ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндаог зорилоо 

O.Admin
2018-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс айлчлах юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийх юм.