Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. Хориг тавьсан үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм.
Бүх ард түмний эрх ашиг, Үндсэн хуулийн суурь зохицуулалтыг зөрчсөн, ардчилсан, хүмүүнлэг Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчиж буйг Ерөнхийлөгч хоригтоо онцолсон билээ.
Тодруулбал,”Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна” хэмээгээд хэд хэдэн тодорхой үндэслэл дурдсаныг байнгын хорооны хуралдаанд З.Энхболд дарга танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь ганц асуулт асуув. Улмаар, МУИС-ийн Хуульзүйн доктор А.Эрдэнэцогт асуултад хариулснаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахгүй гэж шийдлээ.
Чуулганы хуралдаанд шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулах юм байна. Хуралдаанаар үргэлжлүүлэн Гэмт хэргээс урьдчилан, сэргийлэх соён гэгээрүүлэх тухай хууль болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй гишүүд боловсруулан, УИХ-д өргөн барьсан билээ.