ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Онцгүй онцгой байдлынхан

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-25

- Татвар төлөгчдийн мөнгөөр онцгой байдлынхан тансаглажээ -

Улаанбаатар хот сүүлийн үед газар хөдлөлтийн идэвхитэй бүс болж хувираад байгаа. Нийслэлийн газрын доор  хар ангал олноор үүссэн гэдгийг газар хөдлөлтийг судлаж буй мэргэжлийн хүмүүс баталдаг. Хар ангал ийнхүү олноороо үүсэх нь газар хөдлөлтын давтамж ойртож, хүч нь нэмэгдэх магадлал асар өндөр болж байгаагийн илрэл гэнэ.

Мөн насжилтын хугацаа нь дууссан, ан цав гарсан барилга байшин хотоор нэг байна. Нийслэлд шинээр баригдаж байгаа барилгууд хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгийг “чөтгөр” мэддэг болоод удаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлд 6-8 баллын газар хөдлөлт болбол нийт барилгын 60 хувь нь нурна гэсэн статистик гэхээсээ илүү аюулын харанга гэж хэлж болох тоо бий. Ийм л цаг үед Онцгой байдлын Ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурван өдөр явуулах шийдвэр гаргасан.

Цагаа олсон шийдвэр гэж олон иргэд сайшаан хүлээж авсан. Бараг сар гаруйн өмнө олон нийтэд мэдэгдсэн энэ Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нэгэнт эхэлчихлээ. Гэтэл иргэд яг юу хийхээ мэдэхгүй өнгөрөв. Санаа нь зөв ч хэрэгжүүлсэн нь хоосон сүржигнэл болов. Уг нь эндээс иргэд юу хүлээж байсан бэ?. Үнэхээр Улаанбаатар хотод газар хөдөлж, гамшиг болсон үед яаж, хэнд хандаж, хэрхэн нүүлгэн шилжүүлэлт хийж, аврах ажиллагааг юунаас эхлэх үү гээд олон асуудлыг бүрэн гүйцэд ойлгодоггүй юм гэхэд анхан шатны мэдлэгтэй болох нь гэж бодож байсан. Хүлээж байсан. Гэтэл “их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэдэг шиг л юм боллоо.

Энэхүү сургууль ямар ч мэдээлэлгүй. Зохион байгуулалтгүй боллоо. Өнөөдөр мэдээллийн эрин зуун. Ямар ч мэдээллийг хүргэх бүрэн боломж байна. Ийм цаг үед Онцгой байдлын ерөнхий газар юу ч хийсэнгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр уг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үед иргэд ийм ажил хийнэ. Энэ арга хэмжээг зохион байгуулсанаар иргэд, аж ахуйн нэгжүүд ямар мэдээлэл, мэдлэгтэй болох юм гэх мэт сургалт суртал­чил­гааг бүх мэдээллийн хэрэг­сэ­лээр сайн явуулах ёстой байлаа.

Ингэж байж энэ арга сургуулилтын үр дүн мэдрэгдэнэ. Гэтэл сар гаруй хугацаанд ямар ч мэдээлэлгүй энэхүү иж бүрэн сургууль гэгчтэй улаан нүүрээрээ тулсан нийслэлийн иргэд энэ сарын 25-нд юу болоод өнгөрөв гэдгийг ойлгосонгүй. Өглөө нэг дохио дуугарлаа. Яахаа мэдэхгүй иргэд зарим нь гэртээ унтаж, үлдсэн хэд нь ойролцоох сургууль болон нийтийн эзэмшлийн зам, талбайд цуглаад л тарав. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо­ны иргэд дохионы дуугаар ерөнхий боловсролын ес­дүгээр сургууль дээр цуг­лар­чээ. Гэтэл хорооны дарга нь зохион байгуулагч, нийгмийн ажил­тан гэсэн хэдэн хүмүүс­тэй­гээ зогсчих­сон “Ажилтай иргэд бичиг аваарай. Бусдад нь хамаагүй шүү” гэсэн зар л түгээжээ.

Ингээд юу хий­хээ мэдэхгүй хүмүүс хэсэг байж байгаад бутарчээ. Чингэлтэй дүүр­гийн нэгэн хороо цуг­ласан хүмүүстэйгээ зургаа авахуулаад л тарсан гэж байна. Харин Баянгол дүүргийн Модны хоёр орчимд цугласан иргэдийн цаасан дээр тамга дарж байсан хүн нь тамгаа аваад зугтсан гэсэн мэдээлэл ч байна. Энэ бол нийслэлд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн дүр зураг.

Хаана ч ялгаагүй ийм л байдалтай өнгөрсөн гэхэд маргаад байх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Уг нь иргэдийн төсөөлөлөөр бол зарлан мэдээллийн 60 дуут цамхгийн дохиогоор нийслэлийн иргэд тодорхой нэгэн цэгт хороо, дүүргийнхээ зохион байгуулалтаар цуглаж, онцгой байдлын ажилтнууд мэдээлэл хийж, иргэдэд анхан шатны сургалт явуулах юм байна гэж тааварлаж байв. Учир нь яг яах гээд байгааг онцгой байдлынхан огт мэдээлээгүй. Тэгэхээр иргэд онцгой үедээ л мэдээлэл өгөх нь гэж таавар таасан. Гэтэл ташаа ойлголт байж. Төсвийн байгууллага төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй мэдээ­лэл цацах мөнгөгүй байж болно л доо. Тэгвэл сошиал гэж нэг сайхан мөнгө үрэхгүй мэдээл­лийн бөөн багтаамж байгаа. Түүгээр яагаад мэдээл­лээ цацаж болохгүй гэж.

Хүмүүс ингэж гайхаж байна. Гэтэл Гамшгийн сургалтын зардалд 500 гаруй сая төг­рөгийн төсөв гаргажээ. Энэ мөн­гөөр нь хэдэн дарга, эрх мэдэлт­нүүдийг хувцаслах онц­гой санааг онцгойхон олж, онцгой гангаруулж чадав. Харин сургалт нь онц­гой таавар болон үлдэж, нийс­лэл­чүүд мөн өдрийн 10 цагаас эхлээд жинхэнэ гамшиг дунд цэцэр­лэг, сургууль, ажилдаа явах гэж бужигнав. Урьд өдөр нь нээлт гэж төв талбайд Онцгой байдлын албан хаагчдын сүртэй жагсаал болов. Уг нь ийм жагсаалыг томоохон ойн баярын үеэр л хийдэг санагдах юм. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газар сүртэй жагсаал хийв.

Уг жагсаалыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргий­лэхэд бүх шатны төрийн захир­гааны болон ААН, албан байгууллагын бэлэн байд­­лыг дээшлүүлэх, бай­гуул­лага хоорондын хамтын ажил­ла­гаа­ны уял­даа холбоо, ард иргэдийн орол­цоог нэмэг­дүүлэх, сур­гаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чад­варыг дээш­лүү­лэхэд оршиж байгаа” гэж хэл­лээ. Уг нь Засгийн газраас ийм зорилго тавьсан юм байна.

Харин Онцгой байдлын ерөнхий газар түүнийг нь онцгой сайхан шоу болгоод бантан хутгачихав. Иргэд юу ч ойлгосонгүй. Төрийн захиргааны болон ААН-үүдийн бэлэн байдал хаана байгаа юм мэдэгдсэнгүй. Ийм байдалтай өнгөрлөө. Уг энэ бол ач холбогдол өгөхүйц том арга хэмжээ. Маргааш нийслэлд газар хөдөлбөл бид нээрээ яах. Унтаж байгаад  даруулах уу. Учраа мэдэхгүй уймарч байгаад гэмтэх үү. Үнэхээр яах вэ гэдгийг нийслэлчүүд мэдэхгүй харанхуй хэвээрээ үлдлээ. Харин бөхчүүдийг салбарынхаа нэр дээрээс барилдуулж сул цалин өгч, төрийн албаныханд ганган хувцас хийж бэлэглэх нь онцгойгийн ажил л лав биш байх.

Тухайлбал, Улсын аварга Батсуурь Онцгой байд­лын ерөнхий газ­рын Сүхбаатар айм­гийн салбарын нэр дээрээс олон жил барил­даж байна. Түүнд цалин өгч байгаа. Гэтэл аварга тэнд очиж ажиллахгүй нь л ойлгомжтой. Энэ бол ганц л жишээ. Энэ мэтээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж иржээ. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газар гал гарвал очиж унтараадаг, зуд болохоор тусламжийн өвс, тэжээл тараадаг газар биш.

Уг нь Онцгой байдлын ерөнхий газар Улаанбаатар хот болон бусад төв сууринд газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэг­дэл болсон тохиолдолд ир­гэд, төрийн захиргааны бай­гуул­лага болон аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авах уу. Бэ­лэн байдалд байхын тулд ямар шаард­лагыг биелүүлсэн байх уу гээд л их олон сургалт, сур­тал­чил­гааг явуулж байх ёс­той субект. Гэтэл энэ үүргээ умар­таж орхижээ. Тэд 500 гаруй сая төгрөгөөр шоу хийж, нийс­лэлийн 420 гаруй мянган ир­гэн оролц­лоо гэж сүржигнэв.

Тэг­вэл нийс­лэлийн нийт хүн амын дөн­гөж 4/1 нь л оролцжээ. Гэх­дээ тэд юу ч ойлгоогүй. Харин үлдсэн хэсэг нь учраа ололгүй гэртээ өнгөрөөлөө. Хэрэв газар хөдлөлтийн аюултай үнэхээр нүүр тулсан бол нийслэлийн иргэдийн 4/1 нь л хэрэгтэй. Тэдэнд тусламж үзүүлнэ. Бусад нь хамаагүй гэдэг ойлголтыг өгөх гэж ийм иж бүрэн сургууль явуулав уу гэх хар өөрийн эрхгүй бууж байна. “Ажил хийвэл дуустал ....” гэсэн зүйр үг бий. Тэгвэл онцгой­хон ажлыг дуусгах нь бүү хэл шоу маягаар эхлүүлээд төгсгөв. 

Ингэж л татвар төлөгч та бидний мөнгөөр төрийн байгууллагууд тансаглаж, шоу хийдэг юм байна гэдэг онцгой сайхан жишээг онцгой байдлын дарга нар бодитоор нь харууллаа. Ард түмэндээ үр өгөөжтэй, мэдлэг олгох хэмжээний сургалт хийж чадахгүй ийм “нохойн баас” шиг юм зохион байгуулж төсвийн мөнгө үрж байхаар гал, усны гамшиг рүү улаан гараараа зориулалтын хагас дутуу хувцастай ордог аврагч нартаа хувцас хэрэглэл аваад өгчихгүй гэсэн харамсал төрлөө.