ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын есөн эрүү

O.Admin
2019-05-27

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жилийн өмнө УИХ-ын чуулганы үеэр “Монголчууд Манжийн есөн эрүүд дарлуулж байсан. Орчин цагт МАН-ын есөн татварт дарлуулж байна” хэмээн шүүмжлэл хэлж байлаа. Өдгөө эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа нь талаасаа өнгөрч, УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирчихлээ.

Гэтэл Ардын нам дан ганц татвараар ч бус олон төрлийн эдийн засгийн дарамт, элдвийн хүчирхийллээр монголчуудыг дарлах болов. Манжийн үед есөн төрлийн эрүүдэн шүүлтэд орж дарлуулж, байсан ард түмэн “МАНдуулсан” сонголт хийсэн гурван жилдээ есөн төрлийн дарамтыг тэсч гарах гэж зовж байх юм. “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс нь салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоох” тэдний амлалт салхинд хийссэнийг сануулсан иргэний нийгмийн хөдөлгөөн, сөрөг хүчин, иргэд олон нийтийн жагсаал цуглаан өдөр өнжихгүй л болж байна.

Гэвч Ардын намын амлалт хөрсөн дээр буухаас илүү тооцоо судалгаагүй, зөвхөн олон нийтэд таалагдах гэсэн популизмын шинжтэй боллоо. “Итгэлийн зээл” хэмээн иргэдийг хошгируулсан амлалт гаргаж ирлээ. Монгол Улсад зээлгүй, батлан даагч болоогүй нэг ч иргэн байхгүйг мэдсээр байсан атлаа гурван сая иргэнд нэг бүрт нь өгнө гэсэн үлгэрийн амлалт өгч, талцуулж байна, тэд. Хүүхдийн мөнгөө хүсэлт гаргаад ч авч чадахгүй байхад “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө өгнө” хэмээн олныг хошгирууллаа. Эндээс илүүг нуршаад яах вэ. Эрх барьсан гурван жилдээ иргэдэд ямар дарамт учруулж, төрийн төмөр нүүр харуулсныг товчлон хүргэе. 

1.МАН-ын есөн татвар 

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт 2017 онд хамрагдаж, тус байгууллагын шаардлагаар есөн төрлийн татвар нэмж буйгаа зарласан. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн юм. Суудлын автомашины татварыг нэмсэн, импортын тамхины татвар, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч олон нийтийн эсэргүүцэл, импортлогч компаниудын шантаа­жаас үүдэж, шийдвэрээ цуцалж байлаа. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн бол согтууруулах ундааны татварыг ч 10 хувиар нэмэгдүүлжээ. Газар худалдаалах татвар, Ашигт малтмалын татвараас гадна Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулсан Татварын багц хуульд ч иргэний эрх ашгийг боогдуулсан атлаа, гадны компаниудыг өөгшүүлсэн заалт оров. 

2. “60 тэрбум” ба ЖДҮ хулгай 

Ардын нам 2016 оны сонгуульд оролцохдоо төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалах стратеги боловсруулсан нь тодорхой болсон. Үүнийгээ нэр холбогдсон хүмүүс нь хүлээн зөвшөөрч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Үүнээс гадна 20 гаруй гишүүд нь жирийн иргэдэд олгодог хөнгөлөлттэй зээлээс авсан нь тодорхой болов. Тэрбумаар нь халаасалсан улстөрчдийн хар гайгаар боломжийн байсан ЖДҮХС-гийн журам хатуу болж, иргэдээс улам бүр холдов. Мөн энэ жилийн тухайд 47 тэрбум төгрөгийг л ЖДҮ эрхлэгчдэд хувааж өгөхөөр тавьж, иргэнээ дарамталж эхэллээ. 

3.Мах магнаг боллоо 

Өргөн хэрэглээний бараа тэр дундаа махны үнэ урьд өмнө байгаагүйгээр “галзуурч” байна. Тэр ч байтугай үхрийн гуяны цул мах 16500 төгрөгт хүрлээ. Махны үнийг тогтворжуулах, өдөр өдрөөр өсч байгаа өргөн хэрэглээний барааны үнийг зохицуулах учиртай Сангийн сайд нь шилдэг эдийн засагч болж, твиттерээр өр төлснөө жиргэхээс өөр ажил хийсэнгүй. Эсрэгээрээ махны үнэ өссөнд цаг агаар буруутай гэх мэдэгдэл хийв. МАН эрх барьсан цагаас эхлэн тасралтгүй өссөн шатахууны үнэ 1940 төгрөгт хүрлээ. Эндээс цааш өснө гэдгийг ч импортлогч компаниуд мэдэгдэж байна. Аргаа барсан иргэд нь машинтай жагсаал хийж, Сүх жанжины талбайд хэвтэх хүртлээ туйлджээ. Бид хянаж чадахгүй гэдэг мэдэгдэл хийлээ. 

4.Төрийн албанд хариуцлагагүйн зуд нүүрлэжээ 

Монгол төрийн түүхэнд анх удаа төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордонд намын дэд дарга хүн амиа алдав. Учир битүүлэг энэ хэргийн ээдрээ өнөө хэр тайлагдсангүй. Урьдчилсан мэдээллээр нэгэн улстөрч өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх. Түүнчлэн, Зам тээврийн яаманд мөн л архидан согтуурч байсан дарга нь өөр нэг даргыгаа зодож амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг бүртгэгдсэн. Төрийн албанд ажлын биш архины шалгалт явагддаг болов. 

5. Ядуурал дээд цэгтээ хүрчээ

Ажилгүй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад Ардын нам иргэдийн дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрсэн гэх хоржоонтой мэдэгдэл хийгээд зогсож байна. Иргэдийн бодит орлого, тэтгэвэр, цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй атлаа “Итгэлийн зээл” өгнө гэж иргэдээ доромжлохоо мартсангүй. Мөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсныг болиулчихсан атлаа хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд өгнө хэмээн улс төр явуулахаа орхисонгүй. ажлын байрандаа олноороо амиа алддаг айдсыг бид үзэж байна. 

6.Хувийн хэвшлээ дарамтлах явдал хэрээс хэтэрч байна

ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг олоод ирсэн аж ахуйн нэгжийн удирдлагуудыг баруун солгойгүй баривчилж, сүрийг үзүүлсээр төрийн мэдэлд 100 хувь шилжүүлж санаа амрав. Түүнээс гадна аж ахуйн нэгжүүдээ дарамталсан, хилийн хориг тогтоосон зүйл заалтыг Татварын хуульдаа оруулжээ. Татвараа улсад төлөх журмаар нь төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална, төрд буцааж авна гэх мэтээр дарамталж өс хонзонгийн сэдэлтэй улс төр, муйхар шийдвэр нь аж ахуйн нэгжүүдийг айдас, хүйдэст автуулав. 

7. Өмхий үнэрт салхи буруутай 

Хотоо утаагүй болгож, хөрсний бохирдлоос нийслэлийг салгана гэх амлалт өгсөн ч нийслэлчүүд өдөр болгон өмхий үнэртээ угаартаж байна. Эрх баригчид харин салхинд бурууг өгчихөөд сууж байх юм. Жилийн дараа гэхэд хот өмхий үнэрээсээ сална, чадахгүй бол хариуцлага тооцно хэмээсэн ч үнэр энэ жил улам нэмэгдлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэв. Түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гаргасан ч тэр нь нэг сар ч хэрэгжиж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Гарц гаргалгаа эрэх бус эсрэгээр нь дарамталж, шууд хүчээр хааж боодог энэ шийдвэрээс үүдэж, ирэх өвөл хэчнээн өрх айл хөлдөхийг таашгүй. 

8.Хэдэн зуугаараа хоолондоо хорддог 

Он гарснаас хойш нийслэлд гурван ч удаа олон зуун хүн хамарсан хоолны хордлого гарлаа. Нийслэлийн хэд хэдэн сургуульд сүрьеэ өвчний халдвар дэгдэж, өвчлөлийг нуун дарагдуулж байсныг нь Эрүүл мэндийн яам илрүүлжээ. Монгол Улсын хамгийн чухал зүйл бол иргэн нь эрүүл байх явдал. Гэвч энэ талаар төр ажилласангүй. Жил 4000 гаруй хүн хавдраар амиа алдаж байгаа. Тэр дундаа хоол хүнсний аюулгүй байдалд анхаарал тавих хүн энэ төрд алга. 

9. Хүүхэд нь хүчирхийлүүлж, охид нь хулгайлагдсаар... 

МАН-ынхан эрх барьж буй энэ хугацаанд хүүхдийн хүчирхийлэл улам бүр цар хүрээгээ тэлж байна. Хүний санаанд оромгүй гэмт хэргүүд ар араасаа гарч байхад эрчүүд нь байтугай эмэгтэй улстөрчид нь ч тэдний төлөө дуу хоолойгоо гаргасангүй. Эсрэгээрээ улс төрийн эрх ашиг ханхалсан шийдвэр дээр хоёр хуваагдан талцаж, ард түмний өмнөөс хэмээн хэрэлдэж байх юм. Цэцэг цэврүү шиг охид нь газрын гаваар орсон мэт алга болж байхад монголын төр нэг удаа ч хүүхдээ өмгөөлж дуугарсангүй. Хүүхэд хүчирхийлэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх талаар нэг ч гишүүн хуулийн төсөл боловсруулсангүй. Айх аюулгүй, амгалан улсад амьдруулна гэсэн Ардын намын амлалт ингэж хэрэгжив.