ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол шиг агуу түүхтэй орон дэлхийд цөөхөн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа. Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь багануудын нэг хэмээсэн юм. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг багачуудад сануулж, теле хичээлийн турш дээрх сэдвээр ярилцлаа. Тэрбээр “Чингис хаан мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж хэлсэн байдаг. Тиймээс Чингис хааны хөшөөг төрийг төвхнүүлэхээр сууж байгаа мэтээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд Засгийн газраас хөрөнгийг нь гаргаж, байгуулсан түүхтэй.  Хоёр талд нь хүү болон ач хүүгийнх нь хөшөөг хамгаалж байгаа маягаар барьсан. Ингээд есдүгээр сарын 1-ний хичээлдээ оръё. Эх орны тухай ямар бодолтой явдгаа хэлэх хүүхэд байна уу. Эх орон гэж юу вэ” хэмээн хүүхдүүдээс асуув. Нэг л хүүхэд “Эх орон гэж өөрийн гэсэн газар нутагтай, хэл соёлтой тусгаар улсыг хэлнэ гэж боддог” хэмээн хариуллаа.  

Түүний дараа Сүхбаатарын талбайг хэдэн онд барьсан, хэзээ шинэчилж зассан талаар бяцхан түүх ярьсан юм.  Төв талбайд цэргийн сургуулийн хүүхдүүдтэй Их Эзэн Чингис  хаан, Ардын хувьсгалын түүхийг ярилцсан. Харин Цонжинболдогт Монголын түүхийн талаар хүүхдүүдэд ярьж өглөө. Ерөнхийлөгч “Цонжинболдог орчим Монголын түүхийг илэрхийлсэн газар. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хувийн хэвшлийнхэн энэхүү морьт хөшөөг барьсан. 45 метр өндөр, дэлхийн хамгийн том морьт хөшөө. Үүгээр монголчууд бид эзэн хаанаараа бахархаж байгаагаа дэлхий нийтэд илэрхийлдэг. Энд яагаад энэхүү морьт хөшөөг барьсан билээ” хэмээн сурагчдаас асуув. Сурагчдын төлөөлөл “16 настай байсан Тэмүүжин Гурван мэргэдэд гэргийгээ булаалгасны дараа Тоорил ханаас тусламж гуйхаар явж байсан газар” хэмээн хариулав. Түүний дараа Ерөнхийлөгч “Налайхын орчимд Тоорил Ханы өвөлжөө байсан. Тэндээс 7, 8-хан км яваад Тонюк хааны хөшөө байдаг. Мөн энэ хавьд “100 мод” хэмээх газар байдаг. Зүүн гарын хаан Галданбошигт Манжийн Энх-Амгалан хаантай тулалдаж байсан газар. Манай монголчууд хоорондоо таарахгүй, эвдрэлцэж байх үедээ гадныханд эзлэгдэж байсан гашуун түүхийг сануулсан газар энүүхэнд байдаг. Бид түүхээ мэддэг байхгүй бол түүхийг өөр хүмүүс зохиож өгдөг. Хүүхдүүд ээ, ямар ч мэргэжилтэй болсон бай эх орныхоо агуу түүхийг мэддэг байх ёстой шүү” хэмээсэн юм. Дараа нь Богд хааны ордон музейн талбайд сурагчдад хичээл заалаа.  

Ерөнхийлөгч “Энэ жил наймдугаар Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа. Анхдугаар Богд мэндэлсний 380 жилийн ой энэ жил тохиож буй. Наймдугаар Богд 1911 онд Монголыг Манжийн дарлалаас чөлөөлөх хувьсгалыг удирдаж, голлох үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэнд тэмдэглэн бичсэн байдаг” хэмээн ярив. Энэ үеэр сурагчдын төлөөлөл “1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Харин олон улсад хэдэн онд хүлээн зөвшөөрөгдсөн юм бол” хэмээн асуулаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаад, төрийн тамгатай, туг, далбаатай болж, бүхий л зүйлээ сэргээсэн байгаа юм. Түүнээс хойш тэмцэж явсаар 1961 онд НҮБ-ын гишүүн болж, тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. 50 жилийн турш тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон даваа, нугачааг давж, туулсан. Жишээ нь, 1939 оны Халхын голын дайн. Одоо 80 жилийн ой нь болж байна. 1945 оны дэлхийн хоёрдугаар дайн ч гэдэг юм уу. Энэ түүхүүдээ та нар сайн мэдэж, ойлгож авах хэрэгтэй шүү” хэмээв. Түүний дараа Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнолын билгэ тэмдэг болсон алтан соёмбот хөшөө, хэл бичгийн их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний хажууд хүүхдүүдтэй үүх түүхийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Тэр дундаа монголчуудын бичиг үсгийн соёлын түүхийг ч сурагчидтай ярилцлаа. Мөн  1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд чухад үүрэг гүйцэтгэсэн Гарамгай баатар Л.Дандарын хүндэтгэлийн хөшөөний дэргэд “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчидтай уулзсан юм.

Ерөнхийлөгч “Л.Дандар баатар 1939 оны Халхын голын дайнд гол үүрэг гүйцэтгэж байсан хүн. Энэ жил Халх голын байлдааны, түүхэн ялалтын 80 жилийн ой. Халхгол сум зүүн аймгийн хамгийн алслагдсан сум. Энэ жил Халхгол сумыг шинэчилж, есдүгээр сарын 3-ны өдөр нээлтийг нь хийх гэж байна” хэмээн ярив. Тэгвэл “Тэмүүжин өрлөг” сургуулийн ахлах сурагч н.Шаравжамц “Орчин үед зарим хүмүүс Халх голын байлдааныг хилийн жижиг мөргөлдөөн байсан гэж үздэг. Таны хувьд юу гэж үздэг вэ” хэмээн асуув. Ерөнхийлөгч “Түүх гуйвахдаа их амархан. Гуйвуулах нь бүгд цаанаа зорилготой байдаг. Энэ бол хилийн тулгаралт биш. 1941 онд дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд 1939 онд Японы квантуны зүүн талаас нь дайрах төлөвлөгөөтэй байсан гэдэг нь түүхэнд баримттай үлдсэн байдаг.  Тухайн үед ЗХУ хоёр фронтоор буюу Герман, Японтай зэрэг байлдсан бол дайнд ялах магадлал багасна. Тиймдээ ч ЗХУ Халхын голын дайнд маш их анхаарал хандуулж, оролцсон. Халх голд болсон агаарын дайны хэмжээний тийм том дайн дахиж болоогүй. Тэгэхээр жижиг тулгаралт байсан гэж хэлэх ямар ч боломжгүй. Түүхээ судалж байж эх оронч болно. Түүхээ судлахгүйгээр эх орны тухай ямар ч ойлголт байхгүй болно шүү. Манайх шиг агуу түүхтэй улс дэлхийд маш цөөн бий” хэмээлээ.

“Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагч н.Халиунаа “Монгол Улс Халх голын дайнд оролцсон нь ямар ач холбогдолтой байсан бэ” хэмээн асуулаа.  Ерөнхийлөгч “Халх голын дайн бол эх орноо хамгаалах дайн байсан. Хайртай бүхнээ харийнхнаас хамгаалах дайн байсан юм шүү. Бид эх орноо хамгаалах чадвартай, бидэнд туслах хөрштэй улс гэдгийг харуулсан дайн” хэмээлээ. Түүний дараа “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчид Төрийн дууллаа дуулж, хичээлийг өндөрлүүлэв. Өчигдөр есдүгээр сарын 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол улсаас Халх голын дайны ялалтын он жил хүртэл түүхийг онцлон сануулж, сурагч бүрт агуу түүхээрээ бахархахыг, түүхээ мэдэж байхыг захилаа.