлсөн талаар “Цензургүй сурвалжилга”-аар дурьдлаа.
Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг компани авах “хор”-ыг аль эрт найруулчихсан гэсэн үг. Ерөөс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар Засгийн газар, шүүх, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банк зэрэг зэрэг хөдөлсөн юм биш үү. Тиймээс Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг барихын өрөнд экс Ерөнхийлөгчийг барих зөв байсан юм биш үү. Дээрээс нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар шударга ёсыг тогтоож, Монгол Улсаар “тоглож” байгаа хүмүүстэй хариуцлага тооцох бол Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг солих цаг болсон байна. Өмнөх Ерөнхийлөгч болоод УИХ-ын даргын хамтарч томилсон энэ хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг үнэн зөвөөр нь шалгах уу. Тэд ёстой л барилаа, тавилаа гэдгийг үзүүлэх байлгүй. Нээрээ мартах шахаж, Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэргүүн шүүгч Мишигийн Батсуурь гэдэг нөхрийг ч ажлаас нь чөлөөлж, шалгах ёстой.