ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг сайд Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

O.Admin
2023-01-31

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн анхны томилолтоо Хэнтий аймгаас эхэлж тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцсон “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл” уулзалтад оролцлоо.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн саналыг сонсч, тулгамдсан асуудлынх нь талаар ярилцсан юм.

С.Чинзориг сайд 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох; иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх; эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгож зарим шаардлагатай тохируулгыг хийх; эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх; эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг түлхүү барьж ажиллахаар төлөвлөснөө хийж эхлээд буйгаа танилцуулсан. 

Эрүүл мэндийн салбарын суурь хуулиудад 2011 оноос хойш шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөлт хийгдээгүй хэрнээ нэмэлт өөрчлөлтөөр 60 хувьд нь өөрчлөлт орсон нь хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуультай болоход анхаарч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өвчилсөн хойно нь эмчилж эдгээх гэхээсээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход энэ хуулийн ач холбогдол их гэдгийг сайд яриандаа онцолсон.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байгаа. Юуны өмнө гүйцэтгэлийн санхүүжилтийн арга тохирч байна уу гэдгийг харах хэрэгтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгийг төрөлжсөн клиник эмнэлгүүдтэй адил лавлагаа шатлалынх болгох нь гарааны тэгш бус нөхцөлийг бий болгож гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг адил түвшинд хүртэх боломжийг бууруулж буй. Нэг үгээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо хуучин хэрнээ санхүүжилтийг өөрчилсөн нь зарим талаар доголдол үүсэхэд хүргэж байна. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж чаддаг тусламж үйлчилгээг клиникийн төрөлжсөн эмнэлгүүд үзүүлэх нь зөв үү гэдгээс эхлээд лавлагаа шатлалын эмнэлгийн санхүүжилтийн нэр төрлийг эргэж харж, зарим нэг тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцох шаардлага ч гарч байгаа талаар ярьсан.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хөдөөгийн сумдад ялангуяа 2500-гаас цөөн хүн амтай газарт хүндрэлтэй тусч, санхүүжилтийн шаардлага шалгуурыг хангахгүй байна. Энэ бүгдийг эргэж харж зарим нэг шаардлагатай тохируулгыг хийх үүднээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сарын сум, өрхийн ЭМТ-үүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг шалгуур тооцолгүй олгох шийдвэрийг ЭМДҮЗ гаргасан. Мөн ЭМТ-үүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг орон нутгийн Засаг даргатай, санхүүжилт авах гэрээг ЭМДЕГ-тай хийдэг нь хэр оновчтой вэ гэдгийг ч харах ёстой юм.

Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвийг 100 хувь авахын тулд үзүүлэх үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, сэтгэлгээний хандлагаа өөрчлөх ёстой гэдгийг сайд онцолсон.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын стандартыг шинэчлэх ажлын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүхий л шатанд мөрдөх үйлчилгээний стандарттай болох нь чухал.

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах талаар олон жил ярьж байгаагаа бодитоор хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарч ажиллах бөгөөд өнөөгийн байдлаар шат шатны эмнэлэг хоорондоо мэдээллээ бүрэн солилцох программ хангамж бүрэн дуусаагүй, тоног төхөөрөмж дутагдалтай, боловсон хүчний чадавхи хангалттай биш зэрэг бэрхшээлүүд байгаа ч цаасыг халж цахимд шилжих бодлогоос ухрахгүй гэдгийг ч хэлсэн.

Сайдын мэдээллийн дараа уулзалтад оролцогчид салбарын үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлууддаар саналаа хэлсэн бөгөөд саналуудын дийлэнх нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмиийн хамгаалалтай холбоотой байв. Үг хэлсэн хүмүүс ажлын ачаалал, нэмэлт урамшуулал зэргээр гар дээр авч байгаа мөнгөний хэмжээ өсч болох ч гол нь үндсэн цалингаа нэмүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн нормын хувцасны хангалт, тэтгэвэр боддог хувь хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлтөд эрүүл мэндийн салбарынхныг түлхүү хамруулахад анхаарахыг ч хэлж байлаа.

Уулзалтад оролцогчдын хэлсэн саналуудыг тоймловол:

-Алсын дуудлагад явахад туулах чадвар сайтай унаагүй бол хуучин “Фургон” голдуу машин эвдэрч, цас, шаварт суух зэргээр эрсдэл ихтэй. Тиймээс унааны асуудал ялангуяа алсын дуудлагад явдаг түргэний машиныг шинэчлэхдээ хүнд өвчтөн тээвэрлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны тохь тух талаас нь ч харах хэрэгтэй байна.

-Төрийн хэмнэлтийн хуулиар төсөв танагдсан нь Зоонозын төв халдварт өвчний голомтоо хянаж ажиллах боломжийг хумиж байна. Томилолтын мөнгө, шатахууны зардлаа олгож чадахгүйд хүрч буйг анхаарч өгнө үү.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд сүрьеэгийн тусламж үйлчгээний талаар тусгах шаардлагатай.

-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораторийн тоног төхөөрөмжид ашиглаж буй оношлууруудын үнэ ам.долларын ханштай холбоотой өссөн ч төсөв нэмэгдээгүй нь хүндрэл учруулж байна.

-Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдол нүүрлэж, ялангуяа сувилагчааар ажилллах хүн олдохоо больсон.

-Хөдөөгийн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь сумын ЭМТ-ийн санхүүжилтэд нөлөөлж байна.

-Эмнэлгийн үйлчлэгч, жолооч зэрэг туслах ажилтнуудыг гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох журамд хамруулж өгнө үү.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахад юуны түрүүнд сумдын интернэтийн хурд, компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өрх, сумдын эмнэлгийн интеграцийг хийж дуусахад серверийн хүчин чадлыг сайжруулахгүй бол гацах доголдох зэргээр асуудал үүснэ.

-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахдаа эмч, ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хуульд тусгаж өгнө үү.

-Эмийн салбарт онцгой бодлого хэрэгжүүлж чанар, үнийн өсөлтөд хяналт тавих шаардлага байна.

-Эрүүл мэндийн даатгалын суурь тарифыг инфляцитай уялдуулж нэмэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ өсөхгүй байна хэмээсэн юм.