ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЗБХ: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-15

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 09 цаг 25 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв. Тэрбээр, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд орсон, ажлын хэсгээс уг хуулийн төсөлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага байна, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан бичгээр тусгайлсан санал ирүүлсэн тул анхны хэлэлцүүлгийг дахин хойшлуулах тухай санал гаргасныг Байнгын хорооны дарга дэмжин хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасав.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг тав хоногоор хойшлуулав

Мөн хоёр дахь асуудал болох Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцүүлэхийн тулд ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул тав хоногийн завсарлага авлаа.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг Байнгын хорооны дарга хүлээн авч, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар  хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан. 

Тэрбээр, манай улсад  хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцуулгын эхэнд дурдав.

Хуулийн төслийг боловсруулахдаа, Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа болон “Хүний эрхийн төлөө олон улсын  байгууллага”-аас  дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашигласан болно.

Хуулийн төсөл нь 4 бүлэг 15  зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн нэр томъёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилсан. 

 

 

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа явуулахдаа хориглох зүйлийг тусгайлан зааж өгсөн болно.

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан.

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. 

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагдсан болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуулийн үзэл баримтлалыг дэмжиж, нэн яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэхийн сацуу хууль санаачлагчаас Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, гадаад орнуудад амьдарч, ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрх зүйн ямар туслалцаа үзүүлдэг эсэх талаар тодруулав. Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тайлбарлахдаа, гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн, харин хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг хангах хүрээнд гадаадад буй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхээр судлан ажиллаж байна гэв.

Ингээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараа Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь дэмжив. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил ажиллах бол ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж ажиллуулахыг Байнгын хорооноос дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.