ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Эрүүдэн шүүх ажиллагааг Г.Эрдэнэбат, Б.Хурц нар гардан удирдсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-29

С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг өчигдөр сэтгүүлчдэд хаалттай байдлаар үзүүллээ. Бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж,  сонихрсон асуултад хариулт  өглөө. Энэ үеэр уг хэрэгт сэжиглэгдэж байгаад амиа алдсан Б.Отгонбаатарын ахыг сэтгүүлчидтэй уулзуулж, талийгаач Б.Отгонбаатарын ар гэрээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлалт гуйсан юм. Тэрбээр хэлэхдээ “Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлалт гуйсан. Харин өнөөдөр С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаад эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын ар гэрээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлалт гуйж байна. Талийгаач Б.Отгонбаатарын ээж одоо 80 гаруй настай хүн бий. Түүний ар гэрийнхнийг тагнах, мөрдөх зэргээр тайван байлгаагүй юм билээ. Одоо эдний гэр бүл орон нутагтаа амьдрахад маш хүндрэлтэй байгаа. Б.Содномдаржаагийн ээж 70 гаруй настай н.Жавзмаа гэж хүн бий. Энэ хүн хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Т.Чимгээгийн ээж мөн 80 гарсан хүн бий. Энэ хэргээс болж энэ гурван настай хөгшин их зовж байгаа юм. Үхтэл үр харам гэж үг бий. Миний ганц зорьж байгаа зүйл бол энэ гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юм сан гэж зүтгэж байна. Энэ хүмүүс хоригдоод гурван жил найман сар болж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл тэгэхгүй байна. Уг нь хуультай улс оронд ийм хэргийг нэн даруй шийдвэрлэж, нэг хоногийн өмнө ч болов суллахын төлөө ажиллах ёстой юм. Тэр “Паар” гэдэг /Талийгаач Б.Отгонбаатар/  залуу бол 1997 онд цэрэгт атагдаж, 1998 оны тавдугаар сард цэргээс халагдсан юм билээ. Цэргээс халагдаж очоод нэг эмэгтэйтэй танилцаж, тэр нь 1998 оны намар бие давхар байсан. Б.Отгонбаатар ахтайгаа хамт зах дээр арьс шир цуглуулаад амьдарч байсан. Энэ залууг нас барсны дараа С.Зоригийн  хэрэгт холбогдуулахын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг.  Тэр гэрч нь “1998 оны арванхоёрдугаар сард Ц.Амгаланбаатар бид гурав Паар /Б.Отгонбаатар/ ахынд архи ууж байтал Ц.Амгаланбаатар захиалагч нараасаа мөнгө авч ирлээ гээд сагсайсан их мөнгө гаргаж ирээд Паар ахын хоёр хүүхдэд тав, таван мянган төгрөг өгсөн. Эхнэрт нь 30 мянган төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл талийгаач Б.Отгонбаатарын том охин нь 1999-11-09-нд төрсөн байдаг. Хоёр дахь хүүхэд нь 2002 оны зургадугаар сард гарсан. Гэтэл гэрчийн мэдүүлэг өгсөн хүн 1998 онд хоёр хүүхэд нь байсан мэтээр мэдүүлэг өгсөн нь үүнийг худал гэдгийг нотолж байгаа юм. Б.Отгонбаатарын дүүг хуулийнхан дуудаж “танай дүү зуурдаар шатаж нас бараагүй. Онц ноцтой хүн амины хэргийн гэрч учраас албаар шатаагаад алчихсан юм” гэж хэлсэн байгаа юм. Мэдээж ийм зүйл сонссон ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргасан. Гэтэл зөрүүлээд талийгаач ахыг нь хэрэгтэн болгож орхисон. Гурван шатны шүүхийн шийдвэрт “Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нартай хамтран С.Зоригийн амь насыг шунахайн сэдэлтэй, захиалгаар хороосон болох нь тогтоогдов” гээд дүгнэлт хийчихсэн байдаг. Эрүүдэн шүүх ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Ц.Амгаланбаатар дээр ажиллагаа хийгдэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт АТГ-т гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ үед хэрэг нь ТЕГ-т, ажлын хэсэг нь прокурор дээр байсан юм. Гэтэл АТГ-т аваачиж харьяаллын бус газар гүйцэтгэх ажиллагааг явуулж, жил болсон. Энэ хугацаанд Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн гар утсанд хэргээ хүлээ гэсэн утгатай мэссеж байнга очиж байсан. Энэ мэссеж нь Ц.Амгаланбаатараас бичиж байна гэж байсан. Ингээд сүүлд гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Содномдаржаатай зориуд зодоон зохион байгуулсан. Ингээд 2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад хэрэг үүсгэсэн. Үүнээс 40 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд үхсэн хүний цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сарын 31-нд барьж, хориод, есдүгээр сарын 01-нд камерт бичигдсэн бичлэгийг та бүхэн үзлээ. Хоригдсоноос хойш шүүхээр шийтгүүлэх хүртэл бүтэн жилийн ажил болсон. Шийтгүүлснээс хойш хоёуланг нь ганцаарын чангад хорьсон. Саяхан Б.Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзах гэтэл прокурорын зөвшөөрөл байхгүй гээд буцаачихсан.  Хуулиар бол нэгэнт ял шийтгүүлсэн бол хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй хугацаа нь болсон бол очоод уулзах хуультай. Прокурор хэнийг ч уулзуулж болохгүй, зөвшөөрөл авч байж уулзуул гэсэн бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгч дарамталж байсан байгаа юм. Тэр үед мөрдөж байсан хуулиар эрүүгийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг танхимын тэргүүн тогтоодог хуультай байсан. Гэтэл үүнийг зөрчиж Ерөнхий шүүгч нь шууд танхимын хуралдааныг даргалсан. Үүнээс юу болсон бэ гэхээр, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл өгч, тэр нь зөв бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, ийм хэргийг нийт шүүгчдийн хурлаар оруулах шат байдаг. Тэр шатыг байхгүй болгочихсон гэсэн үг.

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг устгасан бичлэгээс дахин сэргээсэн гэж байна. Энэ бичлэгийг хэн устгасан юм бэ. Эргүүлээд яаж сэргээсэн бэ. Тагнуулын ажилтнууд хоригдсон нь энэ бичлэгтэй холбоотой юу. Энэ бичлэгийг устгахад ямар газар холбогдсон гэж харж байгаа вэ?

-Мөрдөн байцаалтын ажиллагааны нарийн зүйлсийг хэлэх боломжгүй байна. Үүнийг өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Өөр хаана ч байхгүй бичлэг. Үүнийг хэн ч зохиож, хэн ч монтажлаж чадахгүй. Бичлэг хийгдэж үлдсэн байна гэдэг нь ийм зүйл болж байгааг ажлын хэсэг хараад сууж байгаа гэсэн үг. Камераар болж байгаа процессыг харж, зохион байгуулж өгч байна гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж огт байхгүй болчихсон. Цагдан хорих байрны дарга, төлөөлөгч хоёр хоолыг нь оруулж өгөхөөс өөр тэдэнтэй харьцах ямар ч эрхгүй. Тагнуулын гүйцэтгэх ажилтнууд шөнө тэр хоёрыг хөөж явуулчихаад, өрөөг нь онгойлгож, Ц.Амгаланбаатар нарын ялтныг оруулж байгаа юм. Одоо та нар нүдээр үзсэн учраас эрх биш ойлгож эхэлж байгаа байх.

-Б.Содномдаржаагийн эхнэрт Ц.Амгаланбаатараас байнга мессеж ирж, хаана юу хийж байгааг нь харж байна хэмээн байнга дарамталдаг байсан гэж байна. Ц.Амгаланбаатар шоронд хоригдож байсан мөртлөө яаж гар утас хэрэглэж байсан байх вэ. Энэ мессежүүдийг тагнуулын ажилтан бичиж байсан гэсэн үг үү?

-Ц.Амгаланбаатар нэлээд тамлуулж байж зарим зүйлийг ярьсан. Мааньтад ял эдэлж байхдаа, 2003 онд нас барсан гурван хүний хэрэг хүлээгээд, цагдаагийнхан тэнд 10 гаруй хоног ажиллаад ирсэн гэдэг. Тэр нь бас худлаа байсан. Удалгүй Ц.Амгаланбаатарыг Мааньтаас Говьсүмбэрийн чангад шилжүүлсэн. Тэнд очоод хоёр ахтай болсон. Тэр хоёр ах нь одоо хоригдож байгаа тагнуулын хоёр ажилтан. Ингээд 2014 онд тэр мессэжүүд цувж эхэлсэн. Одоо Ц.Амгаланбаатар энэ талаар хэлэхдээ “Би гар утас ашиглаж чаддаггүй. Намайг гар утсаараа Б.Содномдаржаа болон Т.Чимгээ хоёртой яриулсан. Ингэхдээ миний хажууд гар утсаараа юм бичдэг байсан. Хэн рүү юу бичдэг байсныг нь би мэдэхгүй” гэж ярьж байгаа. Ц.Амгаланбаатар бол аль эрт шоронд хоригдсон хүн гар утас ашиглаж мэдэхгүй гэдэг нь үнэний хувьтай. Сургуулийн дундаас гарчихсан, борог амьдралаар амьдарч байсан хүн шүү дээ. Тэр мессэжүүдийг бүгдийг нь криллээр бичсэн байх бөгөөд үг үсгийн нэг ч алдаа байхгүй. Би тэр мессэжийг анх олоод ер нь болохоо байж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Монголын шүүх тэр мессэжид бичсэнээр л хэргийг шийдчихсэн. Шийдвэр мессэж бичиж байх үед гарсан гэсэн үг. Хамгийн гайхалтай нь тэр хэрэг явдал гарах үед хоёр хүн ороод гарсан гэдэг нь гарцаагүй болчихсон. Тэр хүн хаалга онгойлоод доошоо буухыг шатан дээр зогссон хоёр хүүхэд харчихсан. Гэтэл одоо нөгөө хоёр хүн нь дөрөв болчихсон. Яагаад дөрөв болчихсон бэ гэхээр хариулт байхгүй.

-Бичлэг дээр гардаг шиг стандартын бус байртай шорон хэр их байдаг вэ. Хорих ангид гэнэтийн шалгалт хийдэг үү?

-Ном журмаараа ажиллаж байгаа хорих байрууд бүгд хяналтын камертай. Ийм зүй бус зүйл гаргуулахгүйн тулд камерын хяналтад оруулж, хянагчид үүдэнд хараад сууж байдаг болсон. Одоо шинэ хорих байргүй аймаг бараг байхгүй. Шорон ч гэсэн стандарттай байх ёстой. Ялтнуудыг шоронгийн стандартад нийцсэн байранд байлгахын тулд бичлэг дээр гарч байгаа пудволын байрыг 2000 оноос хойш ашиглахаа больчихсон. Харин бичлэг дээр гарч байгаа пудволын өрөөг эрүүдэн шүүлтэд зориулж тусгайлан бэлдчихсэн өрөө гэсэн үг. Ингээд тагнуулын төхөөрөмж суулгасан. Энэ ажлыг ТЕГ-т ахлах дэслэгч цолтой байснаа гэнэт ШШГГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дар болж, дэд хурандаа болсон хүн зохион байгуулсан. Сая тэр хүнийг хорих тухай асуудал ярихад прокурорынхон хамгаалаад сулласан. Ер нь энэ хэргийг ил болгохгүй байх, нууцлах ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Тэдний тоонд хотын прокурор Баярмагнай гэдэг хүн орно. Энэ бүх ажиллагааг УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн гардан удирдсан. Гүйцэтгэх ажил, хянах, мөрдөх, шүүхээр яллах гэсэн дөрвөн төрлийн ажлыг нэг хүн хийсэн. Тийм зүйл байж болохгүйг хуульчлаад өгчихсөн байхад ингэж аягласан.

-Захиалагч хэн байсан бэ гэдэг талаар ямар нэг мэдүүлэг байдаг юм болов уу?

- Бүгд нийлж байгаад энэ балмад зүйлийг хийсэн гэдгийг би хэлээд байна шүү дээ. Зорилготой. Захиалагч, зуучлагч, хамжигч гэж мэдээж байгаа. Түүнд нэр холбогдсон хүнээс асуудаг ч үгүй, нүүрэлдүүлдэг ч үгүй, хүчээр тулгаад шийтгэчихдэг. Захиалагчаас авсан мөнгөний тодорхой хэсгийг талийгаач Б.Отгонбаатарын гэрт гаргаж ирсэн гэдэг нь худал болох нь нотлогдож байгаа шүү дээ.

-Г.Эрдэнэбат прокурорыг ажлаас нь чөлөөлөөд орхихгүй байх. Шалгах уу?

-Бүгд шалгагдах ёстой. Шалгах байх гэж найдаж байна. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэзээ гаргах вэ. Хохирлын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-АТГ шинээр үүссэн нөхцөл байдлаа прокурор шүүхэд тавьж, шүүх нь эсэргүүцэл бичиж, хурлаа хийж аль болох хурдан энэ хоёр иргэнийг суллах ёстой. Өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн үед бол ийм зүйл хийхгүй байсан. Одоо хурдал. Хүсэх юм бол нэг өдрийн л ажил. Би хүсэлт өгөөд бараг 10 хонолоо. Асуудал цаашаа явна.

-Монголын шүүх гурван шатны шүүхээр гэмгүй иргэнийг ялласан нь тогтоогдвол хуулийн байгууллагад итгэх итгэл үгүй болно. Хэчнээн гэмгүй хүнийг хилсээр шийтгэснийг хэн ч таахын аргагүй. Удирдлагуудыг нь солиод болчих асуудал биш байх. Системээр нь өөрчлөхийн тулд яах ёстой юм бэ?

-Системийн хувьд хоёр ангилж болно. Жирийн хүмүүсийн хэрэг бол ном журмаараа л явдаг. Монгол гарч байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь хулгай байдаг. 35 орчим хувь нь хүчирхийллийн хэрэг. 20 орчим нь бусад төрлийн гэмт хэргүүд байдаг. Асуудал юунд үүсдэг вэ гэхээр мөнгөтэй, төгрөгтэй хүмүүсийн хүрээнд л гардаг. Ийм тохиолдол олноор гарч байна гэж үзэж болохгүй. Шударга бусын хонгилын хүрээнд яригдаад байгаа хэдэн хэрэг л байна. 2012,2013 оноос л эхэлсэн. Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч хоёрыг хугацаанаас нь өмнө халж,  АТГ-ын даргыг дэд даргатай нь шоронд хийгээд, үгнээсээ гардаггүй хүмүүсээ томилсон. Үүнээс хойш асуудал явагдсан. Бүр тодруулбал, намайг 2012 оны наймдугаар сард хуулийн яамнаас явснаас хойш энэ зүйл гаарсан. Намайг ажлаа өгөхөд энэ хэрэг эхлээд таван жилийн дараа ажлаа авахад дуусчихсан байсан.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганы хуулийн байгууллагад шалгагдаж байгаа статус нь юу юм бэ. Хохирогч юм уу, сэжигтэн юм уу. Б.Булган эрүү шүүлт явагдаж байна гэх өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдөл хаана, хэнд яваа юм бэ?

-Би ч ойлгохоо байсан. Анх хохирогч байсан. Дараа нь сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Энэ хугацаанд гурав удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ Б.Содномдаржаа, Ч.Чимгээ хоёрыг С.Зоригийг алсан хүн биш гэсэн. Нүүрэлдүүлэхэд ч үүнийгээ хэлж байсан. Тэгэхээр нь шүүхээс суллаж, Б.Булганы дээр үед ярьсан ам зургаар энэ хүмүүсийг шийтгэчихсэн юм. Яагаад шүүх хуралд оруулаагүй вэ гэхээр, Б.Булган энэ хэргийг хилсээр өөр хүнд тохоход тус биш ус болохоор мэдүүлэг өгсөн учраас тэр. Б.Булган надад өргөдөл өгсөн. Одоо эд нар тэр үед 13 настай байсан Б.Булганы охиноор нь оролдож эхэлсэн гэдгийг Б.Булган хэлж байгаа. Тэр өргөдлийг цааш нь шалгах байх.

-Олон Улсын парламентын хүний эрхийн хороо энэ хэргээр хоёр удаа Монголд ирээд дүгнэлт гаргаад явсан юм билээ. Энэ хэрэгт эрүүдэн шүүлт явагдаж байна гэж дүгнэсэн гэдэг. Энэ үед яагаад авч хэлэлцээгүй юм бэ?

-Намайг УИХын дарга байхад Олон Улсын дарламентын холбооны гурван хүн надтай уулзсан. Тэд долоо хоног ажиллааад явсан. Энэ хугацаанд С.Зоригийн хэргийн нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэзээ ч үнэн мөн нь олдохгүй гэдгийг хэлсэн. Би тэдний гаргасан дүгнэлтийг хэд дахин уншсан. Тэр гурван хүнээс би маш их бахархсан. Долоохон хоногийг дотор энэ хэргийг доторх бусармаг зүйлсийг бүгдийг нь биччихсэн. Мэргэжил гэж энэ л дээ. Бүр миний мэдэхгүй хүнтэй хүртэл олоод уулзчихсан байсан.

-Энэ бичлэгийг бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс олон нийтэд үзүүлж болохгүй юм юу?

-Засгийн газар нууцаас энэ бичлэгийг гаргасан. Үзүүлнэ, үзүүлэхгүй гэсэн олон байр суурь байна. Цаашдаа хэрхэхийг би мэдэхгүй байна. Ер нь бол үзүүлэхэд төвөгтэй шүү. Та нар сая харсан. Гишүүдэд танхимд үзүүлсэний дараа нэг хэсэг нь шоконд орчихсон ш дээ. Царай нь барайгаад, даралт маралт яриад, зарим нь дундаас нь гарч яваад байсан.

-Хүний эрхийн комисс өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Жил бүр ийм тийм байна гээд дүгнэлт гаргаад өгдөг. Тоодоггүй гэж байна?

-Хүний эрхийн комиссийн илтгэлтэй холбогдуулж би юм ярихгүй. Булай юм гараад ирэхээр би ч ингэж тэмцэж байсан, тэгж ч тэмцэж байсан гээд л арьсаа хамгаалдаг хүмүүс олон байна. С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг улаан цайм эсэргүүцэж байсан хүн өнөөдөр эсрэгээр нь би өмгөөлж байсан гээд л гүжирдээд байна. Прокурорын мөрдөнд байсан хүмүүс ямар ч чадваргүй байсан. Зөвхөн хяналт тавьдаг. Мөрддөг байх хэрэгтэй л дээ. Би өмнө нь ийм эрх өгье гэж хэлээд дэмжигдээгүй. Энхбат гэх иргэнийг авчирсан хэрэгтэй холбоотой зөндөө л юм явж байна. Прокурорын мөрдөн байцаах алба үүнийг шалгах эрх нь байсан. Гэтэл шалгаагүй.

-Хэрэг гарснаас хойш 21 жил боллоо. Үүнээс үүдээд хууль сахиулах байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Яагаад энэ олон жил хэргийн үнэн мөнийг тогтоож чадахгүй байгаа юм бэ?

-Хэрэг гардаг орой хоёр асар том алдаа гарсан. Хэргийн газар 70-аад хүн ороод гарсан. Энэ нь хэргийн ул мөр баллагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, зарим цочмог арга хэмжээг авах байсан. Хэргийгшалгах алтан үеийнхээ зүйлүүдийг хийж чадаагүйгээс өнөөдрийн байдалд хүрч байгаа юм. Түүнээс гадна энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл оролцож эхэлсэн. Хэрэг шалгах ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл огт оролцож болохгүй. Цаашид энэ хэргийг шалгахад асар их гай болгох материалууд зохиомлоор хийгдсэн. Маш их төөрүүлсэн.

-Д.Энхбат гэх иргэнийг маш хэрцгий эрүү шүүлт явагдаж байсан гэдэг. Та энэ хүний ар гэрээс уучлалт гуйх уу?

-Д.Энхбат гэх иргэнийн тагнуулын байгууллага эрх чөлөөнд нь халдаж хэд хэдэн улс дамжуулан авч ирээд, өөр дээрээ байлгаж байгаад энэ асуудал үүссэн. Хэрэг нь нууцын журмаар шалгагдсан. Одоо ч гэсэн нууц байгаа. Би нууцаас гаргаж шалгуулахыг шаардаж байгаа.

Б.Нямжаргал: 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаж, дүүгийн минь шарилыг ухаад шинжилгээ хийсэн

Энэ үеэр С.Зориг Захиалагчийн мөнгийг тараасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад галд шатаж амиа алдсан Б.Отгонбаатар буюу “Паар”-ын ах Б.Нямжаргал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Б.Нямжаргал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэвлэлийнхэнд эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийх үед Төрийн ордонд хамт байсан юм. Түүний дүү Б.Отгонбаатар нь гэр бүлийн хоёр гишүүний хамт гэртээ шатаж амиа алдсан байдаг. Түүнийг С.Зориг агсны хэргийг үйлдэхэд зуучлагчаар ажилласан гэж шүүхээс буруутгаж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан юм. Тэрбээр “Миний дүү мөнгө тараасан гэх асуудлыг би одоо л сонсож байна. Би төрсөн дүү Б.Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй.

Сая ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгний асуудлыг үнэхээр мэдэхгүй.Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Т.Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн” хэмээн ярилаа.

Танай дүүг энэ хэрэгтэй хэрхэн яаж холбогдуулсан юм бэ?

-Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хүн алсан, хэрэг хийсэн тухай мэдээлэл бидэнд байгаагүй. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Ажлаасаа гарахад нь дагадаг, гэртээ очиход нь үүдэнд нь хүлээж байдаг асуудал олон гарч байсан. Би яг хэрэг гарсан газарт тоглож өссөн, одоо ч тэр шороон дээр амьдарч байна.

Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд "Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ" гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн.

-Дүүг тань энэ хэрэгт ямар оролцоотой байсан гэж хэлдэг вэ?

-С.Зориг агсныг хороодог өдөр манай дүү тэдний хөргөгчийг ухаад зогсож байсан гэж Ц.Амгаланбаатар ярьдаг гэсэн. Тэрнээс биш яг ямар үндэслэлээр холбогдсоныг бид мэдэхгүй. Дүү маань тухайн үед хорин настай залуу байсан.