Хуулийн дээр хөх тэнгэр л бий гэдэг үгийг худлаа болохыг баталсан өдөр хоногууд өнгөрсөөр. Монголд хууль олон бий. Тэр олон хуулийг дагаж мөрдүүлэх учиртай шүүгч, прокурор, АТГ-ынхныг хэрхэн ажилладаг, хэнд үйлчилдэг талаар амьд гэрчүүд нь баримт нотолгоогоо дэлгэсээр байна. Энд зөвхөн гуравхан хүний ярьсан, хэлсэн баримтыг сийрүүллээ. Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, нөгөөх нь Хуульзүй, дотоод хэргийн сайд, үлдсэн нь жирийн хэлмэгдсэн иргэн. Гурван өөр субьект нэг л юмыг ярьж, ганцхан зүйл дээр санал нийлж байна. Энэ нь өнөөгийн Монголын хууль, шүүхийнхний үнэн нүүр царай. Парламентын засаглалтай, ардчилсан орны хууль шүүх ийм байхаар хэнд итгэж, хаана амьдарч, шударга ёсыг хэн сахих вэ. Уншигч та анзаарвал шүүх, прокурор, АТГ-ын удирдлагууд, цөөн хэдэн шүүгч, прокурорын нэр л дээрх гурван хүний ярианд дахин дахин дурьдагдаж байгаа бөгөөд ганцхан хүний дохио зангаа л мэдрэгдэж байгаа биз. Та уншаад харьцуулаад нэг үзээрэй.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Хүнийг ямар ч хэргээр, юу ч гэж гүжирдэж чадах хүмүүс
-Намайг ялласан хүмүүс бүгд шагнал авсан. Л.Соёл-Эрдэнэ гэдэг шүүгч миний шүүх хурлыг даргалж байсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурлыг даргалсан. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт шүүгч хийж байгаад хүний хэргийн материалыг урсан хэрэгтээ шүүгч байх эрхээ хасуулж байсан хүн.
Ийм хүмүүсийг олж авч, но-гоор нь дарамталж, ажиллая гэж бодож байгаа бол Энхбаярыг шоронд хий, Гансүхийг шоронд хий, эсвэл Алтанхуягт хэрэг үүсгэ гэдэг. Барьцаатай хүн аргагүй. Алдартай М.Алдар гэж шүүгч байна. Ц.Оюунчимэг гэдэг шүүгч анхан шатны шүүхэд ямар ч холбоогүй асуудлаар улаан цайм алх цохисон хүн байна. Дараа нь давж заалдсан. Нийслэлийн шүүхийн даргаар ажиллаж байсан Б.Сарантуяа шүүх хурлыг даргалж, Х.Эрдэнэсувд, Г.Алтанчимэг нар оролцсон байдаг. Дараа нь шүүгч Б.Сарантуяагийн нөхөрт гавьяат цол өгч, хүүхдийг нь шүүгчээр томилж байгаа юм. Энэ даалгаврыг биелүүлсэн гэж тэр.
Миний өмгөөлөгчийг загнаж байгаад надад ял өгсөн. Үндсэн хуульд шүүх хуралд шүүгчдэгч өөрийн биеэр оролцох эрхтэй гэж заасан байдаг. Би өөрийгөө хамгаалж шүүх хуралдаа оръё гэхэд оруулаагүй. Дараа нь Дээд шүүхэд очлоо. Нямжав шүүгч даргалж, Батсүрэн, Бат-Эрдэнэ, Уранцэцэг, Эрдэнэбалсүрэн гэдэг таван шүүгч оролцож, өмнөх шүүхийн захирамжийг хэвээр баталсан. Нямжав нь надтай хамт ажиллаж байсан Барсболд /сайд асан/ гэж залуугийн ээжийнх нь дүү. Барсболд Ховдын Хөшөөтийн уурхайг дүү нараасаа хятадуудтай нийлж хулхидаж аваад, офшор данс нээж авсан хүн. Тэрийг нь Элбэгдорж мэдсэн, шалгах болоод ирэхээр “ах аа, намайг бодоорой” гэхээр нөгөөх нь “Чи тэгвэл ахаараа, Нямжаваараа Энхбаярын шүүх хурлыг даргалуулж, асуудлыг шийдэж өг” гэдэг. Ингэж л барьцаалагдсан, эсвэл шагнал горьдсон хүмүүсийг ашигладаг.
Маш муухай шударга бус хонгил. Алтанхуягийн ярьж байгаа нь үнэн. Тиймээс энэ системийг засахгүй бол болохгүй. Би цаашдаа ч энэ тухай дугарна. Нэр устай нь ярина. Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, Энхболдын оролцоотой, түүнийг дэмждэг хүмүүсийн багаар сонгосон шүүх, прокурор, АТГ, бусад шүүх хуулийн бусад байгууллагын бүхэл бүтэн сүлжээ байгаа. Сая Эрдэнэбилэг шалгагдаад 12 цаг болов уу, үгүй юу, гаргачихаж байгаа биз дээ. Хар тамхины хэргээр шалгагдаж байсан ахыгаа хамгаалахын тулд л шүүгч нь түүнийг суллачихаж байна. Энэ бүхнийг зангидаж байгаа нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Зориг.
Тэр доошоо утасдана, нөгөөдүүл нь даалгаврыг нь биелүүлнэ. Ийм хамгаалалттай байгаа учраас эд зоригтой байна. “Би айхгүй байна, очно, очиж байна, өмд цамцаа индүүдээд очиж байна” энэ тэр. Алтанхуягийн хэлдгээр бүх шүүгч нарыг нь өөрчилж сольсны дараа дуудаад үзвэл яах бол... 2017 онд намайг “хүмүүжилгүй” гээд сонгуульд оруулаагүй. Би шүүхэд “өршөөлийн хуульд хамрагдсан, сонгуульд оръё гэсэн” ч оруулаагүй. Сүхбаатар дүүргийн шүүх, нөгөө Алдар гэдэг шүүгч намайг засарсан гэдгээ батал гэсэн. “Та энд тэнд лекц уншсан уу, телевизээр гарсан уу” гэсэн “Уншсан” гэсэн чинь “Лекцэндээ суусан бүх хүнээс Энхбаярын лекц сайхан болсон” гэсэн бичиг авчир гэж байгаа юм. “Би чадахгүй” гэсэн чинь “Хүмүүжсэн гэдгээ баталж чадахгүй байна” гээд 2017 оны сонгуульд оруулаагүй.
Шударга бус шүүхийн хонгил чинь энэ. Хүнийг яаж ч хамаагүй, юу ч гэж хамаагүй гүжирдэнэ. Мөн 2012 онд намайг боловсролгүй гээд сонгуульд оруулаагүй. Би өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ОХУ-ын Ерөнхий сайдтай орос хэлээр ярьж байгаад их өрөө шийдүүлээд ирсэн, АНУ-д Ж.Бушийн урилгаар айлчилж байхдаа англи хэлээр ярьж байгаад Монголд 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ирсэн хүн. Ийм л утгагүй юмаар хүнийг гүжирддэг л дээ. Эцсийн мөч хүртэл үнэний төлөө тэмцэнэ ээ, одоо. Нөхрийг нь буруудсан, алдсан, эсвэл хэлмэгдсэнийг нь ашиглаж эхнэрийг нь бэлгийн харилцаанд оруулдаг прокурортой л улс шүү дээ, бид.
/Эх сурвалж: “Цензургүй яриа” нэвтрүүлэг. 2019.03.18/
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Монголын шүүх Зоригтын үеийнх шиг шударга бус байсныг би мэдэхгүй
-Би сургууль төгсч ирээд Улсын прокурорт ажилд орсноос хойш 37 жил болжээ. Энэ хугацаанд Улсын дээд шүүхийг долоон хүн толгойлсон байдаг. Долоо дахь нь энэ Зоригт гэдэг нөхөр. Зоригтыг би мэднэ. Монголын шүүх энэ 37 жилийн хугацаанд Зоригтын үеийнх шиг шударга бус байсныг мэдэхгүй. Өнөөдөр Монголын дээд шүүх шударга ёсыг булшлагч болж хувирсан. Зоригтын үед Монголын шүүх хоёр нүүртэй болсон. Жирийн иргэдийн хэргийг номоор нь шийдэж, арын хаалга, танил талтай мөнгөтэй хүнд өөрөөр үйлчилдэг хоёр дахь нүүртэй болсон.
Энэ хоёр дахь нүүр нь Монголын шүүхийг бүхэлд нь ялзруулж байна. Шүүх, прокурорыг улстөрийн байгууллага болгож хувиргасан хүн бол Цахиагийн Элбэгдорж гэдэг овилгогүй нөхөр. Энэ этгээд Ерөнхийлөгч болчихоод АТГ-ын даргыг шоронд хорьж, шүүгч, ерөнхий прокурор нарыг нь дуудаж шантаажилсаар байгаад хөөж явуулаад үгнээс гардаггүй хүмүүсийг оронд нь томилсон. Энэ хүмүүс нь Монголын шүүх, прокурорын байгууллагыг захиалгат болгож хувиргасан. Өнөөдөр гор нь гарч байна.
Захиалгыг нь биелүүлсэн хүмүүсийг одонгоор шагнадаг, гавьяат болгодог, албан тушаал өгдөг болсон. Гэм зэмгүй хүмүүсийг шоронд хатаадаг болсон, заримынх нь аминд хүрсэн. Шүүхэд дур зоргоороо авирладаг явдал ердийн үзэгдэл болсон. Өнөөдөр шүүх шударга ёсонд үйлчилдэг бус дарга нарт үйлчилдэг зодуурын хэрэгсэл болсон. Зоригт гэдэг хүний үед. Хараат бус гэдгийг дур зоргоороо авирлах гэж ойлгодог болсон. Монгол Улсын Их хуралд нэг бүрэн эрх бий. Шаардлагатай бол ямар ч асуудлыг авч хэлэлцэх ёстой. Одоо эрхээ эдлэх цаг болсон. Алийн болгон захиалгын шүүгчээр тоглуулж, гэм зэмгүй хүмүүсийн амьдралаар тоглуулах юм бэ.
Цагаандаа гарлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны захиалгаар томилогдсон Одмаа шүүгч “Эрдэнэт”-ийн талаар гаргасан шийдвэрийг анхан шатныхаар шийдвэрлээд, давж заалдах шатны шүүхийг нь ХХБ-ны Хуулийн хэлтсийн дарга байсан Батсуурь даргалаад сууж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна. Шударга ёсыг УИХ-аас эхлэх ёстой. Санал нэг байна. Бас Дээд шүүхээс, прокуророос эхлэх ёстой. Монголын шүүх Булган гэдэг хүнийг шүүх хуралд оролцуулахгүйгээр, тэр хүний ам зургаар гурван хүнийг шийтгэж байна. Дээд шүүхийн Зоригт гэдэг хүн хууль зөрчөөд давж заалдах шатны шүүх хурлыг өөр дээрээ татаж даргалсан. Энийг хэн ч ярихгүй байна. Захиалгаар хийсэн. Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ. Соёл-Эрдэм ээ, дахиад битгий ийм юм хийгээрэй. Өмнө нь ч ийм асуудалд орсон байхыг чинь үгүйсгэхгүй шүү.
/Эх сурвалж: УИХ-ын чуулганы хуралдаан/
Иргэн Б.Мөнгөнтуяа: Эрхэм прокурорууд аа, миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай
-Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд үүсч, тухайн өдөр намайг ажил дээрээс минь шууд баривчилж хорьсон. Бүтэн зургаан сар, найм хоног хорьсон. Гэхдээ Эрүүгийн хуулийн 265,2, 150., гэдэг хүнд зүйл ангиар ялласан. Бүх л бие махбодь, сэтгэл санаагаар минь хохироож, нэр төрийг минь гутаасан. Эрхэм прокурорууд аа, миний нүд хүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Өнөөдөр би та хоёрын өөрсдийн хорьсон зүйл ангиар хэрэгсэхгүй болчихоод дахиад 2015 оны гуравдугаар сард 263.2, 166.2 гэдэг зүйл ангиар дахиад зогсч байна. Улстөрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл анги гэнэ.
Би Батцэнгэл овогтой Мөнгөнтуяа. Миний аав тэнд зогсч байна. Яллагч нар яллах дүгнэлтдээ “Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангуагийн охин Мөнгөнтуяа” гэсэн байна. Надад ийм овог байхгүй. Намайг яллах гэж байгаа бол ядаж эцгийн минь нэрийг зөв биччих. Ингэж цоллож, хамаатуулж, ийм зүйл ангиар яллаж байна. “Багануур” компанид би компаниа танилцуулаагүй, танилцуулж гэрээ байгуулсан учраас яллаж байгаа юм гэнэ. Би хэнд ч юу ч танилцуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй.
Төрийн өмчийн компанийн өөрсдийнх нь хийсэн, баталсан, тооцоо судалгааг нь хийгээд, таван газрын дарга гарын үсэг зурсан гэрээг мөрдсөнийхөө төлөө энд зогсч байна. Бүхэл бүтэн ТӨХК-ийн гэрээнд оролцох эрх надад байгаад, энэ хүмүүсийг алдагдалд оруулсан гэвэл үүн шиг эмгэнэлтэй, худлаа юм байхгүй. Ийм юмаар хүн яллаж болдог юм уу. Над шиг энгийн нягтланг хэн тоож гэрээнд оролцуулж, зүйл заалт ярих юм бэ. Энэ шүүх хуралд оролцож байгаа “Багануур” компанийнхнаас хэн нь ч намайг танихгүй. Гэрчээр оролцож байгаа нэг л хүн намайг гүтгээд байгаа юм. Бямбажаргал гэдэг хүн. Хэрэг үүсээд бүтэн жил өнгөрчихөөд байхад 166.2-оор ял төлөвлөж байгаа юм.
Татварын зүйл анги. Зургаан сар намайг суулгачихаад хэрэг хүлээлгэх гээд зүйл анги олдохгүй, ичээд байгаа юм шиг байгаа юм. Оюун-Эрдэнэ аудит нарын шинжээчдийн бүрэлдэхүүн Цацрал, Баярсайхан, Мөнхзул нар АТГ-аас хөлс авч гэрээ байгуулж хийсэн байна лээ. Өөрсдөө ч хэлсэн. Хараат бус аудит шүү дээ. АТГ-ын Нарантуяагийн бэлдэж өгсөн асуултад хариулсан, гаргаж өгсөн баримтыг нь шалгасан гээд байгаа юм. Баримт нь тодорхой биш. Хэдэн хуудас гээд бичээд авчихсан. Долоон хайрцаг баримт хурааж авсан гэчихээд хэнд ч үзүүлдэггүй. Тэгсэн мөртлөө үнэн зөв аудит хийсэн гэдэг. Тэгээд яагаад өөрсдийнхөө зөвийг баталж чадахгүй байгаа юм.
Энд түмний шившиг болоод зогсч байсан. Тэгээд АТГ-ын мөрдөн байцаагчийн тогтоолоор хууль зөрчөөд томилогдчихсон, өөрсдийнхөө эрх үүргээс давсан акт үйлдчихсэн, шинжээчдийн хариултыг үндэслээд татварын хохирол яагаад нэхэмжлээд байгаа юм бэ. Тэгсэн мөртлөө компаниудад ямар ч шалгалт хийгээгүй, акт торгууль тавиагүй гэж байгаа юм. Баянзүрх дүүргийн татварын байцаагч Эрдэнэхалиун ярьж байна. Шинжээч нарт итгэж байна, эд буруу юм хийх хүмүүс биш гэнэ. Хүний яриагаар ингэж хохирол нэхэмжилж болдог юм уу. Өөрсдөө үзэж шалгах сэтгэл байхгүй юм уу. Татварын зүйл ангиар яллагдсанаасаа хойш татварын улсын шалгалт оруулаад өгөөч, шүүх шинжилгээг нь оруулаад өгөөч гэж олон удаа гуйсан. Эд хүсээгүй. Яллах л ёстой.
Тэрийгээ өөрсдөө нотолж чадахгүй. Бүх баримтаа авчраад намайг улайлгах ёстой. Чадахгүй учраас, өөрсдөө улайх учраас баримтаа авчрахгүй нуугаад байна. Энэ тайлан чинь миний эрхийг маш их зөрчсөн шүү. Надад тайлбарлах, батлах, нотлох, няцаах, үзэх ямар ч эрхийг минь олгоогүй. Зүгээр л тэрбум тэрбумаар нь яллаж байна. Шинжээчийн дүгнэлт чинь зохиомол. Зохиомол учраас та нар ярьж чадахгүй байгаа. Баянсүрэн прокурор оо, Ерөнхий сайд байсан хүнээс хоёр компанийн ашгийг асуух биш надаас асуу л даа. Надаас та нар юу ч асуугаагүй. Яагаад гэвэл та нар мэдэхгүй, юу ч ойлгоогүй. Наад санхүүгийн асуудлыг чинь би мэднэ, би хийсэн, би хариуцна. Хүн эдийн засгийн мэдлэггүй, нягтлан бодохын ойлголтгүй байж болно, тайлан баланс уншиж чадахгүй байж болно.
Өссөн дүн гэж юу байдгийг та нар мэдэх үү, ичмээр. Ичиж үхмээр. Арай ч дээ, ийм юм хийж болдог юм уу. Хийсэн надаас асуу л даа. Юмаа ойлгохгүй хүмүүс хүнийг яллаад сууж байж болдог юм уу. Шударга явдал юм уу. Би шинжээчдээс ичиж байна. Би ямар ч татвар нууж, тайлан балансдаа тусгаж, баримтгүй хийгээгүй. Тиймээс ч энэ хүмүүс миний буруугүйг нотлох баримт авчраагүй. Мэргэжлийн ёсзүйгүй шинжээчдээс ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдийг минь битгий ингэж доромжлоосой. Намайг зургаан сар хорьсондоо ичээд байгаа бол надаас уучлалт гуй. Худлаа юмаар битгий ялла. Уучлалт гуйлаа ч миний ар гэр, хань ижил, найз нөхдийн зовлонг нөхөхгүй. Энэ улстөр чинь хэтэрч байна.
/Эх сурвалж. Ийгл тв. Л.Гансүх нарын шүүх хурлаас/
А.ОДСҮРЭН