Парламентын хамгийн хариуцлагатай цаг үе буюу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, эхэлсэн түүхэн үед УИХ-ын гишүүдийнх нь ирц бүрдэхгүйгээс чуулганы хурлаа хэд хэд хойшлуулж, бойкотлов. Бод доо. Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж чадахгүй байна шүү дээ, тэд. Тусгай дэгээр хэлэлцдэг, хэлэлцүүлэг нь дундаа тасарч болдоггүй нэн чухал хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ярилцаад завгүй сууж байх учиртай гишүүд нь хуралдаа ирэхгүй гэхээр Монголын парламентад бид ямархуу хүмүүсийг сонгосноо, өөрсдийн сонголтоо дахин нэг удаа зүхэх шаардлага бий болов.
Уг нь ээлжит бус чуулган зарласнаас хойш сар гаруйн хугацаанд улстөрчдөд зөвшилцөх, ойлголцох хангалттай хугацаа байсан. Ээлжит бус чуулганаар 14 асуудал хэлэлцэхээр товлосон ч бүгдийг нь хойшлуулж, хэлэлцэж, ярилцах хугацаа хангалттай өгсөн. Гэтэл дэлгэр зунаар найр хэсэж, айраг ууж тэнэсэн тэд маань дэгсдүүлж хэлбэл хуулийн төслөө ч сөхөж хараагүй, өөрчлөлт оруулах зүйл заалтаа ч уншаагүй бололтой шүү.
“Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар л энэ зунжингаа амралтгүй ажиллалаа. Хуулийн төслийн амин сүнсийг олон нийтэд танилцуулах, ойлгуулах ажлыг ганцаараа хийсэн гэхэд хэтийдэхгүй. Харин ангийнх нь хүүхдүүд аавдаа эрхэлсэн жаалууд шиг тал бүртээ тарж бутарч алга болчихоод, эргэж цуглахдаа эвээ олохгүй, ирцээ ч бүрдүүлж чадахгүй төрийн ажлыг гацаав. Ийм чухал хуулийн төсөл дээр ингэж хайнга хандаж байгаа гишүүд бусад хуулийн төслийг яаж баталдаг нь ойлгомжтой байгаа биз. “Монголчууд цуглаж өгөхгүй. Цуглахаараа тарахгүй” гэдэг шиг Их хурал нь ч ирцээ бүрдүүлж хуралдаж чадахгүй болсон.
Нэг хуралдахаараа хамаг амьтныг чилээж, харанхуй шөнөөр хуралддаг “гажиг” тогтолцоо зөвхөн Монголд бий болоод уджээ. 75-хан хүн атлаа нэг танхимд ороод нийтээрээ асуудлаа хэлэлцэж чадахгүй, нам дотроо хоёр хуваагдаж, бүр намын бүлгээ тараачихаад амар сайхандаа жаргаж байгаа, хөөрхийс. Ийм парламентаас бид юу хүлээх ёстой вэ. Олон нийтийн санаа бодол нь Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдчихсэн, Төрийн тэргүүнээсээ эхлээд өөрчлөх нь зүйтэй хэмээн дэмжиж байхад зөвшилцөж, ярилцаад баталчихгүй хэчнээн удаа хойшлуулав. Ийм хүмүүс л өдгөө тоогоо нэмж, 108 болъё, эсвэл 99 болсон нь дээр гэж яриад сууж байх юм. Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр, хүн амын тоогоо бодсон ч тоог нь нэмэх ёстой гэдэгт хэн ч маргаан хийхгүй ээ.
Олон нийт ч үүнийг ойлгож байгаа учраас эсэргүүцэх хандлага бага байна. Гэвч, тоо нэмэгдэх нь тодорхой болсон тохиолдолд дагаад эрх, үүргийн асуудлыг ч тусгайлан хэлэлцэх учиртайг зориуд сануулмаар байгаа юм. Дэлхий дахинд парламентын тогтолцоотой улс орнууд дунд манайх шиг ийм дархан эрхтэй гишүүнтэй улс маш цөөхөн. Буурай хөгжилтэй орнуудыг эс тооцвол тусгайлсан Дэгийн хууль ч байхгүй парламент олон бий. Тухайлбал, Грек, Испани гэсэн хоёр улс Дэгийн хуультай. Харин бусад улс орнууд тусгайлсан хуулиар биш журмаар нарийн зохицуулаад явдаг аж. Манайх Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль гэсэн гурван хуульд нарийн зааж, хуульчилж өгсөн атлаа хэзээ ч түүнийгээ хэрэгжүүлж байсан удаагүй билээ.
Хамгийн сонгодог парламент гэгддэг Японы парламентад гишүүд нь хуралдааны үеэр хэлэлцэх асуудлаасаа өөр зүйлийг хэзээ ч хийдэггүй. Тэр байтугай ном, сонин унших, тамхи татахыг хориглосон. Гэтэл манайд энэ бүхэн эсрэгээрээ. Болохгүй гэж хуульчилсан ч боов идэж, цай ууна. Зарим нь чуулганы хуралдаа согтуу сууна. Албан өрөөгөө баар шиг ашигладаг, тамхины өрөө шиг суунаглуулдаг гишүүд энэ танхимд олон бий. Ном, сонин унших байтугай кэнди тоглож, томчуудын сайтаар зугаацаж байгаа бичлэг нь соошл орчинд дүүрэн байгаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүд нь парламентын танхимдаа юу хүссэнээ ярина.
Хэлэлцэх асуудлаас тэс хөндлөн зүйл ярьж, улстөржих нь байдаг л үзэгдэл болсон. Сүүлдээ парламентын танхимаа шүүх хурлын танхим болгож, гишүүд нь шүүгч, прокурорын ажил хийж, ялтан чөлөөлөх гэж жагсдаг боллоо. Энэ л дутуу байж дээ. Бас хэлсэн үгэндээ ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл Франц, Ирланд зэрэг улс орнуудад гишүүд үг хэлэхдээ заавал амаар илтгэх үүрэгтэй бөгөөд бичсэн зүйл уншихыг хориглодог гэнэ лээ. Германы Бундестагт гишүүд нь зөвхөн хурлыг даргалж буй спикерээсээ зөвшөөрөл авсан тохиолдолд бичсэн зүйлээ уншдаг гээд өөр, өөрийн нарийн дэгтэй. Үүнийг хэн ч зөрчдөггүй. Ажилдаа хандах хандлага ч тэс өөр бөгөөд жилд дунджаар 180 хоног хуралдах журам тэдэнд үйлчилж байх юм. Иргэдийн эрх ашгийн төлөө амрах ч завгүй ажилладаг гэсэн үг л дээ.
Гэтэл энэ цагийн Монголын парламент нь Үндсэн хуульдаа тусгасан хагас жил тутам 50-аас доошгүй ажлын хоног чуулна гэсэн үүргээ ч биелүүлж чадахгүй л явна шүү дээ. Монголын нэг улстөрч хамгийн багадаа хоёр туслахтай байдаг. Туслах нь тусдаа машинтай, хангамжтай. УИХ-ын гишүүн нь утас, шатахууны төлбөрөө төрөөр даалгана. Гэрээсээ машинаар авахуулж, хүргүүлнэ. Гэмт хэрэг хийсэн ч үйлдэл дээрээ баригдаагүй бол баривчлагдахгүй. Баригдсан ч мэлзээд өнгөрдөг. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Элдвийн зээл тусламж, ЖДҮХС-гийн зээлээс ах дүү амраг садан болон өөрөө авахад ямар ч асуудал байхгүй.
Компанидаа давуу байдал олгож болно. Хуулийн төслийг ч өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх эрх бас бий. Тэр ч байтугай үндсэн ажил болох хууль боловсруулах, батлах ажлаа хийснийхээ төлөө төрөөс болон аж ахуйн нэгжүүдээс мөнгө авна шүү, тэд. Сандал, суудлын тохироонд кнопоо үнэлнэ. Уул уурхайн компаниудыг шантаажилж, хуулийн төсөлд эрх ашгийг нь тусгаж мөнгө авна. Орон байрны дэмжлэг ч авах эрхтэй. Авлига, оффшор, 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт, Стандарт банк, Капитал банк, Дубайн гэрээ, нүүрсний хулгай, бонд, концессын гэх мэт хамаг хэрэг улстөрчидтэй холбоотой байдаг. Бүр хүчингийн хэрэг ч үйлдчихнэ. Ерөнхий сайд
У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “аллага, авлига, хулгай, хүчин” гээд холбогдоогүй юм тэдэнд алга аа. Энэ мэтээр тусгай хангамж, эрх үүргийг нь тоочоод байвал дуусахгүй. Хэмжээлшгүй эрх мэдлийн төлөө улайрахгүй гээд ч яах билээ. Энэ их эрх мэдлийг авах хүнийхээ тоог нэмэхийн тулд хуулиа зөрчих ч бас юу ч биш байх. Гэтэл бидний өдөр бүр л үлгэр жишээ болгон ярьдаг Шведийн парламентад “гишүүний дархлаа” гэж огтхон ч байдаггүй аж. Тэд долоон метр квадрат оффист татвар төлөгчдийн мөнгийг үрэх эрхгүй суудаг бөгөөд энгийн иргэдтэй яг адилхан эрх үүрэгтэй.
Шведийн парламентын 349 гишүүнээс гадна Ерөнхийлөгч нь нийтийн тээврийн карт авдаг бөгөөд парламент нь дундаа гуравхан машинтай. Үүнийг нь парламентын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нь албан ёсны арга хэмжээнд унадаг ажээ. Ерөнхий сайд нь ганцхан машин унах эрхтэй ч мөн л албаны ажилдаа унана. Улстөрчдөд нь туслах байхгүй. Улсаас өгсөн албаны өрөөндөө хоолоо өөрөө хийж идэж, хувцсаа өөрөө угааж, гэрээ ч цэвэрлэнэ. Эхнэр, хүүхэд нь хамт амьдарвал төлбөрөө төлөх ёстой. Тус улсад ажилладаг бага ангийн багшаас ч бага цалинтай бөгөөд бүх татвар, төлбөрөө цалингаасаа төлнө.
Хэвлэл захиалах ч төсөв байдаггүй учраас намаас нь унших ном, сонингоор хангадаг гээд энгийн иргэнээс огтхон ч ялгарахгүй, эрх ямба эдлэхгүй ажлаа хийгээд явж байна. Ингэлээ гээд тэр улс дампуурсангүй. Улстөрчид нь уруудаж, доройтсонгүй. Харин ч илүү баян, илүү тайван, илүү хүчирхэг хэвээр байна. Дэлхий дахинд техник, технологийн хүчээр танигдаж байгаа Японы парламентын гишүүд ч хүн байх, хүнлэг байх үүргээ хамгийн сайн биелүүлдэг. Дотуур хувцасны загвар өмсөгч бүсгүйтэй нэр холбогдсоныхоо төлөө, татвар төлөгчдийн мөнгөөр толь худалдаж авсныхаа төлөө огцордог.
Тэд хурдан галт тэрэг, цахилгаан машин үнэ төлбөргүй ашиглах эрхтэй бөгөөд сард 3-4 удаа үнэгүй аялах эрхтэй байдаг аж. Хямд түрээсийн байрны үйлчилгээг төрөөс үзүүлнэ. Харин жилийн хэрэглээнийх нь ихэнх зардлыг Үндэсний сангаас гаргадаг ажээ. Хариуд нь ажлын 180 хоног морь, нохой мэт ажиллах ёстой болно. Авлигаас ангид байж ёс төрөө эрхэмлэх учиртай. Тэгж чадахгүй бол албан тушаалаасаа огцордог хатуу дэг журам үйлчилсээр байна.
Харин энэ бүхэн Монголд л алга. Толь авах байтугай баялаг бүтээгчдийнхээ мөнгийг хулгайлчихаад “сүртэй ш дээ, төлчихнө” гэж загнадаг нь манайд байна. Эмэгтэй хүнтэй нэр холбогдох байтугай хүчин хийчихээд “өмсөөд гарсан” гэж даналздаг нь бас манайд байна. Эрх мэдэлд хүрэхээсээ өмнө ард түмний сайн сайхны төлөө гэж ярьсаар байдаг ч албан тушаалд очсоныхоо дараа өөрийнхөө сайн сайхны төлөө зүтгэдэг нь манайд бүр 76-уулаа байна.
Албаны тэрэг унадаг, хангамж эдэлдэг төрийн өмчийн компани болон агентлагийн дарга, цэргийг оруулвал хүний тоо нь 100 мянга лав дөхөх байх шүү. Ганц ялгаа нь хулгай хийвэл шоронд орох юм даа. Бусдаар улстөрчидтэйгөө адилхан эрх ямба эдэлнэ. Тун удахгүй дахиад нэмэгдэх нь. Зөвшилцөж, хуралдаж чадвал шүү дээ. Тэгэхээр шударга ёсны сэлэм далайж, ард түмний баатар болоод байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга та гурав эрх ямбын асуудлыг эргэж нэг харж болох уу. Эс тэгвээс парламентын 76, Засгийн газрын 16 сайд, Ерөнхийлөгч ба түүний багийнхан, яам агентлагийн хурган дарга нарын тансаглалд улсын төсөв сүйрлээ.
Тоо нь дахин нэмэгдэж 108 эсвэл 99 болчихвол гадаадаас өр нэмж тавиад ч зардлыг нь дийлэхгүй. Тиймээс л чуулганы танхимдаа энэ мэт асуудлаа хэлэлцэнэ үү, баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэн яаралтай баталж, үүнийхээ дараа хариуцлага дэг журам, хаана ч юм гээгдэж орхисон ёс зүйгээ олж авчихмаар байх юм. Гишүүдийн тусгай эрх үүрэг, ямбыг багасгахгүй л бол БНН-ын дарга Б.Жаргалсайханы хэлсэн шиг 99 “мал”-аа тэжээх гэж улсаараа бадар барих вий.