ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан хувьсгалын анхдагчдад тэтгэмж олгуулахыг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-02

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжив.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, хүний хөгжлийн дэвшилтэт замыг сонгох түүхэн үйл хэргүүдэд манлайлагчид ихээхэн үүргийг гүйцэтгэж ирсэн. Ардчилсан Монгол Улсын үндэс суурийг тавьж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монголд Ардчилсан хувьсгал хийсэн анхдагчдаа төрийн зүгээс дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байгаа” гэж мэдээлэв. Түүнчлэн “Ардчилсан хувьсгалын анхдагч” гэж 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагчид, үйл ажиллагаанд нь тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан Монгол Улсын иргэнийг хэмээн хуулийн төсөлд тусгасан аж. Мөн МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд Ардчиллын анхдагчийг үнэн зөв тодорхойлон Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ.

Урьдчилсан судалгаагаар Ардчил­сан хувьсгалын анхдагч 1500 гаруй хүн байгаагаас өдгөө 1100 гаруй нь амьд сэрүүн байгаа гэсэн тоо гараад байгаа аж. Эдгээр хүмүүст сар бүр мөнгөн тусламж, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж, хүнд өвчнөөр өвчилж өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлын 50 хувийг төрөөс төлөх, Ардчиллын анхдагчдад төрөөс нэг удаа 50 мкв орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөолгохоор төсөлд тусгасан байна. Гэхдээ эдгээр тусламж, хөнгөлөлт бусад халамжийн хуулиар олгогдож буй тусламж, дэмжлэгтэй давхацвал аль нэгийг нь олгохоор зохицуулсан хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.