Манай улсад эд баялаг, хөрөнгө мөнгө дутсан гэдгээс илүүтэй хамгийн их дутагдаж буй зүйл бол шударга ёс билээ. Өөрөөр хэлбэл, ард иргэд тэтгэвэр, тэтгэмж, мөнгө төгрөг өг гэхээсээ илүүтэй шударга ёсыг л тогтоож өгөөч хэмээн эрх баригчдаас хүсэмжилсээр өдийг хүрэв. Манай улсад шударга ёс алдагдсаны хамгийн том баталгаа бол хууль дарга нарт болон жирийн иргэдэд өөрөөр үйлчилдгээс харж болно.
Хэдийгээр нүүдэлчин иргэншлээс суурин соёл руу, хөдөөгөөс хот руу, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү, социализмаас ардчилал руу шилжсэн шилжилтийн хүнд бэрх үеийг давж буй хэдий ч шинэ орчин, шинэ хэвшил, шинэ соёлд суралцахаар мэрийсээр өнөөдрийг хүрлээ. Түүний хажуугаар ард иргэд төрийн, эрх баригчдын гаргаж буй зөв бодлого, зөв шийдвэр бүхнийг чадлынхаа хэрээр дэмжсээр ч ирлээ.
Тухайлбал, хаа сайгүй тамхи татдаг байсан монголчууд хууль санаачилсан хүн нь хуулиа биелүүлэхгүй төрийн ордондоо архидаж, тамхидаж байхад дор бүрнээ хичээж тус хуулийг хамгийн сайнаар хэрэгжүүлж байна. Автобус кондуктортай байхад хэрүүлтэй хараалтай мөнгөө төлдөг байсан хүмүүс, шинэ техник технологи, зөв зүйтэй зүйлийг, санал санаачлагыг дэмжиж соёлтойгоор үйлчлүүлж, шинэ соёлд суралцаж байна.
Хууль баталсан түшээд нь гарцгүй газраар зам хөндлөн хээв нэг гарч байхад ард иргэд нь аль болох гэрлэн дохио, гарц гармаар гарахыг хичээдэг эерэг хандлага хэдийнэ тогтжээ. Хориотой ан хийсэн нөхөд буруугаа ухамсарлаж, хуулийн дагуу гэм зэмээ хүлээж, торгууль алдангаа төлж байхад УИХ-ын гишүүд нь хууль зөрчсөн үйлдлээ олон нийтийн сүлжээнд сурталчилж явна. Тэдэнтэй хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллага хараахан алга. Тэр бүү хэл энгийн иргэдэд далайлт болон ирдэг хуулийн төмөр нударга, дарга нарт илэлт болон ивээдэг хишиг болоод уджээ.
Иргэд хийгээгүй хэргийнхээ төлөө хуулийн хүчирхийлэлд өртөж байхад харин дарга нар хуулийг гууль болгон төрийн ордондоо архидаж, зодолдож, нанчилдаж, унтаж хэвтэж явна. Жирийн иргэн босгыг нь давахад ч ёс горим нь дийлддэггүй төрийн ордонд төрийн түшээд нь харин жинс углачихсан явах нь энүүхэнд байдаг болжээ. Эрх мэдэлтэйн өмнө эрх мэдэлгүй нь хүчгүйдсэн энэ нийгмээс ард иргэд шударга ёсыг л хүсч байна. Энгийн иргэдийн хийсэн жижигхэн ч зөрчлийг хуулиар далайлган шийдэх атлаа дарга нарын хийсэн баримт нотолгоо нь ил хэргийг хуулийг гуйвуулан нуун дарагдуулсаар гаршдаг боллоо. Өшөө давуулан хэлбэл хүүхдэд хүрэлцдэггүй эмнэлэг хүртэл хэрэгт холбогдсон дарга нарын ял эдлэх газар болж хувирчээ. Шоронд орсон жирийн ялтан ямар ч хүнд өвчин туссан хэзээ ч сайд нарын хоёрдугаарт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж, зол завшаан тохиолддоггүй билээ. Бид төрөөсөө шударга ёс гэдэг ганц л зүйлийг хүсч байна.