ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцохоор маргааш эх орноосоо мордоно. 

Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцохоор болжээ. Өмнө нь энэхүү томоохон чуулга уулзалтад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат оролцож байжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.