Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан юм.
Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга, Монгол Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаанд оролцох үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй иргэд Солонгосын жолооны шалгалтыг эх хэлээрээ өгөх үйлчилгээний нээлтийн арга хэмжээнд оролцов.
Солонгосын жолооны онолын шалгалтыг төрөлх хэлээрээ өгснөөр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сайжруулах, шалгалтад тэнцэх боломж нэмэгдэх, үүнийг дагаад иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энэ үеэр онцоллоо.
БНСУ-ын жолоодох эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1,800 асуулт монгол хэлээр орчуулагдсан бөгөөд эх хэлээрээ жолооны шалгалт өгөх үйлчилгээг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс бүрэн нэвтрүүлж байна.
Түүнчлэн харилцан тохиролцсоны дагуу Солонгос Улсын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг мөн солонгос хэлээр Улаанбаатар хотод өгөх боломж бүрдлээ.
