МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд энэ сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг хуралд Монгол болон АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, БНАКУ-ын эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Мөн “Боловсролын үйлчилгээний чанар, үр дүн”, “Боловсролын чанар, үр дүнгийн хэмжилт, үнэлгээ”, “Боловсролын чанар, үр дүнгийн баталгаажуулалт” сэдэвт гурван салбар хуралдаан МУБИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд боллоо. “Боловсролын чанар, үр дүн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МУБИС-ийн захирал Д.Мандах нар оролцсон юм.
Уг хурлыг нээж МУБИС-ийн захирал Д.Мандах үг хэлсэн үгэндээ “МУБИС нь багш бэлтгэдэг төрийн өмчийн хамгийн том сургууль. Манай сургууль таван сарын эхний долоо хоногт жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал хийдэг. Энэ жилийн хувьд “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн дор зохион байгуулж байна. Монгол Улсын боловсролын системийг бүхэлд нь оношлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үе шаттай олон зөвлөгөөн зохион байгууллаа. Эдгээр зөвлөгөөнүүдээс харахад олон тулгамдсан асуудал гарч ирлээ. Тиймээс бид хийж байгаа ажлынхаа чанарт үнэлгээ, дүгнэлт өгөхөөр болсон. Ямар хэмжээнд, юу хийж, бүтээж, байна вэ гэдгээ дүгнэх хэрэгтэй. Мөн БСШУСЯ-наас энэ оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Тийм учраас бид багш бэлтгэдэг сургуулийнхаа хувьд сургалтын чанар ер нь бүх үйл ажиллагааныхаа чанарыг бүхэлд нь авч үзье. Бүх улс орнууд өөр өөрсдийнхөө онцлогоор багш бэлтгэдэг. Тийм учраас бусад орнуудын туршлагыг сонсоё гэдэг үүднээс энэ жилийн уламжлалт эрдэм шинжилгээний хурлыг “Боловсролын үр дүн, чанар” сэдэвтэй зохион байгуулж байна. Нийтдээ 200 гаруй илтгэлүүд уг хуралд зориулагдаж ирсэн. 105 орчим нь гурван салбар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд илтгэл байдлаар олон түмэнд хүрнэ. Нийт ирүүлсэн илтгэл эмхэтгэл болоод гарч байгаа. Нэлээн өргөн хүрээтэй хурал болж байна. Уг хуралд оюутан судлаач, магистр, докторантууд оролцож байгаа. Эрдэм шинжилгээний хурал гэдэг нэг талаасаа магистрант, докторант, төвшинд суралцаж байгаа суралцагчийн хувьд үнэгүй сургалт болж байгаа юм. Тиймээс уг хурлын ач холбогдол нэлээн өргөн байх болов уу гэж найдаж, хүлээж байгаа” хэмээн ярьсан юм.
Уг хуралд илтгэл тавьсан эрдэмтэн судлаачдын байр суурийг сонирхлоо.
Бернхард Нагел: Танай улсын сургалтын чанар зөв зам руугаа явж байна
/ХБНГУ-ын Бага насны хүүхдийн судалгааны улсын институтийн эрдэмтэн/
-Чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд гэж байдаг. Тухайлбал, багш бэлтгэх, сургалтын агуулга, сэтгэл ханамжийн байдал, ажлын хэрэглэгдэхүүнүүд гэх мэтчилэн. Эдгээр хүчин зүйлийг хооронд нь уялдаа холбоотойгоор авч үзэх шаардлагатай. Аль нь илүү хүүхдэд нөлөөлж байна вэ гэдгийг судалж үзсэн. Бүгд хоорондоо холбоотой байсан. Би энэ талаар илтгэл тавина. Монгол Улсын сургалтын чанар улам сайжирч байгаа. Хоёр жилийн өмнөөс Монголд шинэ цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр багшаа бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд уг хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Олон улсын төвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудлыг их авч үзэж байгаа. Тэгэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш нараас юу шаардах вэ гэхээр хүүхдээ ажиглах чадварыг шаардана. Цэцэрлэгийн багш бэлтгэж байгаа сургуулийн багш нартай уулзсан. Тэр үед багш нарт хүүхдийг ажиглах нь хэрэгтэй юм гэсэн хандлага нэлээн төлөвшиж байгаа юм уу гэж ажиглагдсан. Тэгэхээр танай улсын сургалтын чанар зөв зам руугаа явж байна гэж үзэж болно.
Х.Тамир: Багш бэлтгэх бүх хөтөлбөрийг олон улсад магадлуулах зорилт тавьсан
/МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал/
-МУБИС-ийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн дотоод чанарын үнэлгээ хийх, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх талаар илтгэлдээ онцолж ярилаа. Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн чанарыг олон улсын төвшинд хүргэх зорилгыг гол болгож байна. Уг хүрээнд 2024 он гэхэд МУБИС-ийн багш бэлтгэх бүх хөтөлбөрийг олон улсад магадлуулах зорилт тавьсан. Өнгөрсөн жилээс математик, мэдээлэл зүйн багш бэлтгэдэг хоёр хөтөлбөрийг Германы ASIIN гээд олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлуулах ажлыг хэрэгжүүлээд хоёр дахь шатны үнэлгээ хийгээд дууссан. Одоо шийдвэрээ хүлээж байгаа гэж хэлж болно. Цаашид физик, хими, биологи, газарзүй гээд байгалийн шинжлэх ухааны багш бэлтгэдэг дөрвөн хөтөлбөрийг олон улсад магадлуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр ямар ач холбогдолтой вэ гэхээр манай сургуульд сурч байгаад өөр оронд очиход үргэлжлүүлээд суралцах боломжтой болох юм.
П.Рагни: Багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй
/Италийн Үндэсний судалгааны төвийн химийн хүрээлэнгийн ахлах судлаач /
-Монгол Улсын боловсролын талаар анх удаа илтгэл тавьж, сонсож байна. Тиймээс сургалтын нөхцөл байдал ямар байгааг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ гурван зүйлийг онцолж хэлмээр санагдлаа. Нэгдүгээрт, шинжлэх ухаан технологийн хөгжлийн талаар анхааралтай хандах хэрэгтэй. Яагаад гэхээр бидний ирээдүйн баталгаа учраас болгоомжтой хандах ёстой. Хоёрдугаарт, Монгол Улс Орос, Хятад хоёрын хооронд түгжигдмэл байдалтай орон. Тийм учраас өөр орнуудтай багш нараа солилцох хэрэгтэй. Гуравдугаарт, оюутнууд зөвхөн хичээлд оролцохоос гадна идэвхтэй суралцагч тал руу чиглэсэн, оролцоог нь нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
МУБИС-ийн зүгээс уг хуралд их ач холбогдол өгч байгаа бөгөөд хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа сайжруулах, гадаадын их, дээд сургуультай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Энэхүү хурал нь гадаад болон дотоодод сургалтын чанар, үр дүнгийн талаар хийгдэж байгаа судалгаа, туршлагыг хуваалцаж байгаагаараа онцлогтой аж.