ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хэмжээгүй эрхтэй болохоор улайрав

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-19

Аливаа шийдвэр, үйл ажиллагаа шүүхийн хяналтад зайлшгүй байх ёстой. Учир нь тэр шийдвэр, үйл ажиллагааны цаана хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил байхыг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэрийг төрийн байгууллагууд ар араасаа гаргадаг болсон энэ цагт, тангараг өргөсөн шүүгчид л найдахаас өөр сонголт бидэнд байгаа гэж үү. Монгол Улс 2015 онд Захиргааны ерөнхий хуу­лийг боловсруулж, батал­сан байдаг. Ин­гэс­нээр Засгийн газ­рын улс төрийн шийд­вэрээс бусад шийд­вэрийг нь Захиргааны хэргийн шүүх хянах бо­ломжтой болсон. Гэ­тэл  Захиргааны ерөн­хий хуульд өөрч­лөлт оруулах замаар Засгийн газар болон түүний шийдвэрийг бие­лүү­лэх яам, тамгын газар, агентлагууд, Засаг даргыг Захиргааны хэргийн шүүхийн хяналтад харьяалагдахгүй болгохоор улайрч эхэлжээ. Улайрч гэж дүгнэхээс өөр арга алга байгаа юм.  

2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдаж, энгийн иргэдийн эрхээ хамгаалах эрх зүйн орчин баталгаажсан. Гэтэл 2017 оны арванхоёрдугаар сараас эхлээд энэ хуулийг өөрчлөхөөр зүтгэсэн аж. Тухайн үедээ Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байлаа. Гэвч ердөө зургаахан сарын дараа буюу энэ сарын 15-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дахин энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барив. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа шалтгаанаа “Тус хуулийн  тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна.  Тиймээс хуульд үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засч, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилготой” хэмээн тайлбарласан. Тайлбарлах ч гэж дээ, төслийн танилцуулгадаа тэгж бичсэн байна билээ.  Хуульчдын тайлбарлаж байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн хоёр л заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа аж.

Тодруулбал, 3.1.7, 5.1.1 гэсэн хоёр заалт. Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар зүйлд энэ хуулиар зохицуулахгүй харилцааг зааж өгсөн байгаа юм.  Тэгвэл 3.1.7-д “Ёс зүйн шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Энэ заалтыг өөрчилж, “Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын улс төрийн шийдвэрийг энэ хуулиар зохицуулахгүй” гэж өөрчлөх гэж байгаа хэмээн хуульч Д.Сүнжид ярьжээ. Харин 5.1.1 дэх заалтыг өөрчилж, Засгийн газраа Захиргааны байгууллага гэсэн тодорхойлолтоос гаргах гэж байна. Энэ талаар хуульч Д.Сүнжид “5.1.1 дэх заалтыг өөрчилснөөр  Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй болно. Дээрээс нь нэмээд, Засгийн газрын улс төрийн шийдвэр гарах ажиллагаа хамаарахгүй, шийдвэрийг нь хэрэгжүүлсэн бусад доод шатны захиргааны бай­гуул­лагуудын шийдвэр ч энэ хуулиар зохицуулагдахгүй болж таарч байгаа юм” хэмээв. Хэрвээ эдгээр өөрчлөлтүүд орвол Засгийн газар хэмжээгүй эрхтэй болно гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй.

Засгийн газар болон түүний харьяа байгууллага, яам, тамгын газар, цаашлаад ЗДТГ-аас маш олон шийдвэр гаргадаг. Наад зах нь Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилдог, бас чөлөөлдөг. Монголд төрийн албаны залгамж алдагдаж, нам дагасан томилгоо хэрээс хэтэрчихээд байгаа. Нэг сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хуйгаар хоморголон халж, оронд нь өөрсдийнхөө хүнийг томилдог жишиг тогтоод удаж байна. Энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны шүүхэд хандаж, эрхээ хамгаалдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад, Засгийн газрын бүх шийдвэрийн эсрэг гомдол гаргах боломжгүй болбол яах билээ. Хэрвээ хууль өөрчлөгдвөл ажлаас хууль бусаар халсан маргаан гарлаа гэхэд иргэн хүн Засгийн газрын эсрэг ямар хууль барьж, аль байгууллагад хандах вэ гэдэг нь тодорхойгүй болно гэсэн үг. Засгийн газар, түүний харьяа байгууллагууд маш олон төрлийн шийдвэр гаргадаг. Тусгай зөвшөөрөл өгөх, цуцлах гэх мэт.

Гэтэл Засгийн газар шийдвэрээ хэнээр ч хянуулахыг хүсэхгүй байгаагийн цаана том халаа сэлгээ, томилгоо л нуугдаж байна гэж хардахаар байгаа юм. Дэгсдүүлж хэлбэл, 2020 оны сонгуульдаа одооноос бэлтгэж эхэллээ, эрх баригчид. Яам, тамгын газар, агентлаг, цаашлаад аймаг, дүүрэг, сум, хороодын Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг өөрийнхөө намын хүмүүсээр дүүргэж, сонгуулийн дайралтаа хийх ч юм бил үү, хэн мэдлээ.  Бизнес эрхлэгчдийн эсрэг шийдвэр гаргаж, түүгээрээ дарамталж, сонгуулийн мөнгө босгох ч боломж бий. Эдгээр заалтуудыг өөрчилбөл Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан шүүхэд очихгүй учраас.  Тийм зорилгын төлөө улайраагүй бол Засгийн газар хэмжээгүй эрхтэй байх ямар ч шаардлагагүй. Үнэт зүйлээсээ ухрах ч ёсгүй. Юутай ч хуульчдын холбоо саналаа боловсруулж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч илэрхийлжээ. Ерөнхий сайд тэр саналыг хүлээж авч, Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтдөө нухацтай хандах байлгүй. Гишүүд ч гэсэн. Монгол Улс Ардчилсан орон. Ардчилсан оронд Засгийн газар нь хэмжээгүй эрхтэй байх ёсгүй. Улс төрийн шинжтэйгээс бусад бүх шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх л ёстой. Гэтэл эрх ашгаа хамгаалсан, иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрээ хамгаалах гэж ингэтлээ улайрах ч гэж дээ.