ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл намын “халаас”-наас гарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-03

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ.  Удирдах зөвлөлдөө хүсэлтээ өгнө гэж албан ёсоор мэдэгдсэн болохоор өгсөн гэдэгт итгэж байгаа юм. Ердөө жил гаруйн өмнө Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэлийн 17 дугаар Их хурал болоход холион бантанг нь хутгаж, лобби­дож байгаад л Ерөнхийлөгч болсон. Олон ч сайхан амлалт өгсөн. Гэвч жил, дөрвөн сарын дараа ийнхүү ажлаа өгчихлөө. Ажлаа өгөх­дөө зүгээр ч нэг явчих­сан­гүй. Сэтгүүлзүйн сал­барыг тэр чигээр нь дором­жилж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнх нь нэрийг барьж байгаад “шавар”-тай хутгачихаад алга боллоо. Нүд цавчих­гүй­гээр “Би үнэнийг хэл­нэ. Сэтгүүлзүйн сал­бар худалдагдсан” гэж “жадлав” Бидний зарим хэсэг ийм л хүнийг нэгд­сэн эвлэлийнхээ Ерөн­хий­лөг­чөөр сонгожээ. Угаас Х.Мандахбаяр сонгог­дохоос эхлээд л будилаан тарьсан хүн. Уг нь МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн төлөө дөрвөн хүн өрсөлдөхөөр болсон ч гурав нь шударга бус улстөржсөн хурал хэмээгээд хаяж гарсан байдаг.

Бас хурлын мандатыг мөнгөөр үнэлж зарсан гэх асуудал ч үүссэн билээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа  “МСНЭ-ийн Их хуралд оролцож, үг хэлэх эрхийн мандат сая төгрөгт хүрлээ. Маргааш би сая төгрөг төлж авсан мандатынхаа эрхийг эдэлж үгээ хэлнэ. Ямар үнэтэй үг хэлэх эрх вэ. Би Монголын сэтгүүл зүйд 20 жил ажиллахдаа сэтгүүлчдийнхээ байгууллагынхаа хуралд оролцох эрхийн төлөө ингэж мөнгө төлнө гэж төсөөлсөнгүй явлаа. Маргааш МСНЭ-ийн хурал дээр өөр бусад зүйлийг баримттайгаар ярина аа, миний муусайн сэтгүүлч найзууд аа” хэмээн бичиж байлаа.  Ийм л будилаан хутгаж Сэтгүүлчдийн эвлэлийг “авсан” юм. Мөн сэтгүүл зүйн салбарын олон асуудлыг шийднэ гэж амлаж гарч ирсэн ч юу ч хийсэнгүй. Өнгөрсөн хугацаанд хоёр, гурван хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авч, өөртөө төвлөрүүлэв. Бусдаар сэтгүүлчдэд хэрэгтэй ажил хийсэн билүү. Солонгосын олон удаагийн визийг сэтгүүлчид авч болохоор болсон. Гэтэл Х.Мандахбаяр тэргүүтнүүд дөрвөн жилийнхээ татварыг төлөх барьцаа тавьжээ. Ийм л нэг жил өнгөрлөө. Цогцоор нь харвал, тэр 2020 оны сонгуульд Өмнөговь аймгаас өрсөлдөх бүхий л сууриа ухаж ирлээ. Тосон бумба руу 50 сэтгүүлч дагуулж явснаа “Би МСНЭ-ийн байр сууринаас хандаагүй. Жирийн иргэн, сэтгүүлчийн хувиар явсан” гэж мэдэгдэж байна билээ. Иргэн Х.Мандахбаярт 50 сэтгүүлч олдохгүй ээ. Харин Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид бол олдоно. Гол гаргалгаа нь энэ. Х.Мандахбаяр иргэний байна уу, сэтгүүлчийн хувиар Тосон бумбыг ухуулахгүй гэж тэмцэж. Хотын дарга С.Амарсайханы ахын эзэмшдэг компанийнхан Туул голын бургасыг хядсан үйлдлийг эрс эсэргүүцэж, байгальд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхийн төлөө тэмцэж болно. Шударга ёсыг шаардаж болно оо. Үнэхээр шударга ёс шаардаж байгаа бол дэмжинэ, дэмжих ч ёстой, сэтгүүлчид бид. 400 сая төгрөг шантаажилсан, хүнтэй утсаар хэрэлдсэн гэх мэт олон асуудал бидэнд хамаагүй. Эрчүүд гахай, нохойдоо тулаад хэрэлдэж л байдаг. Тэвчээр алдарвал хэний ч амнаас хараалын үг гарна. Энэ мэт асуудлуудыг  шүүх, цагдаагаараа шийдүүлнэ биз.  Гол нь тэр “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэдэг ТББ-ын Ерөнхийлөгчөөр жил ажиллачихаад, эцэстээ намынхаа хоёр, гурван хүнтэй тэрсэлдсэн, хэрэлдсэн шалтгаанаар албаа өгөхдөө жирийн сэтгүүлчдийнхээ ар нуруунд “сүх зоолоо”. Өөрөө шантаажилсан асуудалтай нэр холбогдохдоо бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарыг хамт тэврээд хаднаас үсэрч байна. Ингэж болох уу. Яг үнэндээ Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан тэргүүтэй хүмүүстэй Х.Мандахбаяр нэг намынх. Хоорондоо тэрсэлдээд, нэгнээсээ шударга ёс нэхтэл зай ч байна, лай ч байна. Яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч Мөнхтөр гэсэн хоёр хүний нэр дурьдаж, өөрийг нь харлуулсан гэж ярьсан. Арай хоёр хүнээр төлөөлүүлж сэтгүүл зүйн салбарыг худалдагдсан гэж “матрын нулимс” унагаж, муулаагүй байлтай.  Тийм бол хол эндүүрч, Ерөнхийлөгч өө. Сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болохын төлөө хөлөө эцтэл явж байгаа сэтгүүлч олон бий. Болохгүй, бүтэхгүй бүхнийг засч, залруулахын төлөө тэмцэгсэд ч байгаа. Нэг намын гишүүн байсан, УИХ-д суух мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэхийн төлөө сэтгүүл зүйг, Сэтгүүлчдийн эвлэлийг ашиглаж буй нэгэн муу муухайгаар хэлчихдэг салбар биш юм шүү. Сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байгаатай санал нэг байна. Ядаж л хэвлэлийн эрх чөлөөг хангалттай олгох хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа. Гэтэл хуулийг нь батлуулахын төлөө ажиллахаасаа илүүтэй эрх мэдлээ ашиглаж, олон сэтгүүлч цуглуулж, сүржигнүүлчихээд, эцэст нь удирдаж байгаа салбараа муулдаг олиггүй эр хүн байх ч гэж дээ, та. Ажлаа өгсөн ч Хэв­лэлийн эрх чөлөөний хууль батлуулахын төлөө ажиллана гэсэн. Тогоон дотор нь байхдаа батлуулж чадаагүй хүн тогоо руу нь нулимчихаад явахдаа батлуулах уу.  Яг үнэндээ Х.Мандахбаярын энэ тоглолтыг ирэх жилийн сонгуулийн өмнөх бэлтгэл л гэж харж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч байж байгаад, дээрээс нь бүхэл бүтэн медиа группээр өөрийнхөө пи арыг хийлгэж сонгуульд өрсөлдвөл хүмүүс юу гэж харах уу. Түүнийгээ ч мэдэж байгаа. Хаана, хэнтэй, ямар сэдэв барьж авч “байлдвал” хүмүүст танигдаж, нэр хүндээ өсгөх вэ гэдгээ ч тооцсон. Тиймээс одоо л зөв цаг нь ирлээ гэж Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн ажлаа “шидчихлээ”. Тэгэхдээ өөрийнхөө нэр хүндийг өсгөхөд сэтгүүлчдийн нэрийг хүртэл ашиглав. Хэтэрсэн увайгүй үйлдэл.  Харин Х.Мандахбаяр ажлаа өгснөөр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэг намын халааснаас гарлаа.  Гагцхүү бид одоо зөв зам руугаа орох ёстой юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр хөлийнхөө улыг цэврүүттэл явж, тэвчээрийнхээ чавхдасыг тасартал албан тушаалтнуудыг хүлээдэг. Өглөө ажилдаа амжиж ирэх гэж, орой гэртээ эрт харихын тулд нийтийн унаанд чихэлдэж, шударга үнэнг олохын төлөө хичээж ажилладаг сэт­гүүлчдийнхээ зов­лонг ойлгодог хүнийг сонгох хэ­рэг­тэй.  Улаа цэв­рүүт­тэл алхаж явсан сэтгүүлч хүн л энэ ажлыг авах ёстой юм. Аль нэг намын халаасны нөхөр лобби хийж гарч ирээд, яаж нулимдаг, мянга мянган жирийн сэтгүүлчийг өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн төлөө худалдагдсан гэж дуудаж чаддаг болохыг бид харлаа.  Хүн бусдыг өөр шигээ боддог гэдэг үг ч бас бий шүү.  Зүгээр сануулчихья.