ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үхсэн шувуудаас гоц халдварт өвчин илрээгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-06

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Багануур гэдэг газар нуурын усанд олон тооны усны шувуу болох бор галуу, цахлай, алаг нугас үхсэн тохиолдол өнгөрсөн наймдугаар сарын 30-нд гарсан билээ.

Улмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн тухайн газарт аймгийн Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв болон бусад хамтарсан байгууллагуудын  шалгалт үргэлжилж байна.

Үхсэн шувуу болон хөрс, нуурын уснаас дээж авч  энэ сарын 3-ны өдөр Улсын Мал Эмнэлэг ариун цэврийн төв Лабораторит шинжилгээнд ирүүлсэн аж. Улмаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Одоогоор  урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй учраас эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас өглөө.