Монголд нэг л зүйл үнэ цэнгүй болсон. Тэр нь монгол хүн. Хүнээ үнэлдэггүй, хайрладаггүй, эрхийг нь бүх талаар зөрчинө. Монгол хүн эрх мэдэлтнүүдэд “мөнгөний авдар” болж харагддаг болсоор удаж байна. Монгол хүн эх орондоо боолын хөдөлмөр эрхэлдэг.
Монгол хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй, гэртээ цоожилж, шударга шүүхээр шүүлгэх эрхээ хасуулж, өвөлдөө утаанд хордож, төрийн албаны хүнд сурталж нэрвэгдэж, цалингаас цалингийн хооронд амь тэмцэж байх юм. Иргэнээ хайхардаг, хардаг, хайрладаг төр засаг алга.
Олон хүн төрийн албаны хүнд суртлын өмнө өвдөг нугарч, үгээ хэлж, үсээ зулгааж явна. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр тэргүүлдэг, 60 сая малтай, дэлхийд томд тооцогдох олон ашигт малтмалын ордтой Монголоос иргэд “дайжихын” хүслэн болжээ. БНСУ-ын Чежү хотын хилээр машины ачааны хэсэгт нуугдан хил нэвтэрч байсан, тэднийг нэвтрүүлж байсан хүмүүсийг саяхан баривчилжээ.
Мөн л хэдхэн өдрийн өмнө эхнэр, нөхөр хоёр Польшийн хилээр хууль бусаар нэвтэрч байгаад баригдсан юм. Энэ мэтээр эх орноосоо ямар ч хамаагүй аргаар дүрвэх болов, монголчууд. Улс орноо хаяад зугтах гэж байгаа хэрэг огтхон ч биш. Харин хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг улс оронд очиж, ганц өрөө байрны мөнгөтэй болж ирэх гэж тэд ингэж яваа хэрэг. Харин улстөрчид, эрх мэдэлтнүүд сонгуульд ялахын тулд мөнгө тарааж, гоё сайхан амлалтуудаа өгөөд, сонгогдсоныхоо дараа кнопоо тэрбумаар зараад л сууж байна. Уг нь Монголын хамгийн үнэт баялаг нь монгол хүн байх ёстой юмсан.
Гэтэл гадны улсад бие нь муудсан, гэмт хэргийн хохирогч болсон, хэрэг холбогдсон иргэнээ энэ төр тоодоггүй юмсанж. Гэтэл гадны орнууд нэг иргэнийхээ төлөө сэтгэл гаргаж, бүхэл бүтэн онгоц явуулж, авчирсан тохиолдол цөөнгүй байх юм. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас “Хүннү эйр” компани руу холбогджээ. Учир нь тухайн улсын нэг иргэн Увс аймагт аялж явахдаа хорхойд хазуулсан учир яаралтай авах хэрэгтэй болсон байна.
Улаангом хотод том онгоц буух боломжгүй учраас “Хүннү эйр”-т мөнгө төлөөд, Улаанбаатар хотод авчруулах хүсэлт гаргасан нь тэр аж. Мэдээж мөнгийг нь төлж, захиалж байгаа учир Увс аймаг руу нисч, тухайн иргэнийг Улаанбаатарт эсэн мэнд авчирсан гэнэ. Хятадын иргэн жижиг хар хорхойд хазуулсан юм билээ. Улаанбаатар хотод авчрахад нь тус улсаас том онгоц ирээд аваад явсан байх юм. Тэрбум хол давсан хүн амтай Хятад улсын Засгийн газар нэг иргэнийхээ төлөө ингэж санаа тавьж байна. Цаашлаад, Австралийн нэг жуулчин Баян-Өлгийд явж байгаад мориноос унаж бэртээд, аймгийн эмнэлэгт хэвтжээ.
Гэтэл тус улсын Засгийн газар мөн л иргэнээ авахын тулд “Хүннү эйр”-т хандаж, Баян-Өлгийгөөс иргэнээ Улаанбаатарт авчруулсан байгаа юм. Улмаар Германаар дамжуулаад хүнээ аваад явсан. Ганц, хоёрхон жишээ татахад ийм л байна. Гэтэл манай улс иргэндээ ингэж санаа тавьдаг юм болов уу. Гадаадад явж байгаад асуудалд орсон хүмүүс Элчин сайдын яам, Консулын газраа хандахад тус хүргээгүй талаар янз бүрийн мэдээлэл гарч байдаг.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр гадны улс оронд 167 хүн ял эдэлж байгаа аж. Үүний 73 нь хулгайн хэргээр шоронд хоригдож байгаа юм билээ. Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яам гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эх орондоо авчрахын төлөө ажиллаж байгаа биз. Гэхдээ 167 хүн харийн шоронд хоригдож байна. Тэр дундаа хулгайн хэргээр ял эдэлж байгаа иргэдээ авчрах боломж байгаа гэж бодогдох. Түүнчлэн, ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 8-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам болсон билээ.
Тэгвэл энэ наадамд явсан дасгалжуулагч нь комд ороод, Орост байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр хүнийг авчрах талаар төр засаг нь анхаарал хандуулахгүй байгаа учир “Хүннү эйр”-ийнхэн авчрах гэж байгаа юм билээ. Тэрбум гаруй хүнтэй Хятадын Засгийн газар г хорхойд хазуулсан хүнээ авахын тулд Монголын авиа компанийг хөлсөлж байна. Ганцхан хүн авахын тулд том онгоц нисгээд, зардал гаргадаг аж. Энэ бол хүнээ яаж дээдэлж байгаагийн жишээ. Харин манай төр засгийнхан хүнээ үнсэнд хаясан шалз шиг л мартжээ. Монголдоо үнэгүйдсэн Монгол хүний үнэ цэнийг илтгэх хамгийн тод жишээ бус уу.