Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн талаарх монголчуудын үнэлэмж өдрөөс өдөрт унаж байна. Бид хэнд итгэж, хэний үгийг сонсож, шударга дүр эсгэсэн царайных нь цаана хэн байсан юм бэ гэдгийг үзэж, харж, сонсох тусмаа дур гутаж, дотор муухайрч байх юм. Боловсролтой, шударга Ерөнхийлөгч гэх хоосон малгайны дор хамгийн болохгүй бүхнийг хийж явсан “бүдүүлэг” нэгэн байсныг олон, олон хохирогчид ар араасаа илчилсэн энэ өдрүүдэд Монгол Улс энэ хэмжээнд дэнжигнэж үлдсэнд нь баярлах шиг.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг найман жилээр хийдэг хуулийн заалтад талархаж сууна, монголчууд. Тэр дахиад Ерөнхийлөгч хийсэн бол гэхээс бие жихүүцэх шиг. Бүлэглэлд бид хэчнээн жил дарлуулах байсныг бодохоос ч айдастай. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон жил бидэнд цаасан малгай өмсгөжээ.
Хууль шүүхийн байгууллага найман жил бүлэглэлийн гарт байсан учраас шүүх засаглалаар дамжуулан хэрхэн бузар булай бүхнийг хийж байсныг өдөр бүр өнгөтөөр үзэж, сонсож байна. Энд олон жишээ ч хэрэггүй. Ердөө л “Ц.Элбэгдорж ба М.Энхболд” гэсэн МАНАН бүлэглэлийн бэтэг “60 тэрбум”-ын хэрэг гэх дуулианаар анхлан хагарч, энэ хэмжээнд олны анхааралд орж ирсэн нь хамгийн чухал байсан юм.
Хэрвээ дахиад М.Энхболд Ерөнхийлөгчөөр суусан бол “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх байв. З.Энхболд тэргүүтэн зогсоогоогүй бол Таван толгойн орд газар хэний мэдэлд очих байсан бэ. Хэчнээн мянган бизнес эрхлэгч залуус АТГ, шүүх, прокурорын дарамтаар шоронд суух уу, эсвэл авлига өгөх үү гэдэг сонголт хийх байсныг тааж хэлэх аргагүй юм. Гэвч бэтэг хагарлаа. “Шүгэл үлээгч” залуус эхнээсээ шударга ёсны төлөө дуугарч эхлэв. Нэг талаасаа айдас байгаа ч нөгөө талаас энэ бүхнийг эцэслэх цаг болсныг, энэ улсад шударга ёс жинхэнэ утгаараа бий болох ёстойг өөрсдөөрөө үлгэрлэж байна. Сайн цагийн эхлэл байгаасай гэж залбирч сууя даа. Сар гаруйн өмнө нь Ц.Элбэгдорж гэх хүний гар хөл болсон Д.Дорлигжав гэгч нь бизнесмэн Т.Ганболдыг хэрхэн дарамталж авлига авсан, тэр бүхнийг өөгшүүлж суусан Ц.Элбэгдорж юу гэж хэлж, ярьж байсныг монголчууд үзсэн, сонссон. Бүр баримттайгаар хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонслоо.
Хэн ч Т.Ганболдын ярьсныг үгүйсгэж чадаагүй. Хуулийн хайч ч тэр дороо ажиллаж Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт баривчилж байв. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр ял эдэлсэн Л.Гансүх дахиад л “шүгэл үлээв”. Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч Н.Алтанхуягийн найз гэдгээрээ л буруутан болж, шударга бусын хонгилоор хямд нүүрс тараасныхаа төлөө ачигдсан тэрбээр айдсаа ардаа үлдээгээд ярьж байх юм. Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгчөөр суусан бол ярьж чадахгүй байлаа. “МАНАН” бүлэглэл сарниж эхлээгүй бол ил гарахыг ч хүсэхгүй байх байлаа. Олон нийтэд нээлттэй болсон, хохирогч байхгүй атлаа хохирлын дүнтэй, хоригдолтой шүүх хурлын жинхэнэ үнэнийг уудлан тавьжээ. Ц.Элбэгдорж гэж хүний шударга бусын хонгилоор ачигдах уу, эсвэл Н.Алтанхуяг найзыгаа буруутан болгож худалдах уу гэсэн сонголтыг Л.Гансүх хийсэн гэдгээ ярив.
Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягтай эвлэрүүл хэмээн жорлонгийн усаа татан ярьж байсан Ерөнхий прокурорын айдсын талаар ч бид сонслоо. Тэр худлаа яриагүй гэдэгт итгэж байна. Гэмгүй хүнийг гүтгэх нь хуультай болсон энэ цагт Төрийн тэргүүн байсан хүний талаар худлаа зүйл ярина гэж юу байх билээ. Л.Гансүх олон зүйлийг дэлгэж тавилаа. Шүүх байгууллагын систем хэрхэн ажилладаг, Ц.Элбэгдоржийн бий болгосон шударга бусын хонгилын шүүгчдийн нэрсийг бас дурьдав. Одоо энэ хүн АН-аа хагалахаар санаархаж, нам дотроо хутган үймүүлэх ажлаа эхэлчихсэн байгааг ч хэлж байх юм. Ц.Элбэгдоржийн хөл гар цуцах болоогүй байна гэсэн үг л дээ. Байр сууриа илүү батжуулахаар улайрч байгаа нь тодорхой байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйвар Ц.Элбэгдоржийн үед хэрхэн зохион байгуулалттай хийгдэж, Н.Алтанхуягийг зайлуулж тавьсан өөрийнх нь хүн болох Ч.Сайханбилэг тэргүүтэн яаж ажилласныг мэддэг боллоо, монголчууд. Үнэнд гүйцэгдэхийн цагт экс Ерөнхийлөгч маань “Намайг цензургүй яриул. Би гүйгээд очъё” хэмээн сандарч байх аж. Өмнөх Ерөнхийлөгч нараа дэвсэлдэг зангаараа өнөөгийн Ерөнхийлөгчид зориулж хоёр цаг хэвлэлийн хурал хийж байсан нь ч саяхны үйл явдал. Их л сандарч байна даа, экс Ерөнхийлөгч маань.
Хэрвээ энэ бүхэн худлаа байсан юм бол Ц.Элбэгдорж та дуугүй суухгүй байсан. Эс бөгөөс ар араасаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч буй эдгээр залуусыг нэг бүрчлэн шүүхэд өгөх байсан юм. Гэвч тийм зүйл болсонгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяраас эхлээд, түүний дэргэд шадарлаж явсан намынх нь нөхөд хүртэл бузар булхайг нь уудлан ярьж байгааг мянга дахин үгүйсгэх гээд ч танд баримт алга. Энэ бүхэн Х.Баттулгад долигонох гэсэн үйлдэл хэрхэвч биш. Ерөөс МАНАН бүлэглэлийн хүч суларч эхэлснээр үнэнийг уудлах эр зориг л эдгээр залууст бий болсон хэрэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг саяхан хууль дуудахад “зангиагаа засч, гутлаа тослоод очлоо” хэмээн зургаа оруулж, бичлэг хийж байна билээ. Тэгвэл энэ удаа оймсоо өмсөөд ачигдах нь цаг хугацааны асуудал болжээ.
Тэр ч бэлэн байгаа биз. Яасан дуусдаггүй шунал, ямар ичдэггүй нүүр вэ, экс Ерөнхийлөгч өө. Найман жил танд итгэсэн монголчуудын өмнөөс ямар нүүрээрээ инээгээд ярьж суух хэрэг вэ. Энэ бүх булхай луйвраа хэнд тохож, хэнийг буруутгахаар бэлтгэж байна вэ. Тавантолгойг БНХАУ-ын “Чайна Шинхуа Энержи” компанид өгөх гэж байсан булхайг нь намынх нь гишүүд анхлан илчилж, тэмцэл өрнүүлсээр авч үлдэж байлаа. Түүх үнэнийг гэрчилж үлдээсэн. “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шахаа, 49 хувийн луйварт оролцсон байдалд, шүүх засаглалд тогтоосон нөлөөлөл, авлига, албан тушаалын бүх хэрэгт Ц.Элбэгдоржийн нэр ар араасаа гарч ирж байна. Бас л баримттайгаар олонд ил боллоо. Одоо Ардчилсан намаа хоёр хуваах ажилдаа ханцуй шамлан орж, Ардчилсан Ерөнхийлөгчөө нухчин дарахаар шамдаж буйг чинь олон нийт жигшин харж байх юм. Хайран ч нэр хүнд. Хайран ч шударга дүр.