ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улстөрчдийн “нохойд барьдаг мод” битгий бол, залуучууд аа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-19

Улстөрч болоод, ямар ч хамаагүй аргаар албан тушаалд хүрвэл мөнгөтэй болж, сайхан амьдарна гэсэн бодолтой залуус жил ирэх тусам нэмэгдээд байх шиг. Ямар сайндаа л Монголд 30 улс төрийн нам байгаа нь үүний илрэл.

Янз бүрийн хөдөлгөөнүүд гарч ирж, ямар ч хамаагүй сэдэв барьж аваад, жагсаал, цуглаан хийж байгаа нь ч бас үүний илрэл.  Тэд бүгдээрээ л хэн нэг том улстөрчийн гар,  хөл болж, цүнхийг нь барьж, улс төрийн тоглоомынх нь хэрэгсэл болж байна. Өөрөөр хэлбэл, “нохойд барьдаг мод” нь болсон.  Аргагүй л дээ, ийм аргаар төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс бэлээхэн байж байхад. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Өөрөө одоогийн Ерөнхий сайдын заавраар талбай дээр жагсаал хийж, төмөр торх нүдэж явсан гэдгээ чуулганы танхимд сууж байгаад ярьсан.

Зам, тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гэдэг нөхөр байна. Бусдыг хараар будах нууц тарнийн аргад төгс нэвтэрсэн хүн гэгддэг. Тэр томчуудын “нохойд барьдаг мод” нь болж явсаар, дэд сайдын суудалд суугаад авсан. Цаашлаад ямар ч албан тушаалд очиж магадгүй. Энэ мэт суга дэвшсэн жишээ байхад залуучууд “мод” ч хамаагүй болж зүтгэж байгаад нэг жижиг газрын дарга ч болтугай болохын төлөө зүтгэхээс биш яахав. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий шүү. Бүх зүйл цагийн аясаар өөрчлөгдөж байна. Жагсаал хийж, худлаа орилж, эх орныхоо төлөө гэж попорч, хулгайчидтай тэмцэнэ гэж шударга царайлсан хүмүүсийн үнэн нүүр царай ямар болохыг иргэд ялгадаг болсон.

Хоёр том намын нөлөө бүхий улстөрчид ч гэсэн залуусыг өмнөө барьж, турхирч, заваан улстөрдөө хутгахаа боль. “Нэхүүл”, “Хэвтүүл” гээд цоо шинэ хөдөлгөөн гарч ирээд, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй тэмцэхээ илэрхийлж, баахан жагссан. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад үйлсэд ч үнэт хувь нэмрээ оруулсан. Гэтэл Ерөнхий сайдтай хамт бэлтгэл хийдэг залуучууд болох нь удахгүй мэдэгдэж, цахим сүлжээнд нэг хэсэгтээ л сэдэв болов. “ЖДҮ-тэй тэмцэгч “Нэхүүл” хөдөлгөөнийнхөн Ерөнхий сайдтайгаа золгож, гарын бэлэг авчээ, баяр хүргэе” гэсэн жиргээ, пост цахим ертөнцийг “эзэлсэн”. Бүр намын даргатайгаа хамт бэлтгэл хийж, суниаж байгаа зураг, бичлэг ч тараад амжсан.  

Нэг үе УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зураг шатаах, дээл давхарлаж өмсөх, төмөр торх нүдэх ажлыг оройлон хийдэг байсан бол түүний халааг авсан хүмүүс нь “Нэхүүл”-ийнхэн болж таарч байна.  Ардчилсан намд ч ялгаагүй “нохойд барьдаг мод” байна. АН хоёр хуваагдаж, зарим нь шинэ нам байгуулахаар болсон. Өөр нэг хэсэг нь хөдөлгөөн байгуулж байгаагаа зарлаж, шударга ёсны төлөө тэмцэхээр болоод байгаа.  Гэтэл аль талынх нь “нохойд барьдаг мод” юм бүү мэд, хэсэг залуус хэвлэлийн хурал хийж, намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ярив.  Өөрсдийгөө АН-ын залуу гишүүд гэж танилцуулаад байгаа юм.

 Хэн ч танихгүй, хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хэдэн “нусан буу” намын дарга, бүлгийн даргатай хариуцлага тооцохыг уриалж ч байх шиг. МАНАН бүлэглэлийн эрх ашгийг бүлгийнхээ гишүүдэд тулгасан. Манай намын нэр хүнд 60 тэрбум, ЖДҮ-тэй холбогдож, уналаа гэх мэтээр ярьж, дарга нараа огцруулахыг хүсч байгаа гэсэн. Ингэж л томчуудын захиалсан хөгжмийг тоглож өгөх “хөгжимчин” болж гүйж байна.  Ингээд бичихээр “Биднийг гүжирдлээ, өөрсдийнхөө сэтгэл зүрхээр, намаа аврахаар бид зүтгэж байна. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэнэ. Манай намын удирдлагууд бүлэглэлд үйлчилж байна” гэж ирээд цээжээ дэлдэж магадгүй.  

Өнөөдрийг хүртэл улст төрөөр оролдох гэж хичээж байгаа залуучууд дандаа л “нохойд барьдаг мод” болсоор ирсэн гэдгийг түүх гэрчилнэ.  Зөвхөн улстөр ч гэлтгүй бизнесийн бүлэглэл ч залуучуудыг өмнөө барьж, яаж ашиглаж байгааг олон жишээ харуулж л байна. Магадгүй байдал эвгүйтээд, асуудал үүсээд, хариуцлага хүлээх болбол “бурхинууд” толгойгоо ч цухуйлгахгүй бүгээд, залуус нь намнуулна даа. Тоглоомын дүрэм өнөөдрийг хүртэл тийм л байгаа, тийм л байна.  Тиймээс залуус минь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын замаар урагшаа зүтгээд, амжилтад хүрнэ гэж найдаж байвал дэмий дээ.  Олон хүнд тийм боломж олддохгүй нь ойлгомжтой. Төмөр торх нүдэлцэж явсан хүмүүсээс гишүүн болсон нь хэд юм, хагартлаа баяжсан нь хэчнээн юм.

 Хууль завхарсан, эрх мэдэлтнүүд задарсан үед хурган дарга хийж, хувьдаа завшиж болж л байсан байх. Одоо цаг өөр болж байна. Цүнх баригчид, торх нүдэгчдээс иргэд залхчихсан. Харлуулагчдыг үзэн яддаг болсон. Тиймээс хэн нэг улстөрчийн “нохойд барьдаг мод” нь битгий бол. Өөрсдийнхөө чадвараар, мэдлэг боловсролоор өөдөө гарах гэж зүтгэ. Шударга ёсыг бид магадгүй энэ үеийн улстөрчдөөс хүлээгээд үр дүн гарахгүй ч байж мэднэ. Тэгвэл залуусын ээлж ирэхэд бид тэр шударга ёсыг тогтоох ёстой. Өнөөдөр чи, та, та нар “нохойд барьдаг мод” байвал “нохойд хазуулсан мод”-ноос сурсан арга барил нь л гарна. Түүнээс биш шударга ёс, сайн сайхан “ургахгүй”.