ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас түүний орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс энэхүү томилгоонд Баянхонгор аймгийн уугуул болох Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг нэр дэвшүүлснээ бүлгийн хуралд танилцуулсан байдаг. 

Тэгвэл хуралдаанаар энэхүү томилгоог хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн энэ өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товлосон хугацаа болон нөхөн сонгуульд зарцуулах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр өмнө нь нөхөн сонгууль хийхдээ хэд хэдэн удаа нөөц сангаас гаргаж байсан. 

Тэгэхээр энэ нь бас хууль зөрчсөн, хүчингүй нөхөн сонгууль гэсэн үг үү гэх асуудлыг гишүүдийн зүгээс тавив. Харин байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “2019 онд нөхөн сонгууль явуулах нь тодорхой байтал төсөвт суулгаагүй гэдэг тайлбарыг Үндсэн хуулийн цэц өгсөн. Засгийн газрын нөөц сан нь дан ганц улсын төсөв бус гадаадын тусламж, тусгай сангийн мөнгөнөөс бүрддэг учраас энэ нь Үндсэн хууль зөрчинө гэж үзсэн юм билээ” гэх тайлбар өгөв. Улмаар, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэх шийдвэр гаргалаа.