ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Их хурлын хамгийн залуу төлөөлөгч нь 21 настай

O.Admin
2 цагийн өмнө

МАН-ын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. 31 дүгээр Их хурлын үйл ажиллагааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга асан, Улсын Их хурлын гишүүн Д.Амарбаясгалан нээж, төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа. Нээлтийн эхэнд нийт төлөөлөгчид Увс аймгийн Засаг дарга асан С.Батжаргал агсанг дурсаж хүндэтгэл үзүүлэв.

Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн 31 дүгээр Их хурлын даргалагчаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын МАН-ын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нарыг сонгож, баталлаа.

31 дүгээр Их хурлын Мандатын комиссын дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа. Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм.

Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ. Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь дөрөв, 4.9 хувь нь тав дахь удаагаа сонгогдсон байна.

Их хурлын төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй Их хурал болж байна. Их хурлын төлөөлөгчдийн насны ангиллыг авч үзвэл 292 буюу 13 хувь нь 21-35, 914 буюу 40.7 хувь нь 36-45, 794 буюу 35.3 хувь нь 46-60, 247 буюу 11 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүрэн хангагдсаны илэрхийлэл бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 46 байгаа юм.

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь Монгол Ардын Намын дарга асан 100 насыг зооглож байгаа Гомбожавын Очирбат, Монгол Улсын гавьяат багш, 85 настай Доржийн Амар нар байгаа бол хамгийн залуу төлөөлөгч Дорноговь аймгийн СДМОХ-ны тэргүүн 21 настай Батсүхийн Билгүүн байна.