“Монголын мэдээ” сонин гуравдугаар сарын 20-ны лхагва гарагийн дугаартаа “Шүүхийг шүүх нь-1” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн билээ. Хууль, шүүхийн байгууллагын зарим хүн хэрхэн ажилладаг, ямар албан тушаалтанд үйлчилдэг талаар олон гэрч ярьсаныг тэнд дурьдсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, иргэн Б.Мөнгөнтуяа нарын ярианаас хууль, шүүхийнхэнтэй холбоотой ноцтой хэсгүүдийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний ахлах зөвлөх асан Л.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын хууль, шүүхийнхний талаар юу гэж ярьсаныг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Г.Дэнзэнгийн зүйл ангийг сольсон шүүгч одонгоор шагнуулсан
-Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр шүүхийн өмнө аваачиж байгаад хүний амь, амьдралаар дэнчин тавьж тоглодог юм байна гэдгийг би харсан. Манай Засгийн газар ард иргэдэд хэрэгтэй ажил хийе гээд л зүтгэсэн. Тэгээд 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянга болгож бууруулсан. Үндсэндээ ард түмэндээ нэг өвөл сая биш 500 мянган төгрөгөөр өвөлжих боломжийг бий болгосны төлөө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг барьж, хорьж байгаа юм. Ердөө л Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахын төлөө л хийсэн ажил.
Замд нь хэчнээн олон залуучууд үрэгдэв. Тэр Б.Мөнгөнтуяаг яаж хэлмэгдүүллээ. Дараа нь төрөөс 38 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн. Яагаад төрөөс өгнө гэж. Хэлмэгдүүлсэн хүмүүс нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болоод л М.Энхболдтой хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр үед МАН 45 суудалтай байсан. Гэтэл Ц.Элбэгдорж манай намын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор болгоо биз дээ. М.Энхболдтой тохиролцохгүйгээр ингэх боломжгүй шүү дээ. Ардын намынхан кноп дараад л унагана. Тэд тохиролцоод, хүнээ тавьдаг. Эсвэл Ц.Элбэгдоржийнх, үгүй бол М.Энхболдын хүн байдаг. Дээд шүүхийн даргаар өөрийнхөө хүнийг томилсон, Ц.Зоригт. Прокуророор нь манай Д.Дорлигжавыг томилж байсан. Тэр нь манай намын гэхээсээ илүү Ц.Элбэгдоржийн хүн. АТГ-ын даргаар Т.Ганболдыг, орлогчоор Б.Хурцыг тавиад, хавлаад авчихсан.
Тэгээд бизнес эрхлэгчдийг дарамтлаад, мөнгө, лиценз гээд бүгдийг нь хуу хамаад л авч байсан. Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор болоход нь би ардчиллын хүн арай өөр ажиллах байх гэж бодож байсан. Гэтэл элэнцгийнх нь тийм юм байх вэ дээ, Д.Дорлигжавын үед өчнөөн хүн шоронд орсон. Манай Л.Гансүх хүртэл орж байгаа юм чинь...Хэрвээ М.Энхболд огцорвол “Шударга бусын хонгил”-ын тулгуурууд нурж унана. АТГ, прокурор, шүүх. Одоо тэд яагаад ийм пээдгэр байна гэхээр гол хамгаалагч нь байгаа. 60 тэрбумын хэргийн бүх зүйл ойлгомжтой байхад мэлзээд суугаад байгаа биз дээ. Буруу зүйл хийсэн хүмүүс нь шийтгэл амсдаггүй, харин ч дэвшээд байдаг. Монголд яагаад ийм олон генерал төрөөд байгаа юм бэ. Ямар ч дайн болоогүй, энх цагт ийм олон генералаар яах гээд байгаа юм.
Тэд “Шударга бусын хонгил” руу хэдэн хүнийг хийж өгснөөрөө л генерал цол аваад байна шүү дээ. Би ичиж үхэж байна. Хонгилын хаалга нээж өгсөн М.Ганболд генерал. Дагалдан Б.Доньжчимбуу генерал. Б.Хурц генерал. Яагаад энхтайван цагт хүмүүсийг яргалсаныхаа төлөө генерал цол авдаг юм. Одон, тэмдэг бол бүр баларсан. Хонгил руугаа хүн оруулаад л шүүгчийг одонгоор шагнана. Дэнзэнд хэрэг үүсгээд, прокурор нь яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч нь “Энэ зүйл ангиар яллахгүй ээ. Оронд нь ийм зүйл ангиар яллаж ир” гэж хэлээд л одонгоор шагнуулж байгаа юм. Үндэсний аудитын газрын дарга байсан Зангадыг гэхэд Ц.Элбэгдорж тавьсан. Зангад цэрэгтээ тушаал өгөөд, нүүрсэн дээр хохирогч ол гэсэн. Ард түмэнд ашиг гарчихсан байхад компанид нь хохиролтой мэтээр хүнийг яллаж байна шүү дээ. Энэ хонгил биш үү.
Эх сурвалж: “Цензургүй яриа” 2018.12.10
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх: С.Соёмбо-Эрдэнийн шагнал нь Дээд шүүхийн шүүгч болох юм байлгүй
-Шударга бусын хонгилын эзэн АТГ, шүүх, прокурор дээр хэд хэдэн хүн зоодог. Тухайлбал, АТГ дээр Д.Золжаргал гэж Н.Алтанхуягийг хариуцсан хүн бий. Түүнд хүргэн Дэнзэн, охин, дүү, эхнэрийнх нь хэрэг бүгд байдаг. Мөн төлөвлөгөө батлаад орж ирсэн хүмүүс бүгд хонгилоор явах учраас тэд ямар ч хамаагүй хэргийг хайр найргүй зохиомлоор нялзаадаг. Энэ бүх хэрэг болоод өнгөрсний дараа хүмүүс шагнуулж байгаа юм.
Жишээлбэл, энэ бүх процессын дараа Б.Хурц ТЕГ-ын дарга болж, генерал цол өгсөн. Дараа нь Цагдаагийн даргаар АТГ-т ажиллаж байсан, хэвлэлийн хурал хийж, Л.Гансүх 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж зарлаж байсан Ш.Энхтөрийг томилж байгаа юм. Мөн хамт ажиллаж байсан, бүх зүйлд нь оролцсон Э.Амарбат прокурорын хорих ангиуд хариуцсан газрын даргаар дэвшиж очсон. Д.Золжаргал болохоор гадаадад томилолтоор явна, бас одонгоор шагнуулсан. Намайг шүүх хурлаас өмнө эхлээд 10 хоног шоронд хорьсон. Энэ үед УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөрийн хүү, шүүгч Идэрийн ах буюу прокурор Х.Тамир хоригдож байсан.
Х.Тамир намайг дуудсанаа “Л.Гансүхээ намайг энд хэлмэгдүүлж байна. Замын-Үүд рүү найзтайгаа явж байхад замд намайг баривчилсан. Намайг энд оруулсны дараа таны хэргийг миний дүүд өгсөн байна. Дүү маань уг нь амралтаа авч Хөвсгөл явах гэж байсан юм” гээд миний өмгөөлөгчтэй уулзахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийг ахаар нь барьцаалсан хэрэг болсон. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд ороод ирэхийн хооронд Х.Тамирыг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн байсан. Уулзуулахгүй гэж тэр шүү дээ. Хоёр хоногийн дараа түүнтэй таараад асуутал “Одоохондоо энэ талаар хэлж болохгүй. Асуудалд орох юм шиг байна. Дараа хэлье” гэсэн. Тэр үед энэ залуу ерөөсөө л барьцаалагдчихсан залуу юм байна гэдгийг мэдсэн. Шүүгч Х.Идэр нь надад холбогдох хэргийг шүүхэн анхан шатны шүүгч байсан... Хонгил гэдэг чинь их цөөхөн хүнээс харагдана. Прокурор дээр харагдсан шүү дээ.
Батжаргал гэдэг хүн миний хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хүн С.Зоригийн хэрэгт бас яллах дүгнэлт үйлдсэн. Ямар прокурор мундсан биш дээ. Шүүхэд болохоор Н.Энхбаярын хэргээс эхэлье. Анхан шатны шүүхэд нь С.Соёмбо-Эрдэнэ, Х.Алдар, С.Оюунчимэг гэсэн гурван шүүгч шүүсэн. Дараа нь энэ шүүгчид шагнал авсан. С.Оюунчимэг нь авсан юм уу, сайн мэдэхгүй байна. С.Соёмбо-Эрдэнэ нь нийслэлийн шүүхийн шүүгч болсон. Х.Алдар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нийлүүлсэн шүүхийн ерөнхий шүүгч болж дэвшсэн. Гэтэл миний хэрэг Х.Алдарын шүүхэд очиж байгаа юм. Бид түүний томилсон шүүгчдээс удаа дараа татгалзсан. Огт хүлээж аваагүй. С.Зоригийн аллагтай холбоотой гэх хэргийг шүүхэд бас Х.Алдар, С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ гэсэн гурван шүүгч суусан. Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн гараад ирж байгаа юм. Энэ хүн миний хэргийг шүүхэд байсан шүүгч байхгүй юу.
Миний хэргийг шүүх хурлын үеэр Ганбат гэдэг шүүгч эхний хэдэн өдөр үнэхээр шүүгч шиг ажиллаж байсан. Сүүлийн өдөр царай нь хачин болоод, юу ч дуугараагүй. Бодвол хөөрхий шахаанд орсон байх. Би тэгж ойлгосон. Дараа нь нийслэлийн давж заалдах шүүх хурал болж байгаа. Өнөөх С.Соёмбо-Эрдэнэ даргалаад, Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав гэсэн шүүх бүрэлдэхүүнтэй орж байгаа юм. Д.Мягмаржав бол үнэхээр мундаг шүүгч. Прокурорыг загнаж, Багануур компанийн төлөөлөгчдөд хохиролгүй байгааг нь хэлж байсан.
Гэтэл С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлын шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ ажилласан. Шударга шүүгч Д.Мягмаржав өөрчлөгдөөд Батсайхан гэдэг хүн орж ирсэн. Эндээс харахад, цөөхөн хэдэн хүн л байгаа биз дээ. Гэтэл одоо С.Соёмбо-Эрдэнэ дээд шүүхийн шүүгчээр ажиллах гээд ШЕЗ-өөс нэр нь дэвшчихсэн явж байна. Ерөнхийлөгчийн зарлиг хүлээж байгаа. Гавьяаных нь шагнал нь Дээд шүүхийн шүүгч болох юм байлгүй дээ. Энд бас их сонин сонин юм болж байсан. Миний хэргийн Дээд шүүхийн шүүх хурал болох гэж байхад Ц.Зоригт бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт. Шүүх хурал болохын урд өдөр бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх Ерөнхий шүүгчид байхгүй. Ц.Зоригийн хэрэгт Ц.Зоригт өөрөө шүүх хурлыг даргалсан. Ингэж эрх байхгүй. Уг нь Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Зоригтод хандах нэг боломж байдаг. Гэтэл өөрөө даргалж байх жишээтэй.
Миний хэргийн Дээд шүүхийн хуралдаанд оролцсон шүүгч нарыг би судалж үзсэн. Тухайлбал, Цогт. Энэ хүн хууль зүйн бакалаврын боловсрол ч байхгүй гэдгийг шүүгч нар ярьдаг юм байна. Эхнэр нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан. Эхнэр нь сүүлдээ ажлаасаа халагдсан юм билээ. Тэгээд АТГ-т Б.Хурцын дор очсон. Б.Хурц Тагнуул руу явна даа. Бас дагаад очиж байгаа юм. Ч.Хосбаярыг болохоор хурандаа нарын хэргийг шийдээд л шууд Дээд шүүхийн шүүгчээр очсон гэдэг юм билээ. Одоо хамгийн баян шүүгч гээд, орлогоо нотолж чадахгүй байгаа нөхөр чинь энэ шүү дээ. Нийслэлийн шүүхэд хоёр жил болоод л дээшээ явсан. Энэ шүүгчид бүгд л Ц.Элбэгдоржийн үед дээшээ гарсан, нэг нутгийнх, ойр дотны хүмүүс нь байдаг юм билээ. Тэгэхээр хонгилд хэдхэн хүн байдаг. Бусад нь олзолж авсан хүмүүсээ нэг нэг удаа ашиглаад л явдаг. Ийм л байгаа байхгүй юу.
Эх сурвалж: “Цензургүй яриа” нэвтрүүлэг. 2019.03.11
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан шүү
-Шүүх засаглал сүүлийн 28 жилд нэг ч удаа ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл тэд ард түмнээс урвасан. Нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн, зарим шүүгч би нэрийг нь хэлээд яах вэ, би Хурц шиг яривал ярина. Зүгээр зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг. Нотариатын орлогоос сая ам.доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байсан. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ.
Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч маш олон байна. Маргааш магадгүй, намайг энийг ярилаа гээд ШЕЗ-өөс мэдэгдэл хийгээд Захиргааны хэргийн шүүхийнхэн намайг энд тэнд хүн гүтгэсэн гэдгээр шалгуулж болно. Баримт гаргана. Ийм тохиолдолд. Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцээд явахаар хууль бус эвлэрэл хийдэг. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатных дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэдэг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалин өгч байгаа. Бүх насаар нь томилж байна.
Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны тухай яриад хэрэггүй. Нөгөө манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Шударга л байя” гэж ярьж байгаад 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ. Маргааш ШЕЗ-ийн Захиргааны хэргийн шүүхийнхэн намайг гүтгэсэн энэ тэр гээд хэвлэлийн хурал хийгээсэй гэж хүсэж байна. Сая ам.доллартай шүүгч нь АТГ-т шалгагдаад ирснээ ажлаа өгчихөж байгаа юм. “Та нар зүгээр байгаарай, дарга нар чинь үүнээс илүү хөрөнгөтэй шүү дээ” гээд ярьж байна. Бид өнөөдөр шударга ёс яриад ерөөсөө хэрэггүй.
Энийг л өөрчлөхгүйгээр улс хөгжих, нийгмийн реформ гээд юу ч яриад хэрэггүй. Дээр нь улстөрчдийг бүгдийг нь шийтгэж, албан тушаалтнуудыг цэгцлэх тухай бүр яриад ч хэрэггүй. Ийм шүүгч нартай тогтолцоон дээр, бүр ийм ханш байна. Нэг жишээ хэлье. Хууль бусаар хөрөнгөжөөд Ривер гарденд хөрөнгөтэй болсон Эрдэнэбүрэн нарын асуудлыг шийдлээ шүү дээ, сая. Тэгсэн чинь хөрөнгийг нь хураахгүйгээр шийдвэрлэчихэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хөрөнгийг нь хураах боломжгүй, гэхдээ эдгээр хүн гэм буруутай гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүний цаана юм харагдаад байна. АТГ-ын нэг нөхөр гарч ирснээ хуулийг буруу яриад “Хөрөнгө хураах ял байхгүй болсон” гээд байх юм. 17.5 дээр хууль бусаар олсон хөрөнгийг хураана гээд байж байна. Юу гэж ойлгох вэ. 22.1, 22.2, 22.3, 22.4 дээр ч байна. Иргэд бас олон нийтийн сүлжээнд юм хум оруулахдаа legalinfo.mn рүү ороод хуулийн юм хумаа хараад бодьтой оруулчих ёстой юм.
Эх сурвалж: “Цензургүй яриа” нэвтрүүлэг. 2018.03.12