ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тос, усны ялгарал ба Хөгжлийн банкны хамгийн том луйвар хаана нуугдаж байв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-01

Гурав хоногийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нарын гишүүдийн санаачилгаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг болон бусад албан байгууллагуудын Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцэх нээлттэй сонсгол болов.

Өглөө 09.00 цагаас эхлэн үдшийн 21:00 цаг хүртэл хажуу хаалганд байгаа бие засах газар орох ч эрхгүй хашигдсан 100 гаруй хүн тэнд цугласан улстөрчдийн арьсаа хамгаалсан, УИХ-ын томилгоотой хэдэн газрын дарга нарыг загнасан, зандарсан яриаг залхталаа сонссоны эцэст нэр бүхий 20 улстөрчийн нэрийг Б.Баттөмөр гишүүний амнаас унагасан. Ингэснээр бага ч гэсэн үр дүн гарлаа хэмээн бодсоныг нуух юун. Гэтэл УИХ-аас гаргасан ажлын хэсэг нь харин хэвлэл мэдээллээр явж байсан хэний ч итгэхгүй шахуу “золбин” мэдээллийг цуглуулаад ажлын хэсгийн дүгнэлтэд тусгачихсан гэдгээ сонсголын төгсгөлд шахуу хүлээн зөвшөөрдөг юм байна. Ингээд бүтэн өдөржингөө хуралдсан тэрхүү хуралдаан ямар ч үр дүнгүй шахам  болсныг нуух юун.

АТГ, Улсын Ерөнхий прокурор тэргүүтэй хуулийнхан нь тэрхүү 20 нэрний араас нэг ч хүнийг дуудаж мэдүүлэг аваагүй гэдгээ ярив. Эцэстээ тэрхүү сонсгол ерөөсөө л татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчийн хэдэн компаний өрийг төлөх асуудал руу халиад давхилаа. АН-ын үед олгосон Хөтөл, Кью Эс Си тэргүүтэй хэдхэн компанийг жигшин зэвүүцэх, өрсөлдөгчөө намнах улс төрийн шоу болов. Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэдэн гишүүд хамгийн том хулгайч хэмээн хэдэн хүнийг нэр цоллон  шоудаж, өөрийнхөө тойргоос залж ирүүлсэн иргэнээр “Б.Энхбаяр бол күүл шүү, чи шударга шүү” гэсэн уянгын халилтай үг хэлүүлээд дуусав. Үндсэндээ энэ сонсгол Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын хэдэн гишүүн, Б.Энхбаяр гишүүний попордог тайз болоод дууссан гэхэд болно доо. Харин сонсголын хамгийн төгсгөлд тавхан минут гуйж авсан хэдэн сэтгүүлчид хэлэлцүүлгээс ямар үр дүн гарах юм, яагаад төрийн өмчийн компаниудын өрийг төр төлж байгаа юм, валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн өр төлж буй компаниудынхаа өрийг хэрхэх юм, энэ олон компаниуд дунд зээлийн сайн түүх байгаа эсэхийг тодруулсны үр дүнд хэлэх үгтэй, бичих сэдэвтэй үлдсэн гэхэд болно.

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хөтлөлцөх, төрийн бодлогод тусгасан ажлыг хийх хөгжлийн зээлд олгоно оо гэсэн шалгууртай зээлийг яахаараа өөрийнхөө охин компанид хамгийн бага хүүгээр олгочхоод, төрийн хийж чадаагүй, төр хийхийг ч хүсэхгүй байгаа ажлыг гардаж хийсэн компаниуд нь тэнгэрт тулсан хүүтэй, ам.долларын зээл тулган шаардлагаар авч алдагдал хүлээж буйд хэн ч хариулт өгсөнгүй ээ.

Харин төрийн өмчийн хэдэн компаний өрөө төр нь хариуцаж аваад, татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр болов. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийтдээ 1 их наядын зээлтэй байгаа ТОСК-ийн хэрэгжүүлсэн Буянт-Ухаа-1, 2 төсөл, ТОСК-ийн “Шинэ яармаг” орон сууцны хороолол, баригдах байтугай сууриа ч тавиагүй Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, “Эрдэнэс Монгол” ХХК, ДЦС-4 ТӨХК, “Ди Би Эм Лизинг” ХХК гэсэн нийт 13 компаний асуудалд төр анхаарлаа хандуулах ёстой буюу зээлээ төлөөгүйг нь төлж барагдуулах, төр хариуцах ёстой болж байх шиг. Хамгийн хөгийн нь ам.долларын зээлийг гуравхан хувийн хүүтэй авсан Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн зээл яахаараа төр анхаарах ёстой зээлийн жагсаалтад орчихсон явна вэ. Төрийн нэр барьж хулгай хийсэн хамгийн том хулгайч нарын зээлсэн мөнгө л эдгээр төрийн өмчит компаниудын зээлсэн мөнгө дунд хавчуулагдсан нь хэнд ч тодорхой болов.

Гэтэл эсрэгээрээ төрийн хийж чадаагүй эмнэлэг, цементийн үйлдвэрийг нь барьчихсан Ачлал, Вестерн холд, Монцемент, МАК зэрэг аж ахуйн нэгжүүд чөмгөө дундартал ажлаа явуулж, цар тахалтай цаг үед ч ажилчдаа цалинжуулж, ханшийн зөрүүнд алдагдал хүлээсэн ч өрөө төлсөөр байхад л хэлэлцүүлэг, сонсгол бүхэн дээр дуудаж авчран яллаж, хэвлэлээр зохион байгуулалттай балбаж буйн цаад шалтгаан тун сонин шүү.

Гэхдээ сонсголын үр дүнд юутай ч Хөгжлийн банкны зээлийн ус тос хоёр маш сайн ялгарч хэн нь бор зүрхээрээ зээл аваад, хугацаандаа төлөөд явж байгаа юм, хэн нь хулгайгаа төрөөр төлүүлэх гэж улайрч буйг ялгаж салгахтайгаа болов. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргасан ажлын хэсгийн шалгалтаар үр дүнтэй болон үр дүнгүй зээлийн жагсаалт гарчээ. Тэдгээрийн үр дүнтэй буюу хуулийн хүрээнд ажлаа явуулж, зээлээ төлж буй компаниудыг танилцуулвал,

-МАК ЦЕМЕНТ ХХК

-МОННИС МАЙНИНГ ХХК

-ИЗИНИС ЭЙР-ВЭЙЗ

-ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР

-ГОВЬ ХК

-ДОРНЫН ЦАС ХХК

-ВЕСТЕРН ХОЛД ХХК

-ДАРХАН МИНЖ ХХК

-МОНПОЛИМЕТ зэрэг нийтдээ 17 хэвийн зээлдэгч бүртгэгджээ.

Мөн авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 аж ахуйн нэгжийн нэрс ч ил боллоо. Ингэснээр ус, тос хоёр шүүгдэж, төрийн нэрээр хулгайлсан нь төрөөр мөнгөө төлүүлэх санаархлаа ил гаргаж, бор зүрхээрээ авсан нь ханшийн зөрүүнээс алдагдал хүлээснээс үл хамааран зээлээ төлөхөөс өөр сонголтгүй болж байх шиг.

Тиймээс цааш цаашдаа Хөгжлийн банкаар улс төр хийх бол “Кью Эс Си”-гээрээ дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл тэргүүтнийг луйвардсан Б.Эрдэнэбилэг тэргүүтэй луйварчид, Төрийн өмчит компаниудаар дамжуулан төрөөс хулгайлчхаад, түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх улайрлаа Хөгжлийн банкны удирдлагуудаар ил тод зарлуулсан луйварчидтай тууштай тэмцэх шаардлага үүсэж байна.

Харин авсан зээлээ зориулалтаар нь зарцуулж, ажлаа хийгээд, зээлээ төлөөд явж байгаа хэсэг бүлгээ улстөрчдийн шоунаас холдуулж, хэвлэл мэдээлэл ч хувийн хэвшлээ хайрлаж, хамгаалж хандахгүй бол хэдэн улстөрчдийн нохойд барьдаг мод нь болж хэмлүүлсээр нэр хүндээ барж дуусах нь ээ, тэд. Цемент зуурдаг нь цементээ зуураад, эмнэлэг нь эмнэлгийн үйлчилгээгээ явуулаад, арьс шир үйлдвэрлэдэг нь арьсаа үйлдвэрлэг. Авсан зээлээ ч асуудалгүй төлж буйгаа нотолчихлоо. Эндээс өөр юу хэрэгтэй юм. Харин бид орон сууц барьсан гэж мөнгө идэж, иргэдийг өмчгүй болгосон, баригдаагүй төслийн төлөө мөнгө аваад алга болсон, төрийн өмчит компаниудыг хоёр өрөө байрны мөнгөөр луйвардсан хамгийн том хулгайч нарыгаа сонсголын ач буянаар мэдэж авсан учраас тэдэнтэй тууштай тэмцэх хэрэгтэй болов.